Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Баруун болон төвийн аймгуудын нутгаар үүлшинэ. Хангайн уулархаг нутгаар ялимгүй цас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи нутгийн баруун хагаст баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс 5-10 м/с, Алтайн салбар уулсаар 13-15 м/с хүрч ширүүснэ. Дархадын хотгор болон Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор 15-20 градус, Их нууруудын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул голын хөндийгөөр 8-13 градус хүйтэн, говийн бүс нутгийн баруун хэсгээр 3 градус хүйтнээс 2 градус дулаан, бусад нутгаар 3-8 градус хүйтэн байна.  

Улаанбаатар хотод: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс 6-11 м/с, 5-7 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 8-нд Хангайн уулархаг нутгаар, 9-нд нутгийн зарим газраар, 10-нд нутгийн зүүн хагаст, 11-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи 8-нд Алтайн салбар уулс болон Арц Богдын өвөр хоолойгоор, 9-нд зарим газраар, 10-нд говь талын нутгаар 13-15 м/с хүрч ширүүснэ. Дархадын хотгор болон Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 26-31 градус, өдөртөө 13-18 градус, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Эг-Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон голын хөндийгөөр шөнөдөө 20-25 градус, өдөртөө 8-13 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 9-14 градус, өдөртөө 0-5 градус, бусад нутгаар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 5-10 градус хүйтэн байна.

2.Гал түймэр:

Хувийн өмчид гарсан: Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Борхойн багт амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 12.06-ны өдрийн 15:24 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 17 дугаар ангийн 6 алба хаагч, 2 автомашинтай 1 км замыг туулан 15:28 цагт очиж, 3х12 метрийн хэмжээтэй амбаар шатаж байсныг 25 минут ажиллаж унтраасан.

Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 12.06-ны өдрийн 21:32 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 4.5 км замыг туулан 21:38 цагт очиж, иргэн Ү-гийн 8х9 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг 25 минут ажиллаж унтраасан.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top