1.Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймгуудын нутгаар цас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Төв болон зүүн аймгуудын нутгаар үүлшинэ. Бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос 6-11 м/с, говийн аймгуудын нутгийн зарим газраар 14-16 м/с хүрч ширүүснэ. Хүйтэрч Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр 20-25 градус, Алтай, Хэнтэйн уулархаг нутаг болон Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 13-18 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 4-9 градус, бусад нутгаар 9-14 градус хүйтэн байна.
Улаанбаатар хотод: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос 6-11 м/с. 14-16 градус хүйтэн байна.
Төлөв байдал: 25-нд Хөвсгөл, Хэнтэйн уулсаар, 26-нд баруун болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар ялимгүй цас орж, явган шуурга шуурна. Салхи 25-нд зарим газраар, 26-нд зүүн аймгуудын нутгаар 13-15 м/с хүрч ширүүснэ. 24-нд нутгийн баруун хэсгээр, 25-нд ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч бага зэрэг суларна. Бусад хугацаанд Дархадын хотгор, Хөвсгөлийн уулс, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 32-37 градус, өдөртөө 20-25 градус, Хангай, Хэнтэйн уулархаг нутаг, Эг-үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 26-31 градус, өдөртөө 14-19 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 11-16 градус, өдөртөө 3-8 градус, бусад нутгаар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 8-13 градус хүйтэн байна.
2.Гал түймэр:
Хувийн өмчид гарсан: Ховд аймгийн Жаргалант сумын Бичигт багийн 7 дугаар гудамжинд иргэн Б-ын 560 ш боодол өвс, 4х7 метрийн хэмжээтэй байшин шатаж байна гэсэн дуудлагыг 11.22-ны өдрийн 09:50 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 48 дугаар ангийн 5 алба хаагч, 1 автомашинтай 3 км замыг туулан 09:54 цагт очиж, 1 цаг ажиллаж унтраасан.
Дархан-Уул аймгийн Дархан сумын Малчин багийн “Хөтөл” хорооллын 11 дүгээр гудамжинд иргэн Х-ийн 4х6 метрийн хэмжээтэй 2 ширхэг зуны амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 11.22-ны өдрийн 11:42 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Дархан сум дахь Гал түймэр унтраах, аврах 54 дүгээр ангийн 5 алба хаагч, 1 автомашинтай 8 км явж 11:52 цагт очиж, 55 минут ажиллаж унтраасан.
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Тахилтын 4 дүгээр гудамжинд иргэн Х-ын 4 ханатай гэр шатаж байна гэсэн дуудлагыг 11.23-ны өдрийн 00:15 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 13.5 км замыг туулан 00:28 цагт очиж, 15 минут ажиллаж унтраасан.
3.Зам тээврийн осол:
Увс аймгийн Тариалан сумын Бургастай багийн “Тээл” гэдэг газарт /аймгийн төвөөс урд зүгт 12 км-т, сумын төвөөс зүүн зүгт 20 км-т/ Тус аймгийн Тариалан сумаас Улаангом сумын чиглэлд тус аймгийн харьяат иргэн Д /48 настай, эрэгтэй/-ын жолоодож явсан ЗИЛ 130 загварын ачааны автомашин автозамын зорчих хэсгийн хажуу руу унаж, автомашины төмөр хийцэд хавчуулагдсан тухай дуудлагыг 11.22-ны өдрийн 08:58 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн 5 алба хаагч, 1 автомашинтай 12 км замыг туулан 09:35 цагт очиж, 15 минут ажиллаж иргэн Д-г автомашинаас эсэн мэнд гаргаж, эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэн, цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн.
Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын 3 дугаар багийн “Хөх-Овоо” гэдэг газарт /сумын төвөөс урд зүгт 5 км-т, аймгийн төвөөс хойд зүгт 40 км-т/ Улаанбаатар хотоос Өмнөговь аймгийн Цогтцэций сумын чиглэлд иргэн Т /31 настай, эрэгтэй/ жолоодож явсан “Норд бенз” загварын том оврын ачааны автомашин Дундговь аймгийн Хулд сумаас Улаанбаатар хотын чиглэлд иргэн Г /56 настай, эрэгтэй/-ийн жолоодож явсан “Ниссан Аванте” загварын суудлын автомашин /2 зорчигчтой/-тай мөргөлдөж автомашины төмөр хийцэд 1 хүн хавчуулагдсан тухай дуудлагыг 11.23-ны өдрийн 00:45 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн 4 алба хаагч, 1 автомашинтай 40 км замыг туулан 01:50 цагт очиж, 35 минут ажиллаж, Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны харьяат иргэн А /50 настай, эрэгтэй/, Г /52 настай, эмэгтэй/ нарыг эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгч, Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны харьяат иргэн Г /56 настай, эрэгтэй/ автомашины төмөр хийцэд хавчуулагдаж нас барсан байсныг гаргаж, цогцсыг цагдаагийн байгууллагад шилжүүлж өгсөн.
4.Байгаль, цаг агаарын аюулт үзэгдэл:
Газар хөдлөлт: Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Шивлэг багийн “Өвөрнүцгэн” гэдэг газарт /аймгийн төвөөс баруун хойд зүгт 164 км-т, сумын төвөөс зүүн урд зүгт 33 км-т, Ө-50024/36//, У-99026/24/// 11.22-ны өдрийн 09:27 цагт 3.6 магнитутын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг ООГХ-ээс 11.22-ны өдрийн /09:41 цагт/ утсаар мэдээллэсэн. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Улаан-Уул сумын Засаг дарга Б.Батбаатартай холбогдож тодруулахад тухайн газарт малчид нутагладаггүй, чичирхийлэл мэдрэгдээгүй, учирсан хохирол байхгүй тухай мэдээлсэн.
Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Дэлгэрхаан багийн “Шар гол” гэдэг газарт /аймгийн төвөөс баруун хойд зүгт 290 км-т, сумын төвөөс хойд зүгт 61 км-т, Ө- 49058/12//, У-97013/48/// 11.22-ны өдрийн 09:34 цагт 3,7 магнитутын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг ООГХ-ээс 11.22-ны өдрийн /09:51 цагт/ утсаар мэдээллэсэн. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Цэцэрлэг сумын Засаг даргын орлогч Н.Ганжууртай холбогдож тодруулахад тухайн газарт малчид нутагладаггүй, чичирхийлэл мэдрэгдээгүй, учирсан хохирол байхгүй тухай мэдээлсэн.
Цасанд суусан: Сэлэнгэ аймгийн Жаргалан сумын Бэлэндалай багийн “Шар хөтөл” гэдэг газарт /аймгийн төвөөс баруун урд зүгт 210 км-т, сумын төвөөс урд зүгт 40 км-т/ Улаанбаатар хотоос Орхон аймгийн чиглэлд иргэн Н /25 настай, эрэгтэй/-ын жолоодож явсан “Сонота 6” загварын суудлын автомашин /4 зорчигчтой/ цасанд суусан тухай дуудлагыг 11.22-ны өдрийн 09:24 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Сайхан сум дахь Гал түймэр унтраах, аврах 61 дүгээр ангийн 5 алба хаагч, 1 автомашинтай 50 км замыг туулан 10:55 цагт очиж, 18 минут ажиллаж, иргэн Ц /38 настай эрэгтэй/, Г /29 настай, эрэгтэй/, Ц /25 настай, эрэгтэй/, О /20 настай, эрэгтэй/ нарыг аварч, автомашиныг татан гаргасан.
5.Эрэн хайх, аврах ажиллагаа:
Эрэн хайх ажиллагаа /сураггүй болсон/: Төв аймгийн Жаргалант сумын Буурал багийн “Өлийн даваа” гэдэг газар /сумын төвөөс баруун урд зүгт 10 км-т, аймгийн төвөөс баруун хойд зүгт 181 км-т/ тус аймгийн Жаргалант сумаас Цээл сум руу 11.16-ны өдрийн 11:00 цагт “Галлопер” загварын суудлын автомашинаар иргэн У, Б нар зорчиж яваад автомашин нь Жаргалант сумын Буурал багийн “Өлийн даваа” гэдэг газар эвдэрч зогссон. Мөн өдрийн 13:00 цагийн орчимд тус автомашины жолооч У нь иргэн Б/40 настай, эрэгтэй/-г автомашиндаа үлдээж, өөрөө Цээл сум руу тусламж дуудахаар яваад 11.17-ны өдрийн 17:00 цагийн орчим буцаж ирэхэд иргэн Б сураггүй алга болсон байсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын 8 алба хаагч, 1 эрэлч нохой, 1 автомашин, Цагдаагийн газрын 8 алба хаагч, 1 автомашин, тус аймгийн Цээл сумын ерөнхий зориулалтын мэргэжлийн ангийн 8 ажилтан, 2 автомашин, ар гэрийн 15 хүн, 3 автомашин, нийт 39 хүн, 1 эрэлч нохой, 7 техник хэрэгсэлтэй 11.22-ны өдрийн байдлаар 3 бүлэгт хуваагдан нэгдүгээр бүлэг “Гэдийн давааны-Ар” гэдэг уулын зүүн хойд талаар 5 км, хоёрдугаар бүлэг “Гэдийн давааны-Ар” гэдэг уулын баруун урд талаар 7 км, гуравдугаар бүлэг “Гэдийн давааны-Ар” гэдэг уулын зүүн урд талаар 6 км, нийт 18 км-т явганаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул 19:10 цагт түр зогсоосон. Эрэн хайх ажиллагааг 11:23-ны өдрийн 08:00 цагт дахин эхлүүлсэн.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР