1.Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Дархан-Уул, Сэлэнгэ, Төв аймгийн нутгаар цас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Баруун аймгуудын нутгаар үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос секундэд 3-8 метр, бусад нутгаар баруунаас секундэд 6-11 метр. Дархадын хотгор, Хөвсгөлийн уулс, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр 20-25 градус, Алтай, Хангай, Хэнтэйн уулархаг нутаг болон Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 14-19 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 3-8 градус, бусад нутгаар 8-13 градус хүйтэн байна.
Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. 14-16 градус хүйтэн байна.
Төлөв байдал: 25-нд Хөвсгөл, Хэнтэйн уулсаар, 26-нд баруун болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 28-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр ялимгүй цас орж, явган шуурга шуурна. Салхи 25-нд зарим газраар, 26-нд зүүн аймгуудын нутгаар, 28-нд Алтайн салбар уулсаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. 25, 28-нд ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч бага зэрэг суларна. Бусад хугацаанд Дархадын хотгор, Хөвсгөлийн уулс, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 32-37 градус, өдөртөө 20-25 градус, Хангай, Хэнтэйн уулархаг нутаг, Эг-үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 26-31 градус, өдөртөө 14-19 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 12-17 градус, өдөртөө 3-8 градус, бусад нутгаар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 8-13 градус хүйтэн байна.
2.Гал түймэр:
Хувийн өмчид гарсан: Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 3 дугаар багийн Хангайн 5 дугаар гудамжинд иргэн С-ийн “Портер” загварын автомашины бүхээг шатаж байна гэсэн дуудлагыг 11.23-ны өдрийн 10:02 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Бор-Өндөр суман дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 49 дүгээр ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 2 км замыг туулан 10:05 цагт очиж, 7 минут ажиллаж унтраасан.
Сэлэнгэ аймгийн Мандал сумын Баянсуудал багийн 2 дугаар хэсэг 19 тоотод Иргэн Ч-ын 8х11 метрийн хэмжээтэй байшингийн мансард шатаж байна гэсэн дуудлагыг 11.23-ны өдрийн 15:10 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Мандал суман дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 19 дүгээр ангийн 6 алба хаагч, 2 автомашинтай 5 км замыг туулан 15:15 цагт очиж 2:30 цаг ажиллаж унтраасан.
Нийслэлийн Хан-Уул дүүргийн 6 дугаар хороо, Хандгайтын 16 дугаар гудамжинд иргэн Б-ын хашаан дотор хураалттай хаалга шатаж байна гэсэн дуудлагыг 11.23-ны өдрийн 16:27 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 10 км замыг туулан 16:38 цагт очиж 50 минут ажиллаж унтраасан.
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо, Зүүн баян уулын 16 дугаар гудамжинд иргэн Б-ын 5х9 метрийн хэмжээтэй мансардтай 2 давхар байшингийн дээвэр шатаж байна гэсэн дуудлагыг 02:01 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 5 км замыг туулан 02:12 цагт очиж 25 минут ажиллаж унтраасан.
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороо, Нуурын 2 дугаар гудамжинд иргэн Г-ын 10×5 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байна гэсэн дуудлагыг 04:00 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 10 км замыг туулан 04:12 цагт очиж 45 минут ажиллаж унтраасан.
Нийслэлийн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Товчооны 12 дугаар хэсгийн 6 дугаар гудамжинд иргэн Ц-ийн 5 ханатай гэр, эд хогшлын хамт шатаж байна гэсэн дуудлагыг 23:28 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 9 км замыг туулан 23:37 цагт хүрэлцэн очиж 10 минут ажиллаж унтраасан.
3.Зам тээврийн осол:
Автозамын осол: Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын Бурхи багийн /аймгийн төвөөс баруун урд зүгт 3 км-т/ Улаанбаатараас Баянхонгор чиглэлд замын зорчих хэсэгт иргэн Б-ийн “Ланд-80” загварын автомашин, иргэн З-ийн “ГАЗ-66” загварын ачааны автомашинтай мөргөлдөж төмөр хийцэд /1 том хүн, 1 хүүхэд/ хавчуулагдсан тухай дуудлагыг 11.23-ны өдрийн 19:50 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын 7 алба хаагч, 2 автомашинтай 3 км замыг туулан 19:57 цагт очиж, 15 минут ажиллаж Иргэн Б /26 настай, эмэгтэй/, Э /4 настай, эрэгтэй/ хавчуулагдаж гэмтсэн байсныг гаргаж, Б /44 настай, эрэгтэй/, А /25 настай, эрэгтэй/, М /26 настай, эрэгтэй/, О /24 настай, эрэгтэй/, Н /31 настай, эрэгтэй/, З /27 настай, эрэгтэй/ нарт эмнэлгийн анхны тусламж үзүүлэн аймгийн бүсийн оношилгоо эмчилгээний төвд хүлээлгэн өгсөн.
4.Эрэн хайх, аврах ажиллагаа:
Эрэн хайх ажиллагаа /төөрсөн/:Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын Хөгшчүүлийн тосгонд Төв аймгийн Мөнгөнморьт сумаас Улаанбаатар хот орох замд автомашинтай иргэд төөрч цасанд суусан гарах боломжгүй байна гэсэн дуудлагыг 23:40 цагт хүлээн авсан. Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 64 дүгээр ангийн 7 алба хаагч, 1 автомашинтай 30 км замыг туулан 00:30 цагт очиж 1 цаг ажиллаж жолооч Б /33 настай, эрэгтэй/ Марк-2 загварын автомашинтай, иргэн Б/30 настай, эмэгтэй/, Д /56 настай, эмэгтэй/, Б /8 настай, эмэгтэй/ нарын 4 иргэн төөрч автомашин цасанд суусан байсныг гарган Багануур дүүргийн төв зам хүргэсэн.
Өвөрхангай аймгийн Баянгол сумын эргэндэнж багийн “Дэнж” гэдэг газар /сумын төвөөс баруун хойд зүгт 85 км-т, аймгийн төвөөс зүүн урд зүгт 30 км-т/ “Приус-20” загварын автомашины дугуй хагарч, жолооч нь осголтын байдалтай байна гэсэн дуудлагыг 11.24-ний шөнийн 00:27 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын 5 алба хаагч, 1 автомашинтай 30 км зам туулан 01:50 цагт очиж 10 минут ажиллаж иргэн У /27 настай, эрэгтэй, хэлний бэрхшээлтэй/ аварч аймгийн төвд авчран ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн.
Эрэн хайх ажиллагаа /сураггүй болсон/: Төв аймгийн Жаргалант сумын Буурал багийн “Өлийн даваа” гэдэг газар /сумын төвөөс баруун урд зүгт 10 км-т, аймгийн төвөөс баруун хойд зүгт 181 км-т/ Тус аймгийн Жаргалант сумаас Цээл сум руу 11.16-ны өдрийн 11:00 цагт “Галлопер” загварын суудлын автомашинаар иргэн У, Б нар зорчиж яваад автомашин нь Жаргалант сумын Буурал багийн “Өлийн даваа” гэдэг газар эвдэрч зогссон. Мөн өдрийн 13:00 цагийн орчимд тус автомашины жолооч У нь иргэн Б /40 настай, эрэгтэй/-г автомашиндаа үлдээж, өөрөө Цээл сум руу тусламж дуудахаар яваад 11.17-ны өдрийн 17:00 цагийн орчим буцаж ирэхэд иргэн Б сураггүй алга болсон байсан тухай дуудлагыг 11.17-ны өдрийн 23:59 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газраас 8 алба хаагч, 1 автомашин, цагдаагийн газраас 5 алба хаагч, 2 автомашин, ар гэрээс нь 19 хүн, 4 автомашин, нийт 32 хүн, 7 автомашинтайгаар 07:30 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн. “Шар чулууны энгэр”, “Нарстай гозгор”, “Харганатай ам”, “Бүдүүн ус”, “Шинэ усны даваа” гэсэн чиглэлд нийт 16 км-т эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул 20:10 цагт түр зогсоосон. Хүнд даацийн “Ковш” автомашиныг гүн жалга, цас ихтэй газраар ажиллуулсан. 11.24-ний өдрийн 07:30 цагт эрлийн ажиллагааг дахин эхлүүлнэ.
Бусад: Төв аймгийн Жаргалант сумын 4 дүгээр багийн Загдал гэдэг газар /Төв аймгаас баруун хойд зүгт 196 км-т/ Улаанбаатар хотоос Орхон аймгийн чиглэлд зорчиж явсан “Ланд-200” загварын автомашин 4 зорчигчийн хамт цасанд боогдсон дуудлагыг 11.23-ны өдрийн 03:51 цагт хүлээн авсан. Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 61 дүгээр ангийн 5 алба хаагч, 1 автомашинтай 75 км замыг туулан 06:48 цагт очиж 35 минут ажиллаж автомашиныг гарган, иргэн Г /33 настай, эрэгтэй/, Н /33 настай, эмэгтэй/, Э/35 настай, эрэгтэй/, Х /35 настай, эрэгтэй/, Г/35 настай, эрэгтэй/ нарыг аварсан.