Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Завхан аймгийн нутгаар бага зэргийн цас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байсан.

Өнөөдөр: Нутгийн өмнөд хэсгээр багавтар үүлтэй, бусад нутгаар солигдмол үүлтэй. Зүүн аймгуудын нутгийн зарим газраар ялимгүй цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос 6-11 м/с, зүүн аймгуудын нутгаар 13-15 м/с хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Хөвсгөлийн уулсаар 15-20 градус,  Хангайн уулархаг  нутаг, Завхан голын эх,  Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс,  Онон, Улз, Халх  голын хөндийгөөр 13-18 градус, Хэнтэйн уулархаг нутаг, Эг-Үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, голын хөндийгөөр 9-14 градус, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 1-6 градус, бусад нутгаар 5-10 градус хүйтэн байна.  

Улаанбаатар хотод: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос 6-11 м/с. 8-10 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 3-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр ялимгүй цас орж, цасан шуурга шуурна. Бусад хугацаанд цас орохгүй. Салхи 3, 4-нд нутгийн зүүн хагаст 13-15 м/с хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Хөвсгөлийн уулс, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг-үүр голын хөндийгөөр шөнөдөө 29-34 градус, өдөртөө 16-21 градус, Хангай, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 25-30 градус, өдөртөө 11-16 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 9-14 градус, өдөртөө 1-6 градус, бусад нутгаар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 7-12 градус хүйтэн байна.

2.Гал түймэр:

ААН, байгууллагын өмчид гарсан: Нийслэлийн Баянзүрх дүүргийн 5 дугаар хороонд хүнсний дэлгүүр шатаж байна гэсэн дуудлагыг 12.02-ны өдрийн 03:16 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 7 км замыг туулан 03:25 цагт очиж, 40 минут ажиллаж унтраасан.

Хувийн өмчид гарсан: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Элст багт 8х5 метрийн хэмжээтэй өвлийн байшин шатаж байна гэсэн дуудлагыг 12.01-ний  өдрийн 13:52 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 27 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 1 км замыг туулан 12:53 цагт очиж, 5 минут ажиллаж унтраасан. 

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороонд 24х18 метрийн хэмжээтэй баригдаж байгаа гарааш шатаж байна гэсэн дуудлагыг 12.01-ний өдрийн 18:52 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 10.5 км замыг туулан 19:04 цагт очиж, 35 минут ажиллаж унтраасан.

3.Цацраг химийн бодисын осол:

Аммиакын осолӨвөрхангай аймгийн Арвайхээр сумын Арвайхээр багийн “Өв Эко Мийт” ХХК-ийн махны боловсруулах үйлдвэрт аммиакийн хий алдагдаж, үнэртээд байна гэсэн дуудлагыг 11.28-ны өдрийн 12:40 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 7 алба хаагч, Цагдаагийн газрын 2 алба хаагч, Тагнуулын газрын 2 алба хаагч, Мэргэжлийн хяналтын газрын 2 албан хаагч, “Өв Эко Мийт” ХХК-ийн 12 ажилтан, нийт 25 хүн, 4 техник хэрэгсэлтэй ажиллаж байна. 12.01-ний өдрийн байдлаар 11:10 цагт тус компанийн яс хадгалах 4 дүгээр камерт Гастек багажны угаарын хий, хүхрийн хүчлийг хэмжих гуурсаар хэмжилт хийхэд угаарын хий, хүхрийн хүчил илрээгүй. Мөн малын яс хадгалсан хөргүүрийн өрөөнд 08:30 цагт хэмжилт хийхэд 30 ppm, 15:00 цагт хэмжилт хийхэд 10 ррm тус тус аммиак илэрсэн. Хөргүүрийн 3 дугаар камерт хадгалж байсан яс, хөрс, уснаас аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Мал эмнэлгийн газраас лабораторийн шинжилгээний дээж авсан. Мөн өдрийн 14:00 цагт холбогдох мэргэжлийн байгууллагууд хуралдаж, дээж авсан шинжилгээнүүдийн хариуг хурдан гаргах, дараагийн арга хэмжээг хурдан шуурхай авч хэрэгжүүлэх талаар хэлэлцсэн.

4.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Мөс цөмөрсөн: Баян-Өлгий аймгийн Сагсай сумын Даян багийн “Даяннуур” гэдэг газарт /аймгийн төвөөс баруун хойд зүгт 178 км-т, сумын төвөөс баруун хойд зүгт 148 км-т,  N 48017I40II, E 88052I38.5II/ тус аймгийн Цэнгэл сумаас Хилийн 0165 дугаар ангийн Даянгийн 6 дугаар заставын чиглэлд иргэн А-гийн жолоодож явсан “Стивр” загварын том оврын ачааны автомашин “Даяннуур”-ын мөсөн дээгүүр зорчиж явахад мөс цөмөрч автомашин /1 зорчигчтой/ живсэн тухай дуудлагыг 12.01-ний өдрийн 05:30 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 31 дүгээр ангийн 8 алба хаагч, Хилийн 0165 дугаар ангийн 4 алба хаагч, тус багийн Засаг даргаар ахлуулсан 50 иргэн, нийт 62 хүн, 6 автомашин, 2 мотоциклтой 16:30 цагт очиж, тус нуурын баруун урд эргээс 400 м-т, 3 метрийн гүнд 3 удаа шумбалт хийж,  мөн өдрийн 17:30 цагт тус сумын харьяат иргэн А /25 настай, эрэгтэй/-ын цогцсыг нуураас гаргаж, цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн.

Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын Баян-Овоо багийн “Баян-Овоо” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 5 км-т/ Улаанбаатар хотоос Хэнтий аймгийн Баян-Овоо сумын чиглэлд иргэн Б-гийн /46 настай, эмэгтэй/ жолоодож явсан “Тоёота Акти” загварын суудлын автомашин цасанд суусан тухай дуудлагыг 12.01-ний өдрийн 14:20 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Түмэнцогт сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн 6 алба хаагч, 1 автомашинтай 5 км замыг туулан 14:50 цагт очиж, 30 минут ажиллаж 15:20 цагт автомашиныг татаж гаргасан.

5.Мэдээлэл:

Бусад: Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумын Мөнхбулаг багт иргэн Л-ийн 5 ханатай гэр шатсан тухай  мэдээллийг 12.01-ний өдрийн 16:35 цагт хүлээн авсан. Орон нутгийн 40 иргэн, 8 автомашинтай 16:10 цагт очиж, 20 минут ажиллаж унтраасан тухай мэдээллийг тус сумын Засаг дарга Н.Мөнхбаяр аймгийн Онцгой байдлын газарт мэдээлсэн.

Дундговь аймгийн Луус сумын Наран багийн “Баянхар” гэдэг газарт /сумын төвөөс зүүн зүгт 10 км-т, аймгийн төвөөс баруун зүгт 40 км-т/ тус сумын харьяат иргэн С /35 настай, эрэгтэй, согтууруулах ундаа хэрэглэсэн/-ийн жолоодож явсан улсын дугаар, загвар тодорхойгүй суудлын автомашинтай /2 зорчигчтой/ хөдөө гэр рүүгээ явах замдаа автомашин нь эвдэрч иргэн С-ийг ойролцоох өвөлжөөний хашаанд үлдээгээд иргэн З, Т нар сумын төвөөс сэлбэг аваад ирэхэд сураггүй болсон тухай мэдээллийг 12.02-ны өдрийн 04:22 цагт хүлээн авсан. Тус сумын Засаг дарга Тамгын газрын 3 ажилтан, 1 автомашинтай мөн өдрийн 05:30 цагт эрэн хайх ажиллагаа зохион байгуулж байгаа тухай сумын Засаг дарга Б.Энхжаргал аймгийн Онцгой байдлын газарт мэдээлсэн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top