Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Баян-Өлгий, Ховд, Увс аймгуудаар цас орсон. Бусад аймгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Нутгийн баруун хэсгээр үүлшинэ. Монгол Алтайн уулсаар ялимгүй цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр зүүнээс, бусад нутгаар баруунаас секундэд 6-11 метр. Дархадын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс, Эг-Үүрийн голын хөндийгөөр 16-21 градус, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 9-14 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 3 градус хүйтнээс 2 градус дулаан, бусад нутгаар 5-10 градус хүйтэн байна.

Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. 9-11 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 28-нд баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 29-нд төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 30-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 12-р сарын 1-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Салхи 28-нд Алтайн салбар уулсаар, 29-нд ихэнх нутгаар, 30 болон 12-р сарын 1-нд говь, тал хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Ихэнх хугацаанд Дархадын хотгор, Хөвсгөлийн уулс, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 30-35 градус, өдөртөө 20-25 градус, Хангай, Хэнтэйн уулархаг нутаг, Эг-үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон голын хөндийгөөр шөнөдөө 24-29 градус, өдөртөө 15-20 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 15-20 градус, өдөртөө 3-8 градус, бусад нутгаар шөнөдөө 20-25 градус, өдөртөө 10-15 градус хүйтэн байна. 28-нд ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч сулавтар байна.

2.Гал түймэр:

Хувийн өмчид гарсан: Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Борхойн багийн Амондогын 1 дүгээр гудамжинд иргэн О-ын 7×18 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байна гэсэн дуудлагыг 11.26-ны өдрийн 14:42 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 17 дугаар ангийн 6 алба хаагч, 2 автомашинтайгаар 3 км замыг туулан 14:47 цагт очиж 55 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Жигжидийн эцсийн задгайд иргэн Х-ын 7х11 метрийн хэмжээтэй мансардтай 2 давхар байшингийн 2 дугаар давхрын хана шатаж байна гэсэн дуудлагыг 17:36 цагт хүлээн авсан. Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 20 км замыг туулан 18:15 цагт очиж 20 минут ажиллаж унтраасан.

Орхон аймгийн Баян-Өндөр сумын Шанд багийн 40 дүгээр гудамжинд иргэн Я-ийн эзэмшлийн 9х6 метрийн хэмжээтэй байшингийн 5х6 метрийн хэмжээтэй өргөтгөл  шатаж байна гэсэн дуудлагыг 11.27–ны өдрийн 00:29 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 81 дүгээр ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 5 км зам туулж, 00:34 цагт очиж 01:33 цаг ажиллаж унтраасан.

Өмнөговь аймгийн Цогтцэций сумын (Тавантолгой) Сийрст багийн “6 дугаар гарам” гэдэг газар /сумын төвөөс урд зүгт 10 км-т/ иргэн Б-ын 4, 5 ханатай 2 гэр, улсын дугааргүй  “Норд Бенз” загварын том оврын ачааны автомашины урд талын 2 дугуй, тэвш шатаж байна гэсэн дуудлагыг 11.27-ны шөнийн 01:00 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 44 дүгээр ангийн 5 алба хаагч, 1 автомашинтайгаар 10 км замыг туулан 01:20 цагт очиж, 30 минут ажиллаж унтраасан.

3.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Эрэн хайх ажиллагаа /сураггүй болсон/: Баян-Өлгий аймгийн Бугат сумын “Буга” багийн “Харганат” гэдэг газарт /аймгийн төвөөс баруун урд зүгт 5 км-т, сумын төвөөс 8 км-т/ иргэн О /35 настай, эрэгтэй, сэтгэцийн өөрчлөлттэй/ 11.24-ний өдрийн 13:00 цагийн орчим гэрээсээ явган гараад  сураггүй болсон тухай дуудлагыг 11:25-ны өдрийн 22:40 цагт хүлээн авсан. Ар гэрийн 10 иргэн, 3 автомашинтай 11.24, 25-ны өдрүүдэд Өлгий суманд эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул аймгийн Онцгой байдлын газарт ар гэрээс нь хүсэлт ирүүлсэн. Тус аймгийн Онцгой байдлын газрын, Гал түймэр унтраах, аврах 31 дүгээр ангийн 7 алба хаагч, 1 албаны эрэлч нохой, 1 автомашин, ар гэрээс нь 38 хүн, 5 автомашин, нийт 45 хүн, 1 албаны эрэлч нохой, 6 автомашинтайгаар эрэн хайх ажиллагааг явуулж Бугат сумын 2 дугаар багийн /аймгийн төвөөс зүүн урд зүгт 20 км-т/ “Морин толгой” гэдэг газраас 19:30 цагт иргэн О-г эсэн мэнд олж аймгийн Цагдаагийн газарт хүлээлгэн өгсөн.

Өвөрхангай аймгийн Тарагт сумын Алтан тал багийн  “Олон довын гарам” гэдэг газар /сумын төвөөс зүүн урд зүгт 45 км-т, аймгийн  төвөөс зүүн урд зүгт 15 км-т/ малчин Э /32 настай, эмэгтэй, сэтгэцийн өөрчлөлттэй/ 11.26-ны өдрийн 18:00 цагийн орчимд малдаа гараад сураггүй болсон дуудлагыг 11.27-ны өдрийн 02:30 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн 5 алба хаагч, 1 автомашинтай 11.27-ны өдрийн 03:05 цагт эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, 04:00 цагт гэрээс нь хойд зүгт 500 метрт “Олон довын гарам” гэдэг газраас эсэн мэнд олж ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн.

 Бусад: Нийслэлийн Багануур дүүргийн 5 дугаар хороо, Нарийны 24 дүгээр гудамжинд иргэн Х-ийн блокон хашаа нурж 5 ханатай гэрт хүн дарагдсан байна гэсэн дуудлагыг 11.26-ны өдрийн 09:30 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 64 дүгээр ангийн 9 алба хаагч, 1 автомашинтай 5.5 км замыг туулан 09:40 цагт очиж 40 минут ажиллаж иргэн Э/13 настай, эмэгтэй, баруун гар/, А /13 настай, эмэгтэй, нуруу гэмтсэн/-г тус тус аварч гарган эмнэлгийн анхны тусламж үзүүлж тус дүүргийн нэгдсэн эмнэлэгт шилжүүлэн өгсөн.

4.Мэдээлэл:

Гамшиг, аюулт үзэгдэл, ослын талаар: Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын Төвийн баг Булган хороололд иргэн Б-ийн 4 ханатай гэр шатаж байна гэсэн мэдээллийг 11.26-ны өдрийн 21:28 цагт хүлээн авсан. Тус сумын Засаг даргын тамгын газрын 10 ажилтан, 1 автомашинтай 1 цаг ажиллаж унтраасан.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top