Монгол Улсын гамшгаас хамгаалах төлөвлөгөө батлагдлаа

Гамшгаас урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах, аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох арга хэмжээний төлөвлөгөө Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн хуралдаанаар  батлагдлаа.

Монгол Улсын гамшгаас хамгаалах төлөвлөгөөний зорилго нь гамшгаас хамгаалах хууль тогтоомжийн хүрээнд гамшгаас урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах, аврах, хор уршгийг арилгах, сэргээн босгох, хүмүүнлэгийн тусламжийн үйл ажиллагааг улсын хэмжээнд нэгтгэн зохион байгуулах, удирдлага зохицуулалтаар хангахад орших юм.

Монгол Улсын гамшгаас хамгаалах төлөвлөгөөг дараах үндсэн зорилтын хүрээнд хэрэгжүүлнэ.

1.Гамшгаас хамгаалах үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд төрийн болон захиргааны байгууллага, гамшгаас хамгаалах улсын албад, олон улсын байгууллагын гүйцэтгэх үүрэг, харилцан ажиллагааг тодорхой болгох, нэгдсэн удирдлагаар хангах;

2.Гамшгаас хамгаалах бэлэн байдлийн зэрэгт шилжсэн үеийн үйл ажиллагааг дэс дараатай хэрэгжүүлэх;

3.Хүн ам, эд хөрөнгө, мал амьтан, хүрээлэн байгаа орчин, нийгэм эдийн засагт учруулах гамшгийн эрсдэлийг хүлцэх хэмжээнд хүртэл бууруулах;

4. Үндэсний түвшинд гамшгаас хамгаалах хүч хэрэгслийн чадавхийг бэхжүүлэх, бэлэн байдлыг хангах;

5 Гамшгийн нөөцийг бүрдүүлэх, хадгалах, сэлгэх, зарцуулах;

6. Эрэн хайх, аврах үйл ажиллагааг шуурхай хэрэгжүүлэх;

7. Гамшгийн аюулын тархалтыг бууруулах, таслан зогсоох, хяналтыг тогтоох, хохирлыг үнэлэх;

8. Сэргээн босгох үйл ажиллагааг хэрэгжүүлэх;

9. Хүмүүнлэгийн болон гадаад, дотоодын хандив тусламж, санхүүгийн зохицуулалтаар хангах

Төлөвлөгөөг үндсэн 7 бүлэг, 1 нууц хавсралттай байхаар Онцгой байдлын ерөнхий газраас боловсруулсан.

Үндсэн бүлэг нь  “Нийтлэг үндэслэл”, “Гамшгаас урьдчилан сэргийлэх, бэлэн байдлын хангах үйл ажиллагаа”, “Хангалт зохион байгуулалт”, “Нүүлгэн шилжүүлэлт, “Хүмүүнлэгийн тусламж, дэмжлэг” “Хор уршгийг арилгах, сэргээн босгох арга хэмжээ”, “Гамшгийн үед хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө” гэсэн хэсгүүдээс бүрдэнэ.

Энэхүү төлөвлөгөө нь Монгол Улсын хэмжээнд гамшиг, байгалийн аюулт үзэгдэл тохиолдсон үед Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Засгийн газрыг гамшгийн үед хийж гүйцэтгэх ажлын үүрэг, чиглэлээр нь хангах, зохицуулалт хийх стратегийн түвшний удирдлагын баримт бичиг болох юм.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top