Онцгой байдлын албанд 2015-2016 оны улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдаж буй Гал унтраах, аврах ангийн барилга угсралтын ажлыг гүйцэтгэлийг шалгах, ажлыг эрчимжүүлэх, төв, орон нутгийн Онцгой байдлын газар, анги байгууллагын үйл ажиллагаатай танилцах зорилгоор Онцгой байдлын ерөнхий газрын дарга, бригадын генерал Т.Бадрал 2015 оны 10 дугаар сарын 12-15-ны өдрүүдэд Дархан-Уул, Сэлэнгэ, Говьсүмбэр, Хэнтий аймгуудад ажиллалаа.
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Гал унтраах, аврах 19 дүгээр анги, Дархан-уул аймаг дахь Гал унтраах, аврах 22 дугаар анги, Хэнтий аймгийн Бэрх тосгон дахь Гал унтраах, аврах 42 дугаар анги, Говьсүмбэр аймаг дахь Гал унтраах, аврах 37 дугаар ангийн барилгын гүйцэтгэлтэй танилцаж, орон нутагт тулгамдсан асуудлыг газар дээр нь шийдвэрлэн ажилласан.
ОБЕГ-ын дарга, бригадын генерал Т.Бадрал нийт бие бүрэлдэхүүнтэй уулзан сүүлийн үед онцгой байдлын салбарт хийгдэж буй хууль эрхзүйн орчны шинэчлэл, албан хаагчдын нийгмийн хамгааллын асуудал, техник тоног төхөөрөмж, багаж хэрэгслийн хангалтад анхаарч ажиллаж байгааг танилцууллаа.
Хөгжлийн банкны хөрөнгө оруулалтаар энэ онд 20 гаруй тэрбум төгрөгийн санхүүжилтын асуудлыг шийдвэрлүүлэн онцгой байдлын албанд техник тоног төхөөрөмж, тусгай зориулалтын багаж хэрэгслийг худалдан авч байгаа, оны эцэст нийлүүлэгдэнэ гэдгийг дуулгасан.
Уулзалтын үеэр, албан хаагчдын санал сэтгэгдлийг сонсч, зарим үүрэг даалгаврыг өгч байлаа.
Албан хаагчид, өндөр барилга ихээр баригдах болсон нь аврах зориулалтын сунадаг автомеханик шатны автомашин дутагдалтай, дадлагажих ажилтны сургалтын чанарт анхаарах, шуурхай дуудлага хүлээн авах утас төлбөртэй байдаг нь дуудлага өгч байгаа иргэдэд хүндрэлтэй байдаг зэрэг саналыг хэлж байв.
Мөн дээрхи аймгуудын Онцгой байдлын газрын удирдлагуудад, улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдаж буй гал унтраах, аврах ангийн барилгын гүйцэтгэлийг чанарын өндөр түвшинд, хугацаанд нь хүлээн авах, албан хаагчдын гэр бүлийг ажлын байраар хангахад анхаарч нийгмийн асуудлыг шийдвэрлэн ажиллах, зарим шаардлагатай техник тоног төхөөрөмж, багаж хэрэгслийг орон нутгийн төсөв хөрөнгөөр шийдвэрлүүлэх арга хэмжээ авч ажиллахыг үүрэг болгосон.
ОБЕГ-ын дарга, бригадын генерал Т.Бадрал Хөвсгөл, Говь-Алтай, Завхан, Архангай, Баянхонгор аймгуудад 10 дугаар сарын 22-29-ний өдрүүдэд ажиллана.