1.Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Завхан, Өмнөговь, Увс аймгийн нутгийн зарим хэсгээр ялимгүй цас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Хэнтийн уулархаг нутгаар ялимгүй цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи баруун хойноос 6-11 м/с, зүүн аймгуудын нутгаар зарим үед 13-15 м/с хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр 17-22 градус, Хангай, Хэнтэйн уулархаг нутаг, Эг-Үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 13-18 градус, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 5-10 градус, бусад нутгаар 10-15 градус хүйтэн байна.
Улаанбаатар хотод: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос 7-12 м/с, 13-15 градус хүйтэн байна.
Төлөв байдал: 2-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 3-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр ялимгүй цас орж, цасан шуурга шуурна. Бусад хугацаанд цас орохгүй. Салхи 2,3-нд нутгийн зүүн хагаст 13-15 м/с хүрч ширүүснэ. Хугацааны сүүлчээр хүйтний эрч чангарч Дархадын хотгор, Хөвсгөлийн уулс, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг-үүр голын хөндийгөөр шөнөдөө 31-36 градус, өдөртөө 18-23 градус, Хангай, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 28-33 градус, өдөртөө 14-19 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 9-14 градус, өдөртөө 1-6 градус, бусад нутгаар шөнөдөө 20-25 градус, өдөртөө 9-14 градус хүйтэн байна.
2.Гал түймэр:
Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, Рашаантын 8 дугаар гудамжинд амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 11.30-ны өдрийн 13:15 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн 7 албан хаагч, 2 автомашинтай 4.5 км замыг туулан 13:21 цагт очиж, иргэн Ш-ын 3х4 метрийн хэмжээтэй амбаар шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан.
Нийслэлийн Баянгол дүүргийн 10 дугаар хороо, Зүүн нарангийн 11 дүгээр гудамжинд автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 11.30-ны өдрийн 14:28 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 4.5 км замыг туулан 14:33 цагт очиж, иргэн М-ын 4х6 метрийн хэмжээтэй гражийн дээврийн хэсэг, “Портер” загварын ачааны автомашины бүхээгийн хэсэг шатаж байсныг 30 минут ажиллаж унтраасан.
Увс аймгийн Улаангом сумын 4 дүгээр багийн сургуулийн хорооны 8 дугаар гудамжинд иргэн М-ын “Коралла” загварын суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 11.30-ны өдрийн 18:56 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 41 дүгээр ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 2 км замыг туулан 19:01 цагт очиж, автомашин бүрэн шатаж байсныг 12 минут ажиллаж унтраасан.
3.Цацраг химийн бодисын осол:
Аммиакын осол: Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын Арвайхээр багийн “Өв Эко Мийт” ХХК-ийн махны боловсруулах үйлдвэрт аммиакийн хий алдагдаж, үнэртээд байна гэсэн дуудлагыг 11.28-ны өдрийн 12:40 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 7 алба хаагч 1 автомашин, Цагдаагийн газрын 2 алба хаагч 1 автомашин, Тагнуулын газрын 2 алба хаагч, Мэргэжлийн хяналтын газрын 2 албан хаагч, “Өв эко мийт” ХХК-ийн 12 ажилтан, 2 автомашин, нийт 25 хүн, 4 техник хэрэгсэлтэй 11.30-ны өдрийн байдлаар ажиллаж байна. 11.30-ны өдрийн байдлаар “Өв эко мийт” ХХК-ийн мах боловсруулах үйлдвэрийн агуулахын дээврийн хөндийн 2 талд 100х40 см-ийн хэмжээтэй агааржуулалтын хоолой, яс хадгалах өрөөний баруун талын 25 см-ийн хэмжээтэй сендвичэн ханыг нүхэлж агааржуулалтын системүүдийг байрлуулж хуримтлагдсан агаарыг гадагшлуулах ажлыг хийж байна. Гастик багажны угаарын хий, хүхрийн хүчлийг хэмжих гуурсаар 11 цаг 55 минутад яс хадгалах 4 дүгээр камерт хэмжилт хийхэд угаарын хий, хүхрийн хүчил илрээгүй. Мөн малын яс хадгалсан хөргүүрийн өрөөнд 08:30 цагт хэмжилт хийхэд 30 ppm, 13:55 цагт хэмжилт хийхэд 25 ррm, 18:15 цагт хэмжилт хийхэд 19 ррm тус тус аммиак илэрсэн. Хөргүүрийн 3 дугаар камерт хадгалж байсан махнаас аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Мал эмнэлэгийн газраас лабораторийн шинжилгээний дээж авсан. 2 дугаар шугам болон винтелүүдийн хаалт нээлтийг 14:00 цагт шалган хэмжилт хийхэд хий алдагдаж байгаа газар илрээгүй. Мах шулах өрөө болон яс хураасан өрөөнүүдийн винтелүүдийн холбох хэсэг, хаалтуудыг 16:00 цагт шалгахад аммиак илрээгүй.
4.Эрэн хайх, аврах ажиллагаа:
Эрэн хайх ажиллагаа /сураггүй болсон/: Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын “Баянцагаан” багийн “Заан ширээт” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 50 км-т/ Малчин Д гэдэг айлынхаас иргэн М/34 настай, эрэгтэй, хөгжлийн бэрхшээлтэй/ 11.29-ний 16:00 цагийн орчим гэр рүүгээ явна гэж морьтой гараад сураггүй алга болсон тухай мэдээллийг 11.30-ны өдрийн 00:50 цагт хүлээн авсан. Тус сумын цагдаагийн тасгаас 1 алба хаагч, орон нутгаас 3 иргэн, 1 автомашин, ар гэрээс нь 4 иргэн, 2 автомашин, нийт 8 хүн, 3 автомашинтай 11.29-ний өдрийн 16:50 цагаас эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, 11.30-ны өдрийн 12:31 цагт гэрээс нь урд зүгт 20 км-т “Хөндлөнгийн-Айраг” гэдэг газраас эсэн мэнд олж, аав Г-д хүлээлгэн өгсөн.
Өмнөговь аймгийн Сэврэй сумын Бүйлсэн багийн “”Адуунчулуун” гэдэг газар /сумын төвөөс зүүн зүгт 25 км-т/ малчин А /27 настай, эрэгтэй, эрүүл/ 11.29-ний өдрийн 21:00 цагийн орчим согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ явганаар гэрээсээ гараад сураггүй болсон тухай мэдээллийг 12.30-ны өдрийн 01:03 цагт хүлээн авсан. Тус сумын нутгийн захиргааны байгууллагын 5 албан хаагч, 1 автомашин, орон нутгийн 10 иргэн, 3 автомашин, нийт 15 хүн, 4 автомашинтай 01.28 цагт эрэн хайх ажиллагааг зохион байгуулах явцад тухайн иргэн өөрөө гэртээ эсэн мэнд ирсэн тул эрэн хайх ажиллагааг зогсоосон гэж тус сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Ч.Огтбиш аймгийн Онцгой байдлын газарт 11.30-ны өдрийн 07:45 цагт мэдэгдсэн.
5.Мэдээлэл:
Бусад төрлийн мэдээлэл: Дархан-Уул аймгийн Дархан сумын 5 дугаар багийн 207 дугаар байрны 4 дүгээр орцны 1 дүгээр давхарт шатны марш доош цөмөрч 1 хүн дарагдсан тухай дуудлагыг 11.30-ны 17:56 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх бүлгийн 4 алба хаагч 1 автомашинтай 2 км замыг туулан 18:06 цагт, Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн 5 алба хаагч 1 автомашинтай 18:07 цагт очиход тус байрны оршин суугч Т /34 настай эмэгтэй/ нь гэрээсээ гарч явахад шатны марш цөмөрч барилгын хийцэд дарагдсан байсныг Цагдаагийн газрын эргүүлийн цагдаа, цагдаагийн ахлах ахлагч А.Шинэшагай, дэд ахлагч Б.Даваажаргал нар гаргаж, эмнэлэгийн байгууллагад хүргэсэн байсан. /Тухайн иргэний биеийн байдал хэвийн, бүсэлхий, хөл хэсгээрээ хөнгөн зулгарсан байдалтай байна гэсэн мэдээллийг эмнэлгийн байгууллагаас өгсөн./ Тус аймгийн Онцгой байдлын газар, Цагдаагийн газар, Мэргэжлийн хяналтын газар, Дархан сумын Засаг даргын Тамгын газраас ажлын хэсэг тухайн газар шалтгаан нөхцөлийг тогтоохоор ажиллаж байна. /урьдчилсан байдлаар тус байрны зоорийн давхарт алдагдсан ус, чийгний улмаас шатны бэхэлгээний хэсэг чанар байдлаа алдаж шатны хэсэг нурсан байж болзошгүй/ Нуралтын үед тус байрны 100 диаметрийн бохирын 3 метр урттай хуванцар хоолойд гэмтэл гарсныг “Дархан-Ус суваг” ХК-ийн шуурхай бүлэг засварлаж, тухайн орцонд Дархан дулааны сүлжээ” ТӨХК-ийн ажлын хэсэг 4.5 метрийн урттай, 1 метрийн өргөнтэй төмөр хийцийн түр шатыг /тавцан/ хийсэн. Ажиллагаанд тус аймгийн Онцгой байдлын газрын 23 алба хаагч, 2 автомашин, Цагдаагийн газрын 2 алба хаагч, Мэргэжлийн хяналтын газрын 3 алба хаагч, Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын 1, Дархан сумын Засаг даргын Тамгын газрын 5 ажилтан, “Дархан дулааны сүлжээ” ТӨХК-ийн 16 алба хаагч, 1 автомашин, “Дархан-Ус суваг” ХК-ийн 3 алба хаагч, “Дархан Сэлэнгэ цахилгаан түгээх сүлжээ” ХК-ийн 3 алба хаагч, ажилтан, Нийтийн аж ахуй үйлчилгээний газрын 8 ажилтан, 1 автомашин нийт 64 хүн, 3 техниктэй ажилласан.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР