Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Баян-Өлгий аймагт цас орсон, бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Нутгийн баруун хэсгээр үүлэрхэг. Баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар үүлшинэ. Цас орохгүй. Салхи нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 14-16 метр  хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир, Идэр, Тэс, Эг-Үүрийн голын хөндийгөөр 10-15 градус, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Хэрлэн голын хөндийгөөр 6-11 градус хүйтэн, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 2-7 градус дулаан, бусад нутгаар 1-6 градус хүйтэн байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр. 1-3 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 22-нд төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас, 23-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр ялимгүй цас орж, цасан шуурга шуурна. Салхи 22-нд ихэнх нутгаар түр зуур секундэд 18-20 метр, 23-нд говь, талын нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. Хүйтний эрч чангарч Дархадын хотгор, Хөвсгөлийн уулс, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 30-35 градус, өдөртөө 19-24 градус, Хангай, , Хэнтэйн уулархаг нутаг, Эг-үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 25-30 градус, өдөртөө 12-17 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 11-16 градус, өдөртөө 2-7 градус, бусад нутгаар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 8-13 градус хүйтэн байна. 24-нд нутгийн баруун хэсгээр, 25-нд ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч бага зэрэг суларна.

2.Гал түймэр:

Хувийн өмчид гарсанНийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороонд иргэн Г-гийн хашаанд “Аванте Эксти” загварын автомашины хөдөлгүүрийн хэсэг  шатаж байна гэсэн дуудлагыг 11.20-ний өдрийн 06:23 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 3.5 км замыг туулан 06:34 цагт очиж 10 минут ажиллаж унтраасан.

Сэлэнгэ аймгийн Мандал сумын Баянсуудал 3 дугаар багт эзэнгүй байшин шатаж байна гэсэн дуудлагыг 11.20-ний өдрийн 15:38 цагт хүлээн авч тус аймгийн Мандал сум дахь Гал түймэр унтраах, аврах 19 дүгээр ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 1.5 км зам туулан 15:46 цагт очиж 10 минут ажиллаж унтраасан.

Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Баруун сайхан /1 дүгээр/ багт 8х9 метрийн хэмжээтэй өвлийн байшин шатаж байна гэсэн дуудлагыг 11.20-ний өдрийн 16:04 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 21 дүгээр ангийн 7 алба хаагч, 2 автомашинтайгаар 3.5 км замыг туулан 16:08 цагт очиж, 25 минут ажиллаж унтраасан.

Өмнөговь аймгийн Цогтцэций сум (Тавантолгой)-ын 2 дугаар багт эзэнгүй 4х8 метрийн хэмжээтэй байшинд гал гарч байна гэсэн дуудлагыг 11.20-ний өдрийн 17:42 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 44 дүгээр ангийн 5 алба хаагч, 1 автомашинтай 0.5 км замыг туулан 17:43 цагт очиж, 3 цаг ажиллаж унтраасан.

Орхон аймгийн Баян-Өндөр сумын Эрдэнэ багт 10×10 метрийн хэмжээтэй байшингийн үүдний өрөө шатаж байна гэсэн дуудлагыг 11.20-ний өдрийн 17:46 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 68 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 2.5 км замыг туулан 17:51 цагт очиж 40 минут ажиллаж унтраасан.

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Эрхэл багт иргэн Л-ийн жолоодож явсан Хово загварын ачааны машин шатаж байна гэсэн дуудлагыг 11.20-ний өдрийн 20:32 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 27 дугаар ангийн 9 алба хаагч, 2 автомашинтай, 4 км замыг туулан 20:38 цагт очиж 5 минут ажиллаж унтраасан.

Сэлэнгэ аймгийн Мандал сумын Хэрх 4 дүгээр багт 250 боодол өвс шатаж байна гэсэн дуудлагыг 11.20-ний өдрийн 20:43 цагт хүлээн авч тус аймгийн Мандал сум дахь Гал түймэр унтраах, аврах 19 дүгээр ангийн 5 алба хаагч, 1 автомашинтай 5 км замыг туулан 20:49 цагт очиж 42 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Баянгол дүүргийн 16 дугаар хороонд 3х8 метрийн хэмжээтэй гарааш шатаж байна гэсэн дуудлагыг 11.20-ний өдрийн 21:20 цагт хүлээн авч Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 2.5 км замыг туулан 21:24 цагт очиж 5 минут ажиллаж унтраасан.

3.Зам, тээврийн осол:

Автозамын осол: Дорноговь аймгийн Сайншанд сумын 1 дүгээр багийн “Танктай-Овоо” гэдэг газар Ар шанд-Өвөр шанд чиглэлд зорчиж явсан “Тоёота приус-20” загварын суудлын автомашин автозамын зорчих хэсгийн хажуу руу онхолдож төмөр хийцэд хүн хавчуулагдсан тухай дуудлагыг 11.20-ний өдрийн 22:55 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 33 дугаар ангийн 5 алба хаагч, 1 автомашинтай 1.5 км замыг туулан 23:00 цагт очиж, 12 минут ажиллаж иргэн Н /29 настай, эрэгтэй/, Б /29 настай эрэгтэй/, М /28 настай, эмэгтэй/ нар гэмтсэнийг гарган аймгийн Нэгдсэн эмнэлгийн түргэн тусламжийн эмчид хүлээлгэн өгсөн.

4.Байгаль цаг агаарын аюулт үзэгдэл:

Газар хөдлөлт: Говь-Алтай аймгийн Цээл сумын Бүрэнжаргалан багийн “Эрээн нуруу” гэдэг газар сумын төвөөс урд зүгт 20 км-т /Ө-47023/04//, У-95056/04///11.21-ний өдрийн 05:27 цагт 4.3 магнитутын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг ООГХ-с 05:54 цагт цахим шуудангаар ирүүлсэн. Говь-Алтай аймгийн Цээл сумын Засаг даргын орлогчтой холбогдож тодруулахад тухайн газарт малчид, иргэдэд чичирхийлэл мэдрэгдсэн, учирсан хохирол байхгүй тухай мэдээлсэн.

5.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Эрэн хайх ажиллагаа /сураггүй болсон/: Төв аймгийн Жаргалант сумын Буурал багийн “Өлийн даваа” гэдэг газар /сумын төвөөс баруун урд зүгт 10 км-т, аймгийн төвөөс баруун хойд зүгт 181 км-т/ аймгийн Жаргалант сумаас Цээл сум руу 11.16-ны өдрийн 11:00 цагт “Галлопер” загварын суудлын автомашинаар иргэн У, Б нар зорчиж яваад автомашин нь Жаргалант сумын Буурал багийн “Өлийн даваа” гэдэг газар эвдэрч зогссон. Мөн өдрийн 13:00 цагийн орчимд тус автомашины жолооч У нь иргэн Б /40 настай, эрэгтэй/-г автомашиндаа үлдээж, өөрөө Цээл сум руу  тусламж дуудахаар яваад 11.17-ны өдрийн 17:00 цагийн орчим буцаж ирэхэд иргэн Б сураггүй алга болсон байсан тухай дуудлагыг 11.17-ны өдрийн 23:59 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газраас 8 алба хаагч, Цагдаагийн газраас 8 алба хаагч, Жаргалант сумаас 15 хүн, Цээл сумаас 20 хүн, ар гэрээс нь 9 хүн, нийт 60 хүн, 15 автомашинтайгаар 08:00 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлж Хүүлэйн ханын баруун хойд талын гурван ам, Тээлийн голын эхээр, Ацын давааны зүүн араас, бетонон гүүрний Дөрвөн гарамнаас, Бэрхийн гарам хүртэл нийт 28 км замыг явганаар самналт хийж үзэгдэх орчин хязгаарлагдсан тул 20:30 цагт түр зогсоосон. 11.21-ний өдрийн 07:30 цагт эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлнэ.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top