Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Баруун болон төвийн аймгуудын нутгаар солигдмол үүлтэй. Бусад нутгаар багавтар үүлтэй. Увс нуурын хотгороор ялимгүй цас орно, бусад нутгаар цас орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруунаас 5-10 м/с. Дархадын хотгор болон Завхан голын эх, Идэр, Тэс, Улз, Халх голын хөндий, Хүрэн бэлчир орчим, Дорнод-Монголын тал нутгаар 15-20 градус, Их нууруудын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул голын хөндийгөөр 7-12 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 3 градус хүйтнээс 2 градус дулаан, бусад нутгаар 3-8 градус хүйтэн байна.  

Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас 5-10 м/с. 6-8 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 6-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр ялимгүй цас, 7-нд баруун аймгуудын ихэнх нутгаар, 8-нд баруун болон говийн аймгуудын зарим газраар, 9-нд зарим газраар цас орно. Салхи ихэнх хугацаанд 5-10 м/с, 7-нд Алтайн салбар уулс болон Арц Богдын өвөр хоолойгоор, 8-9-нд зарим газраар 12-14 м/с хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Хөвсгөлийн уулс, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 27-32 градус, өдөртөө 13-18 градус, Монгол-Алтай, Хангай, Хэнтэйн уулархаг нутаг, Эг-Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх  голын хөндийгөөр шөнөдөө 21-26 градус, өдөртөө 8-13 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 3 градус дулаанаас 2 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 3-8 градус хүйтэн байна.

2.Гал түймэр:

Хувийн өмчид гарсанЗавхан аймгийн Улиастай сумын Товцог багт 6х8 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байна гэсэн дуудлагыг 12.04-ний өдрийн 16:09 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 43 дугаар ангийн 6 алба хаагч, 2 автомашинтай 3.5 км замыг туулан 16:14 цагт очиж, 36 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороонд 10х8 метрийн хэмжээтэй 2 давхар байшингийн дээвэр шатаж байна гэсэн дуудлагыг 12.04-ний өдрийн 19:32 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 1 км замыг туулан 19:35 цагт очиж, 20 минут ажиллаж унтраасан.

Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороонд 4 ханатай гэр шатаж байна гэсэн дуудлагыг 12.04-ний өдрийн 22:31 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 9 км замыг туулан 22:42 цагт очиж, 10 минут ажиллаж унтраасан.

Дархан-Уул аймгийн Дархан сумын 8 дугаар багийн “Бага буянт” ХХК-ийн хашаанд 4х8 метрийн хэмжээтэй өвлийн байшин шатаж байна гэсэн дуудлагыг 12.04-ний өдрийн 22:59 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн 9 алба хаагч, 2 автомашинтай 4 км замыг туулан 23:04 цагт очиж, 15 минут ажиллаж унтраасан.

Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Дулаанхаан тосгонд төрийн албан хаагчдын 10х8 метрийн хэмжээтэй 4 айлын орон сууц шатаж байна гэсэн дуудлагыг 12.05-ны өдрийн 02:28 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 36 дугаар ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 51 км замыг туулан 03:07 цагт очиж, 1 цаг 27 минут ажиллаж унтраасан.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top