Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Өнгөрсөн хоногт: Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгийн нутгаар цас орж, цасан шуурга шуурсан. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Баруун аймгуудын нутгаар үүлэрхэг, бусад нутгаар багавтар үүлтэй. Баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр ялимгүй цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи зүүн аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, говийн бүс нутгийн зарим газраар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Хөвсгөлийн уулсаар 16-21 градус, Хангай, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир, Идэр, Тэс, Эг-Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий болон Дорнод-Дарьгангын тал нутгаар 12-17, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгийн баруун хэсгээр 1-6 градус, бусад нутгаар 7-12 градус хүйтэн байна.

Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр. 15-17 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 21-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар цас, 19-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулс, Орхон-Сэлэнгийн бэлчрээр, 22-нд нутгийн хойд хэсгээр  ялимгүй цас орно. Салхи 19, 20-нд Алтайн салбар уулсаар, 21-нд баруун аймгуудын ихэнх нутгаар, 22-нд зарим нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. 19-нд баруун аймгуудын нутгаар, 20-21-нд ихэнх нутгаар хүйтний эрч суларч, Дархадын хотгор, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 24-29 градус, өдөртөө 12-17 градус, Алтай, Хангайн уулархаг нутаг, Эг-үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх  голын хөндийгөөр шөнөдөө 20-25 градус, өдөртөө 9-14 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 8-13 градус, өдөртөө 0-5 градус, бусад нутгаар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 4-9 градус хүйтэн байна. 22-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр  хүйтэрнэ.

2.Гал түймэр:

Хувийн өмчид гарсан:Нийслэлийн Баянгол дүүргийн 21 дүгээр хороо, Горькийн 28 дугаар гудамжинд иргэн Д-ын 6х7 метрийн хэмжээтэй байшин шатаж байна гэсэн дуудлагыг 11.17-ны өдрийн 13:05 цагт хүлээн авсан. Чингэлтэй  дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 7.5 км замыг туулан 13:20 цагт очиж 50 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо, Хонхорын 4-129 А тоотод иргэн А-ийн 6х4 метрийн хэмжээтэй байшин шатаж байна гэсэн дуудлагыг 11.17-ны өдрийн 13:43 цагт хүлээн авсан. Тус  дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 6 км замыг туулан 13:58 цагт очиж  45 минут ажиллаж унтраасан.

Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Баруун сайхан багийн 8 дугаар гудамжны 9 тоотод Иргэн Ц-ийн 6х4 метрийн хэмжээтэй өвлийн блокон гарааш шатаж байна гэсэн дуудлагыг 11.17-ны өдрийн 17:59 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 21 дүгээр ангийн 7 алба хаагч, 2 автомашинтайгаар 5 км замыг туулан 18:03 цагт очиж, 1:14 цаг ажиллаж унтраасан.

Увс аймгийн Улаангом сумын 4 дүгээр багийн Сургуулийн хороо 13 дугаар гудамжинд Иргэн Г-ын 8×6 метрийн хэмжээтэй амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 10.17-ны өдрийн 18:58 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 41 дүгээр ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 19:02 цагт очиж 27 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо, Дэнжийн 2 дугаар гудамжинд Иргэн Ө-ийн 7х14 метрийн хэмжээтэй байшин шатаж байна гэсэн дуудлагыг 23:59 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 3.5 км замыг туулан 00:04 цагт очиж 20 минут ажиллаж унтраасан.

Өмнөговь аймгийн Ханбогд сумын Баян 4 дүгээр багийн “Ширээ” гэдэг газар /сумын төвөөс зүүн хойд зүгт 35 км-т/ Малчин Б-ийн эзэмшлийн “Тоёота ландкруйзер-80” загварын суудлын автомашин, 7х6 хэмжээтэй өвлийн тоосгон байшин шатаж байна гэсэн дуудлагыг 11.17-ны өдрийн 22:23 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 66 дугаар ангийн 5 алба хаагч, 1 автомашинтай 35 км зам туулан 00:07 цагт очиж 43 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 17 дүгээр хороо, эмнэлгийн 22 дугаар гудамжинд Иргэн Б-ын дугаар тодорхойгүй ниссан теана, ветз загварын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 00:52 цагтхүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 2.5 км замыг туулан 00:55 цагт очиж 10 минут ажиллаж унтраасан.

3.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Эрэн хайх ажиллагаа /сураггүй болсон/: Дундговь аймгийн Сайнцагаан сумын Далай багийн “Улаан толгой” гэдэг газарт /сумын төвөөс зүүн зүгт 18 км-т/ тус аймгийн Сайнцагаан сумын Улаантолгой гэдэг газраас Сайнцагаан сумын чиглэлд тус сумын харьяат иргэн Ө /57 настай, эрэгтэй/ 11.16-ны өдрийн 18:00 цагийн орчим “Хьюндай Соната 5” загварын суудлын автомашинтай гараад сураггүй болсон тухай дуудлагыг 11.16-ны өдрийн 21:30 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын 3 алба хаагч, тус сумын ЗДТГ-ын 2 ажилтан, 1 автомашин, орон нутгийн 10 иргэн, 1 автомашинтай нийт 15 хүн, 3 автомашинтай 11.17-ны өдрийн 11:30 цагт эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлж“Улаан толгой” гэдэг газраас хойш 10 км-т, зүүн, урд, баруун тийш 20 км-ийн радиусд эрлийн үйл ажиллагаа 9 цагийн хугацаатай явуулж эрлээ олоогүй тул 20.20 цагт эрлийн үйл ажиллагааг түр зогсоосон.

Хэнтий аймгийн Хэрлэн сумын Тахилгат, Эхэн бүрд, Хэнтий багийн “Зүүн мөндөл”, “Норовын-Энгэр”, “Залаа” гэдэг газарт иргэн Ц /65 настай, эмэгтэй/, Д /26 настай, эрэгтэй/, Ж /50 настай, эмэгтэй/ нар 11.16-ны өдрийн 17:00 цагийн орчим малдаа явган гараад сураггүй болсон тухай мэдээллийг 11.16-ны өдрийн 23:27 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн 13 алба хаагч, 3 автомашин, сумдын ЗДТГ-ын 18 ажилтан, 5 автомашин, нийт 31 хүн, 8 автомашинтай эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, 11.17-ны өдрийн 05:15 цагт иргэн Ц-г гэрээс урд зүгт 1 км-т, мөн өдрийн 06:30 цагт Хэнтий багаас зүүн тийш 15 км-т “Хар чулууны-Үзүүр” гэдэг газраас иргэн Б, Ж, И, Н нарыг, 11:00 цагт иргэн Д-ыг сумын төвөөс  баруун хойд зүгт 30 км-т “Харгана-Уулын баруун хойд талаас эсэн мэнд олж, ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн.

Дундговь аймгийн Адаацаг сумын 4 дүгээр багийн “Зуут” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 70 км-т/ Малчин П-оос 11.16-ны өдрийн 18:00-19:00 цагийн орчим иргэн Б/37 настай, эрэгтэй/, Э /57 настай, эмэгтэй/ мотоциклтой Дундговь аймгийн төв орохоор гарсан. 11.17-ны өдрийн 07:55 цагт Б ээж Э-тэй холбогдож мотоцикл эвдрээд Сайнцагаан сумын Наран бригад 1 дүгээр баг /аймгийн төвөөс баруун хойд зүгт 15 км/-т алхаж байна гэсэн мэдээллийг 07:56 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газраас 5 алба хаагч, 1 автомашинтай, ар гэрээс нь 2 иргэн, 1 автомашинтай,  нийт 7 хүн, 2 автомашинтай 11.17-ны өдрийн 10:10 цагаас эрлийн ажиллагааг зохион байгуулж “Наран” бригадаас хойд зүгт 2 км-т “Хүн овоот” гэдэг газраас алга болсон 2 иргэний мотоциклыг 12:28 цагт олсон. “Наран” бригадаас урд зүгт 4 км-т “Зүлэгт бууц” гэдэг газраас алга болсон 2 иргэнийг хөлдөж нас барсаныг 13:45 цагт олж, цогцсыг аймгийн цагдаагийн газарт хүлээлгэн өгсөн.

Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын Чандмань хайрхан багийн /аймгийн төвөөс баруун хойд зүгт 200 км, сумын төвөөс зүүн урд зүгт 40 км/-т “Харганы хүүш” гэдэг газар Иргэн Б /47 настай, эрэгтэй/ 11.16-ны өдрийн 14:00 цагийн орчим малдаа яваад эргэж ирээгүй тухай дуудлагыг 11.17-ны өдрийн 20:20 цагт хүлээн авсан. Тус сумын Чандмань хайрхан багийн Засаг даргаар ахлуулсан 16 хүн, 2 автомашинтайгаар 11.17-ны өдрийн 13:00-18:00 цагийн хооронд эрэн хайх ажиллагааг явуулсан боловч үр дүнд хүрээгүй тул эрлийг түр зогсоосон.

Төв аймгийн Жаргалант сумын Буурал 1-р багийн нутаг “Өлийн даваа” гэдэг газар /сумын төвөөс баруун урагшаа 10 км-т/ 11.16-ны өдрийн 11:00 цагийн орчим иргэн Б /40 настай, эрэгтэй/ сураггүй алга болсон тухай дуудлагыг 11.17-ны өдрийн 23:59 цагт хүлээн авсан. Жаргалант сумын засаг даргаар ахлуулсан Цагдаагийн хэсгийн 4 алба хаагч, орон нутгийн 15 иргэн, нийт 19 хүн, 4 автомашинтай 00:35 цагт эрлийн ажиллагааг эхлүүлсэн.

Бусад: Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, Москва хороолол 143-р байрны 1-р орцонд цахилгаан шат унасан байна гэсэн дуудлагыг 11.17-ны өдрийн 10:42 цагт хүлээн авсан. Нийслэлийн Аврах ангийн 5 алба хаагч, 1 автомашинтай 6.5 км замыг туулан 10:50 цагт очиж 26 минут ажиллан 12 давхар байрны 3-аас 4 дүгээр давхрын дунд гацсан цахилгаан шатнаас тус байрны 9 дүгээр давхрын 63 тоотод оршин суугч, иргэн Н /12 настай, эмэгтэй/-ыг аварч гарган тус дүүргийн Цагдаагийн 3 дугаар хэлтэст хүлээлгэж өгсөн.

Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын Ланз багийн “Дунд урт” гэдэг газарт /аймгийн төвөөс зүүн зүгт 15 км-т/ Иргэн Н /54 настай, эрэгтэй/ гэр бүлийн 4 гишүүний хамт /Б 59 настай, эрэгтэй, А 57 настай, эмэгтэй, Б 52 настай, эрэгтэй, Н 51 настай, эмэгтэй/ Дунд урт гэх газраас аймгийн төв орох замдаа “Приус-20” загварын автомашинтай цасанд суусан дуудлагыг 11.17-ны өдрийн 12:50 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн 4 алба хаагч, 1 автомашинтай 13:30 цагт очиж 25 минут ажиллаж автомашин цасанд суусныг татан гаргасан.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top