Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.

   Өнөөдөр: Нутгийн баруун хагаст үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Хангай, Хөвсгөлийн уулсаар ялимгүй цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи зүүн аймгуудын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос 6-11 м/с. Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг болон  Завхан голын эх,  Идэр, Тэс, Эг-Үүр, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө,Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх  голын хөндийгөөр 12-17 градус хүйтэн,  Монгол Алтайн уулархаг нутаг болон Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, говийн бүс нутгийн  хойд хэсгээр  2-7 градус, бусад нутгаар 6-11 градус  хүйтэн байна.  

Улаанбаатар хотод: Үүлэрхэг. Цас орохгүй. Салхи баруун хойноос 5-10 м/с, 9-11 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 21-нд баруун аймгуудын нутаг болон Хангай, Хөвсгөлийн уулсаар, 22-нд баруун аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 23-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи 20-нд Алтайн салбар уулсаар, 21-нд баруун аймгуудын нутгаар, 22-нд ихэнх нутгаар, 23-нд говь талын нутгаар түр зуур 18-20 м/с хүрч ширүүснэ. 20, 21-нд ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч суларч Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг-үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх  голын хөндийгөөр шөнөдөө 22-27 градус, өдөртөө 12-17 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 6-11 градус хүйтэн, өдөртөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 4-9 градус хүйтэн байна. 22,23-нд бүх нутгаар хүйтний эрч чангарна.

2.Гал түймэр:

Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Туулын 6 дугаар гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 11.18-ны өдрийн 08:57 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 35 дугаар ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 11.5 км замыг туулан 09:11 цагт очиж, иргэн Ц-ийн 5 ханатай гэр шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, “Нисэхийн тойрог”-ийн баруун талд шинээр баригдаж байгаа барилгад гал гарч байна гэсэн дуудлагыг 11.18-ны өдрийн 09:30 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 30 дугаар ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 3 км замыг туулан 09:34 цагт очиж, “Сөүл гарден” ХХК-ийн шинээр барьж байгаа барилгын 16 дугаар давхарт хамгаалалтын модон хавтангууд шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, Сэлбийн 46 дугаар гудамжинд байшин байна гэсэн дуудлагыг 11.18-ны өдрийн 10:24 цагт хүлээн авсан. Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 3 км замыг туулан 10:30 цагт очиж, иргэн М-ийн 11х9 метрийн хэмжээтэй байшингийн 3х2 метрийн хэмжээтэй үүдний амбаарын дээврийн хэсэг шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Дунд Дарь-Эхийн 16 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 11.18-ны өдрийн 15:50 цагт хүлээн авсан. Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 6 км замыг туулан 16:00 цагт очиж, иргэн Ү-ын 10х9 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.   

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Баяндөхөмийн гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 11.18-ны өдрийн 17:52 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 35 дугаар ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 6 км замыг туулан 18:05 цагт очиж, иргэн Г-ын 10х8 метрийн хэмжээтэй байшингийн дотор талын хана, шалны хэсэг шатаж байсныг 1 цагт 30 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, “Бэлхийн-Ам” гэдэг газрын задгайд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 11.18-ны өдрийн 18:21 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай тасаг 13.5 км замыг туулан 18:47 цагт очиж, иргэн А-ийн 15х10 метрийн хэмжээтэй 2 давхар байшин бүрэн шатаж байсныг 3 цаг 30 цаг ажиллаж унтраасан. Нэмэлтээр Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 19:25 цагт очиж 1 цаг 10 минут ажилласан.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, Жамсран уулын-Өвөрийн 3 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 11.19-ний өдрийн 00:46 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 7.5 км замыг туулан 01:05 цагт очиж, иргэн О-ийн 7х5 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг 30 минут ажиллаж унтраасан.

Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 2 дугаар багийн “Холбоо” хорооллын 44 дүгээр байрны зоорийн давхар “Гэр ахуйн цахилгаан хэрэгслийн засварын газар”-т гал гарч байна гэсэн дуудлагыг 11.18-ны өдрийн 21:32 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Бор-Өндөр сум дахь Гал түймэр унтраах, аврах 49 дүгээр ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 1 км замыг туулан 21:36 цагт очиж, иргэн Э-ын үйл ажиллагаа явуулдаг “Гэр ахуйн цахилгаан хэрэгслийн засварын газар”-ын өрөөнд эд хогшил шатаж байсныг 8 минут ажиллаж унтраасан.

Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Есөнбулаг баг дахь “Мах март” ХХК-ийн мал төхөөрөх үйлдвэрт утаа гарч  байна гэсэн дуудлагыг 11.18-ны өдрийн 23:40 цагт  хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 16 дугаар ангийн 6 алба хаагч, 2 автомашинтай 2.5 км замыг туулан 23:44 цагт очиж, тус үйлдвэрийн байрны цахилгаан хуваарилах самбар шатаж байсныг 11 минут ажиллаж унтраасан.

3.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Эрэн хайх ажиллагаа /сураггүй болсон/: Дундговь аймгийн Сайнцагаан сумын Далай багийн “Улаан толгой” гэдэг газарт /сумын төвөөс зүүн зүгт 18 км-т/ Сайнцагаан сумын Улаантолгой гэдэг газраас Сайнцагаан сумын чиглэлд “Соната 5” загварын суудлын автомашинтай зорчиж явсан тус сумын харьяат иргэн Ө /57 настай, эрэгтэй/ 11.16-ны өдрийн 18:00 цагийн орчим сураггүй алга болсон тухай дуудлагыг 11.16-ны өдрийн 21:30 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын 3 алба хаагч, тус сумын Засаг даргын Тамгын газрын 2 ажилтан, 1 автомашин, орон нутгийн 10 иргэн, 1 автомашинтай нийт 15 хүн, 3 автомашинтай 11.18-ны өдрийн 09:00 цагаас эрэн хайх ажиллагааг дахин зохион байгуулах явцад иргэн Ө-ыг мөн өдрийн 10:10 цагт гэртээ эсэн мэнд өөрөө ирсэн гэж хүргэн ах А аймгийн Онцгой байдлын газарт 11:33 цагт мэдэгдсэн тул эрэн хайх ажиллагааг зогсоосон. 

Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын Чандмань хайрхан баг /аймгийн төвөөс баруун хойд зүгт 200 км, сумын төвөөс зүүн урд зүгт 40 км/-т “Харганы хүүш” гэдэг газарт тус сумын харьяат малчин Б /47 настай, эрэгтэй/ 11.16-ны өдрийн 14:00 цагийн орчим малаа хариулж яваад сураггүй алга болсон тухай дуудлагыг 11.17-ны өдрийн 20:20 цагт хүлээн авсан. Тус сумын Засаг даргын Тамгын газраас 16 хүн, 2 автомашинтайгаар 11.18-ны өдрийн 10:00 цагаас эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлж, мөн өдрийн 12:40 цагт гэрээс нь хойд зүгт 10 км-т “Харган хүйс” гэдэг газраас иргэн Б-ын цогцсыг олж, цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн.

Төв аймгийн Жаргалант сумын Буурал багийн “Өлийн даваа” гэдэг газар /сумын төвөөс баруун урд зүгт 10 км-т, аймгийн төвөөс баруун хойд зүгт 181 км-т/ тус аймгийн Жаргалант сумаас Цээл сум руу 11.16-ны өдрийн 11:00 цагт “Галлопер” загварын суудлын автомашинаар иргэн У, Б нарын зорчиж яваад автомашин нь Жаргалант сумын Буурал багийн “Өлийн даваа” гэдэг газар эвдэрч зогссон. Мөн өдрийн 13:00 цагийн орчимд тус автомашины жолооч У нь иргэн Б-г /40 настай, эрэгтэй/ автомашиндаа үлдээж, өөрөө Цээл сум руу тусламж дуудахаар яваад 11.17-ны өдрийн 17:00 цагийн орчим буцаж ирэхэд иргэн Б сураггүй алга болсон байсан тухай дуудлагыг 11.17-ны өдрийн 23:59 цагт хүлээн авсан. Тус аймгийн Цагдаагийн газрын Жаргалант сум дахь Цагдаагийн хэсгийн 3 алба хаагч, 1 автомашин, орон нутгийн 6 иргэн, ар гэрийн 10 хүн, 3 автомашин, Цээл сумын Засаг даргын Тамгын газрын 9 албан хаагч, 3 автомашин, нийт 28 хүн, 7 автомашинтай сумын төвөөс баруун урд зүгт “Бэрхийн голын-Эх”, “Хөвийн даваа” гэдэг газруудаар нийт 77 км-т эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын 8 алба хаагч, 1 автомашин, 1 эрэлч нохойтой 11.18–ны өдрийн 18:20 цагт тухайн газар очиж, “Өлийн даваа”-ны орчимд 100 метрийн радиуст эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул 21:30 цагт түр зогсоосон. 11.19-ний өдрийн 07:10 цагт эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлсэн.           

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top