Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Нутгийн зүүн хэсгээр солигдмол үүлтэй. Хэнтэйн уулархаг нутгаар ялимгүй цас орж,  явган шуурга шуурна. Бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи нутгийн баруун хагаст баруунаас,  бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, тал хээрийн бүс нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор болон Идэр, Тэс голын хөндийгөөр 14-19 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон, Хараа, Ерөө, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 9-14 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 0-5 градус, бусад нутгаар 5-10 градус хүйтэн байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 6-8 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 5,7-нд Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар, 6-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр ялимгүй цас орно. Салхи 4-нд зүүн аймгуудын нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүсч, явган шуурга шуурна. Дархадын хотгор, Хөвсгөлийн уулс, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр голын хөндийгөөр шөнөдөө 27-32 градус, өдөртөө 15-20 градус, Хангай, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 22-27 градус, өдөртөө 10-15 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө  8-13 градус хүйтэн, өдөртөө 1 градус дулаанаас 4 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 6-11 градус хүйтэн байна. Хугацааны эхээр зүүн аймгуудын нутгаар хүйтэн байна.

2.Гал түймэр:

Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Хилчний 61 дүгээр гудамжинд иргэн Х-ын 5 ханатай гэр, эд хогшлын хамт шатаж байна гэсэн дуудлагыг 12.02-ны өдрийн 09:42 цагт хүлээн авсан.  Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 7.5 км замыг туулан 09:54 цагт очиж 15 минут ажиллаж унтраасан.   

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Хувьсгалчдын Б-гийнд иргэн Б-ийн 6х10 метрийн хэмжээтэй байшин, эд хогшлын хамт шатаж байна гэсэн дуудлагыг 12.02-ны өдрийн 13:33 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 5 км замыг туулан 13:40 цагт очиж 20 минут ажиллаж унтраасан.

Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Дуурсах багийн 11 дүгээр гудамжинд иргэн А-ийн 8х12 метрийн хэмжээтэй байшин шатаж байна гэсэн дуудлагыг 12.02-ны өдрийн 15:02 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 16 дугаар ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 3 км замыг туулан 15:07 цагт очиж 1:15 цаг ажиллаж унтраасан.

Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Эрдэнэмандал багийн 31 дүгээр гудамжинд иргэн Т-ын 2х3 метрийн хэмжээтэй амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 12.02-ны өдрийн 15:30 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах аврах 16 дугаар ангийн 5 алба хаагч, 2 автомашинтай 3 км зам туулан 15:38 цагт очиж, 30 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Туулын 9 дүгээр гудамжинд иргэн Х-ийн “Сангвонг” загварын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 12.02-ны өдрийн 16:33 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 2 км замыг туулан 16:39 цагт очиж 10 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 5 дугаар хороо, Нүхтийн аманд иргэн Б-ын “Экскватор” загварын тусгай зориулалтын автомашины цахилгааны утаснууд шатаж байна гэсэн дуудлагыг 12.02-ны өдрийн 20:26 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 30 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 7 км замыг туулан 20:34 цагт очиж 5 минут ажиллаж унтраасан.

Дархан-Уул аймгийн Дархан сумын 1 дүгээр баг Пионерийн 13 дугаар гудамжинд иргэн А-ын 6х8 метрийн хэмжээтэй өвлийн байшин шатаж байна гэсэн дуудлагыг 12.02-ны өдрийн 21:47 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 54 дүгээр ангийн 5 алба хаагч, 1 автомашинтай 1 км замыг туулан 21:50 цагт очиж 50 минут ажиллаж унтраасан.

3.Зам тээврийн осол:

Автозамын осол: Дорноговь аймгийн Өргөн сумын Сүмийн булаг багийн “Түшлэг” гэдэг газар /сумын төвөөс баруун хойд зүгт 32 км-т, аймгийн төвөөс зүүн урд зүгт 29 км-т/ зам тээврийн ослын улмаас төмөр хийцэд 1 хүн хавчуулагдсан тухай дуудлагыг 12.02-ны өдрийн 18:28 цагт хүлээн авсан. Тус аймгийн Эрэн хайх, аврах бүлгийн 5 алба хаагч, 1 автомашинтай 29 км замыг туулан 18:55 цагт очиж, Замын-Үүдээс сумаас Улаанбаатар хотын чиглэлд зорчиж явсан П-ийн “Приус-20” загварын автомашин, Ж-ын “Митцубиши-РВР” загварын автомашинтай мөргөлдөж, иргэн У /35 настай, эмэгтэй/ зүүн хөлний сарвуу хэсэг автомашины төмөр хийцэд хавчуулагдсаныг 55 минут ажиллан аварч гарган аймгийн Нэгдсэн эмнэлэгт хүлээлгэн өгсөн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

  

scroll to top