1.Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Булган, Говь-Алтай, Дархан-Уул, Завхан, Орхон, Увс, Хөвсгөл аймгийн нутгийн зарим хэсгээр цас орж, шуурсан. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Нутгийн зүүн хагаст үүлэрхэг. Зүүн аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос 7-12 м/с, зарим газраар 15-17 м/с хүрч ширүүснэ. Хүйтэрч Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр 19-24 градус, Алтай, Хэнтэйн уулархаг нутаг болон Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, голын хөндийгөөр 11-16 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 3 градус дулаанаас 2 градус хүйтэн, бусад нутгаар 5-10 градус хүйтэн байна.
Улаанбаатар хот: Үүлэрхэг. Цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос 5-10 м/с, зарим үед 12-14 м/с хүрч ширүүснэ. Хүйтэрч 12-14 градус хүйтэн байна.
Төлөв байдал: 23, 26-нд баруун болон төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 25-нд Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи 23, 26-нд говь, талын нутгаар, 25-нд ихэнх нутгаар 14-16 м/с хүрч ширүүснэ. Хүйтний эрч чангарч Дархадын хотгор, Хөвсгөлийн уулс, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 32-37 градус, өдөртөө 20-25 градус, Хангай, Хэнтэйн уулархаг нутаг, Эг-үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 26-31 градус, өдөртөө 14-19 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 11-16 градус, өдөртөө 3-8 градус, бусад нутгаар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 8-13 градус хүйтэн байна. 24-нд нутгийн баруун хэсгээр, 25-нд ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч бага зэрэг суларна.
2.Гал түймэр:
ААН, байгууллагын өмчид гарсан: Булган аймгийн Орхон сумын Мааньт багийн /сумын төвөөс баруун хойд зүгт 56 км-т, аймгийн төвөөс зүүн зүгт 60 км-т/ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 439 дүгээр хаалттай хорих ангийн алба хаагчдын байр шатаж байна гэсэн дуудлагыг 11.21-ний өдрийн 05:55 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 20 дугаар ангийн 5 алба хаагч, 1 автомашинтай 60 км замыг туулан 07:08 цагт очиж, 12х24 метрийн хэмжээтэй 6 айлын нийтийн байр шатаж байсныг 45 минут ажиллаж унтраасан. Унтраах ажиллагаанд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны 439 дүгээр хаалттай хорих ангийн 15 алба хаагч, 1 автомашин оролцсон.
Нийслэлийн Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, “Крокус эвэнт холл”-д гал гарч байна гэсэн дуудлагыг 11.21-ний өдрийн 07:38 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 2.5 км замыг туулан 07:46 цагт очиж, цахилгаан хуваарилах самбар болон 4.7х3.5 метрийн хэмжээтэй гал тогооны өрөөний хана, таазны хэсэг шатаж байсныг 30 минут ажиллаж унтраасан.
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, “Цагаан бургасын-Ам” гэдэг газар байшин шатаж байна гэсэн дуудлагыг 11.22-ны өдрийн 02:57 цагт хүлээн авч Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 74 дүгээр ангийн 5 алба хаагч, 1 автомашинтай 28 км замыг туулан 03:47 цагт очиж, 10х10 хэмжээтэй зоогийн газар шатаж байсныг 1 цаг 27 минут ажиллаж унтраасан. Нэмэлтээр тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 35 км замыг туулан 04:08 цагт очиж, 45 минут ажилласан.
3.Эрэн хайх, аврах ажиллагаа:
Эрэн хайх ажиллагаа /сураггүй болсон/: Төв аймгийн Жаргалант сумын Буурал багийн “Өлийн даваа” гэдэг газар /сумын төвөөс баруун урд зүгт 10 км-т, аймгийн төвөөс баруун хойд зүгт 181 км-т/ аймгийн Жаргалант сумаас Цээл сум руу 11.16-ны өдрийн 11:00 цагт “Галлопер” загварын суудлын автомашинаар иргэн У, Б нар зорчиж яваад автомашин нь Жаргалант сумын Буурал багийн “Өлийн даваа” гэдэг газар эвдэрч зогссон. Мөн өдрийн 13:00 цагийн орчимд тус автомашины жолооч У нь иргэн Б /40 настай, эрэгтэй/-г автомашиндаа үлдээж, өөрөө Цээл сум руу тусламж дуудахаар яваад 11.17-ны өдрийн 17:00 цагийн орчим буцаж ирэхэд иргэн Б сураггүй алга болсон байсан тухай дуудлагыг 11.17-ны өдрийн 23:59 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын 8 алба хаагч, Цагдаагийн газрын 4 алба хаагч, тус аймгийн Цээл сумын ерөнхий зориулалтын 10 хүн, ар гэрийн 15 хүн, нийт 42 хүн, 6 техник хэрэгсэлтэйгээр 11.21-ний өдрийн 07:30 цагт эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлсэн. 11.21-ний өдрийн байдлаар 3 бүлэгт хуваагдан нэгдүгээр бүлэг “Ацын даваа” гэдэг газраас “Номтын-Ам” гэдэг газар хүртэл 5 км, хоёрдугаар бүлэг “Тээлийн гол” гэдэг газраас “Бригадын төв” хүртэл 7 км, гуравдугаар бүлэг “Бетон гүүр” гэдэг газраас “600-гийн талбай” гэдэг газар хүртэл 8 км, нийт 20 км-т явганаар болон автомашинтайгаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул 19:00 цагт түр зогсоосон. Эрэн хайх ажиллагааг 11:22-ны өдрийн 08:00 цагт дахин эхлүүлсэн.
Цасанд суусан: Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Номгон багийн “Баяндаваа” гэдэг газар /сумын төвөөс баруун хойд зүгт 50 км-т/ иргэн А-гийн жолоодож явсан “Тундра” загварын суудлын автомашин /2 зорчигчтой/ цасанд суусан тухай дуудлагыг 11.21-ний өдрийн 18:34 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Сайхан сум дахь Гал түймэр унтраах, аврах 61 дүгээр ангийн 9 алба хаагч, 1 автомашинтай 50 км замыг туулан 20:18 цагт очиж, автомашиныг татан гаргах боломжгүй байсан тул автомашиныг тухайн газарт үлдээж, иргэн А /28 настай, эрэгтэй/, Б /18 настай, эрэгтэй/, С /18 настай, эрэгтэй/ нарыг Дархан-Уул аймгийн төвд авчирсан.
Бусад: Нийслэлийн Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, 89 дүгээр байрны цахилгаан шат гацаж дотор нь бага насны 2 хүүхэд түгжигдсэн тухай дуудлагыг 11.21-ний өдрийн 17:28 цагт хүлээн авсан. Нийслэлийн Аврах ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 3 км замыг туулан 17:35 цагт очиход цахилгаан шатанд тус байрны оршин суугч Х /14 настай, эмэгтэй/, Н /9 настай, эмэгтэй/, мөн 89/А байрны цахилгаан шатанд тус байрны оршин суугч иргэн Б /19 настай, эрэгтэй/ тус тус түгжигдсэн байсныг гаргасан.
Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, /11Е төв шугамын Циркийн салааны 4 дүгээр худаг, ОТ500-7/ дулааны шугам сүлжээний худагт халуун ус алдагдаж, дотор нь 2 хүн байна гэсэн дуудлагыг 11.21-ний өдрийн 19:32 цагт хүлээн авсан. Нийслэлийн Аврах ангийн 13 алба хаагч, 3 автомашинтай 3.5 км замыг туулан 19:42 цагт очиход тухайн худаг халуун усаар дүүрч ажиллах боломжгүй байсан тул Улаанбаатар дулааны шугам сүлжээнээс шуурхай жижүүрийн багийг 19:55 цагт ирүүлж, тухайн шугамыг 20:05 цагт хаасан. Тухайн худагт /урт 2, өргөн 2, гүн 4 метрийн хэмжээтэй/ дүүрсэн 1.5 метрийн гүнтэй халуун усыг мотопомп ашиглан соруулж, 21:30 цагт нэр, нас, харьяалал нь тодорхойгүй эрэгтэй, эмэгтэй 2 хүний цогцсыг гаргаж, цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн. /Цагдаагийн байгууллага тогтоохоор ажиллаж байна./
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР