Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Нутгийн баруун хагаст үүлэрхэг. Хангайн уулархаг нутгаар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Бусад нутгаар солигдмол үүлтэй, цас орохгүй. Салхи баруунаас 6-11 м/с, Алтайн салбар уулсаар 13-15 м/с хүрч ширүүснэ. Дархадын хотгор болон Идэр, Тэс голын хөндийгөөр 12-17 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 8-13 градус хүйтэн,  Алтайн өвөр говь болон говийн бүс нутгийн баруун хэсгээр 3 градус хүйтнээс 2 градус дулаан, бусад нутгаар 3-8 градус хүйтэн байна.  

Улаанбаатар хотод: Үүлэрхэг. Цас орохгүй. Салхи баруунаас 6-11 м/с. 6-8 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 9-нд нутгийн зарим газраар, 10-нд нутгийн зүүн хагаст, 11-нд нутгийн зүүн хэсгээр, 12-нд зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи 9,10-нд ихэнх нутгаар 12-14 м/с хүрч ширүүснэ. 9-нд нутгийн хойд хэсгээр, 10,11-нд нутгийн зүүн хагаст хүйтний эрч чангарч Дархадын хотгор болон Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 30-35 градус, өдөртөө 17-22 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг-Үүр, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 25-30 градус, өдөртөө 14-19 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 11-16 градус, өдөртөө 2-7 градус, бусад нутгаар шөнөдөө 19-24 градус, өдөртөө 9-14 градус хүйтэн байна. 12-нд нутгийн баруун хэсгээр өдөртөө хүйтний эрч суларна.

2.Гал түймэр:

Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 43 дугаар хороонд 8х6 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байна гэсэн дуудлагыг 12.07-ны өдрийн 11:22 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 5.5 км замыг туулан 11:34 цагт очиж, 5 минут ажиллаж унтраасан.

Увс аймгийн Улаангом сумын 12 дугаар багт иргэн О-гийн Мицубиши Голт” загварын суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 12.08-ны өдрийн 02:00 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 41 дүгээр ангийн 5 алба хаагч, 1 автомашинтай  очиж, 15 минут ажиллаж унтраасан.

3.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Эрэн хайх ажиллагаа /сураггүй болсон/: Өмнөговь аймгийн Цогтцэций сум (Тавантолгой)-ын төвд Хэнтий аймгийн Хэрлэн сумын харьяат иргэн Т /26 настай, эрэгтэй, согтууруулах ундаа хэрэглэсэн/ 12.08-ны өдрийн 01:12 цагт эгч Э-д хаана байгаагаа мэдэхгүй, цээж нүцгэн, жинсэн өмдтэй, түрийтэй гуталтай, гэрэл харагдахгүй тал газар явж байна гэж утсаар ярьсан тухай дуудлагыг 12.08-ны өдрийн 01:28 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Цогтцэций сум дахь Гал түймэр унтраах, аврах 44 дүгээр ангийн 5 алба хаагч, 1 автомашинтай мөн өдрийн 04:45 цагаас эхлэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top