ШҮХЭРЧИН АВРАГЧ Б.Бямбасүрэн: Би эмэгтэй хүн, чадахгүй гээд хойш суух эрх байхгүй

15746424905ddb233ab84fe.jpg

Т.ГЭРЭЛ

Онцгой байдлын амаргүй албанд олон аавын хөвгүүдтэй мөр зэрэгцэн ажилладаг ганц эмэгтэй шүхэрчин аврагч байдаг нь Б.Бямбасүрэн.Тэрбээр Онцгой байдлын ерөнхий газрын Үндэсний аврах бригадын Агаарын ажиллагааны салбарт 3 дах жилдээ шүхэрчин аврагчаар ажиллаж байгаа “Ганцхан” гэх тодотголтой эмэгтэй шүхэрчин аврагч юм.

“Эрэгтэй хүмүүстэй эн тэнцүүхэн бэлтгэл сургуулилт хийнэ гэдэг  их тэвчээр шаардсан зүйл. Гэхдээ надад би эмэгтэй хүн, би чадахгүй гээд хойш суух эрх байхгүй. Энэ ажил, мэргэжлийг маш их хүсч мөрөөдөж байж сонгосон болохоор би эмэгтэй хүн гэж бодолгүйгээр бусадтайгаа яг л адилхан хөдөлмөрлөдөг“ хэмээн өөртөө итгэлтэй бахархал дүүрэн ярих шүхэрчин аврагч Б.Бямбасүрэнгийн ярилцлагыг та бүхэндээ хүргэж байна.

-Шүхэрчин аврагч гэдэг эмэгтэй хүнд хэтэрхий хэцүү, хүнд ажил шиг санагдаж байна. Яагаад энэ мэргэжлийг сонгох болсон бэ?

– Ардын хувьсгалын баяр наадмаар Хүй долоон худагт шүхрээр бууж буй хүмүүсийг анх харахад надад үнэхээр гайхалтай сэтгэгдэл, мэдрэмж төрсөн. Түүнээс хойш шүхрээр хичээллэхийг нууцхан хүсч, мөрөөдөж явсаар Онцгой байдлын албанд шүхэрчин аврагч гэх сайхан ажил байдгийг сонссон. Тэгээд л өргөдлөө өгч, олон жил тууштай хүлээсний эцэст хүссэн ажилдаа орсон. Мөн ээж маань цэргийн байгууллагад насаараа ажилласан нь надад энэ мэргэжлийг сонгоход тодорхой хэмжээгээр нөлөөлсөн байх. Намайг бага байхад ээж маань Батлан хамгаалах яаманд энгийнээр ажиллаж байгаад, Онцгой байдлын албанд орж цэргийн хүн болсон. Цэргийн хувцас эмэгтэй хүнийг маш гоё, жавхаатай харагдуулдаг.

-Танай байгууллагад таниас өөр шүхэрчин аврагч эмэгтэй байдаг уу?

-Надаас өмнө бол ганц нэг байсан юм шиг байна лээ. Одоо бол шүхрийн буулт хийдэг ганц эмэгтэй шүхэрчин аврагч нь би.

-Таны хувьд шүхрээр буухын юу нь хамгийн гоё вэ?

-Онгоцноос гарах тэр мөч хамгийн гоё санагддаг. Онгоцны хаалгаар нэг алхаад л эрх чөлөө, амьдралын хамгийн сайн сайхан баяр баясгаланг авдаг. Шүхэрчид энэ мэдрэмжийг тэр бүр илэрхийлж чаддаггүй. Ойр дотнынхондоо, найз нөхөддөө үүнийг ойлгуулж, мэдрүүлэх юмсан гэж хүсдэг. Тийм болохоор шүхрээр хичээллээч, нэг буугаад үзээч гэж санал тавьдаг.

Эх сурвалж: zaluu.com

scroll to top