Г.Бямбасүрэн: Дэлхийгээс сар руу гурван удаа явсантай тэнцэх замыг туулсан “саятан” жолооч

GJ1A0662.jpg

Таарах бүртээ “Амрыг эрье” гээд мэндлээд л өнгөрдөг түүнтэй уулзаж, сайхан яриа өрнүүлэх юмсан гэж бодож явсаар хоёр жил гаруй хугацаа өнгөрсөн байна. Инээгээд л зөрдөг “танил” хүнтэйгээ ярилцлаа гэж бодсон ч түүний ертөнц дэндүү уужим аж. Магадгүй ажлынх нь онцлог ч байж болох. Түүнийг Гомбосүрэнгийн Бямбасүрэн гэдэг. ОБЕГ-ын даргын жолооч гэвэл хүн бүрт л танил санагдах нь лавтай биз ээ. Ингээд түүнтэй хэрхэн хөөрөлдсөнөө толилуулья.

-Тантай тухтай ярилцах гэсээр яваад удчихлаа. Томилолтоос ирээд удаагүй байна. Сайн явж ирэв үү?

Сайн явж ирлээ. Баруун бүсийн аймгуудаа тойроод л ирлээ. Ажил болохоор хэзээ, хаашаа ч явж магадгүй шүү дээ. Намайг зориод ирсэн учрыг асууж болох уу?

 -Бололгүй яахав. Таныг “Онцгой мэдээ “сониныхоо “Хүндэт зочин” буланд урих гээд?

Сандраад л явчихлаа шүү ах нь. /инээв/  Баянхонгор аймгийн уугуул. Нутгаасаа ажил, амьдралын гараагаа эхэлсэн. Онцгой байдлын байгууллагад 16 дахь жилдээ ажиллаж байна. Анх 2003 оны 12 сард Иргэний хамгаалалтын байгууллага гэж байхад нь  шуурхай албаны автомашины жолоочоор ажилд орсон. Тэр цагаас хойш үүргээ биелүүлээд л явна даа.  Хоёр жилийн өмнөөс Онцгой байдлын ерөнхий газрын даргын жолоочийн үүрэгт ажлыг хийж байна.

 -Гэхдээ таныг 30 гаруй жил жолоо мушгиж байгаа гэж сонссон?  

 Жолооч болно гээд багаасаа  мөрөөдсөн. Бага байхад ахынд маань жолооч нар их ирнэ. Тэгээд машиныг нь унамаар санагдана. Бензин, тос нь гоё үнэртэнэ. Амгаланд байрлах Хилийн цэргийн авто батальоны 0164 дүгээр ангид цэргийн алба хаахаар  1982 онд хуваарилагдсан. Тухайн ангидаа жолоочоор нэг жил бэлтгэгдээд Дорнод аймгийн Хилийн цэргийн 0132 дугаар ангид томилогдоод хоёр жил үүрэг гүйцэтгэхдээ тээврийн жолооч хийсэн. Ингэж л миний жолооч болох эхлэл тавигдаж байлаа. 0164 дүгээр анги жолооч бэлтгэдэг байж таарсан нь сонин хувь тохиол шүү.  1985 онд цэргээс халагдаж ирээд Баянхонгор аймгийн Авто 18 дугаар баазад жолоочоор ажилд орсон. Албан байгууллагуудын захиалгаар хөдөө, орон нутагт томилолтоор явдаг ажилтай. Ингэж явсаар байгаад л Онцгойгийн хүн болсон доо.

– Таны бага насны тухай яриа дэлгэмээр байна?

Би чинь эхээс долуулаа. Айлын тав дахь. Зургаан настай байхад аав минь бурхан болсон. Ээж минь өндөр настай хүн байгаа. Бусдын л адил мал маллаж өссөн. Өглөөний үүрээр хэдэн бор ааруул өвөртлөөд л гарна. Үдшийн бүрийгээр л орж ирнэ.Тэгээд сургуульд ороод л биеэ даасан даа. Арван жилээ Баянхонгор аймгийн 1 дүгээр сургуульд дүүргэсэн. Төгсөөд жил ОХУ-ын барилгын коллежид суралцаж ирээд цэргийн алба хаасан. Ийм л товчхон намтартай хүн дээ. 

-Жолооч болсноосоо хойш хичнээн км замыг туулж, албаны ажлыг амжуулсан бол. Тийм тооцоолол гаргаж үзсэн үү?

 Жилдээ бол 60 мянга орчим км замыг туулдаг юм байна лээ. Ингээд тооцоод үзэхээр сая гаруй км замыг туулж, амьдралынхаа түүхийг бүтээсэн байна. Техникийн хэлээрээ бол сая тн км. Энэ нь дэлхийгээс сар хүртэл 3 удаагийн явсан замтай тэмцэж байгаа юм уу даа. /инээв/ Сар дэлхий хүртэл 384 мянга км зайтай байдаг гэхээр сонин ч байж болох. Аймагтаа жолоочоор ажилладаг байхдаа ч, Онцгойн алба хаагч болоод ч баяр наадам, тэмдэглэлт ой гээд чухал арга хэмжээнүүдэд оролцож амжихгүй үе зөндөө. Хүүгээ төрөхөд нь хүртэл хөдөө томилолттой Завхан аймгийн Отгон суманд ажлаар явж байсан л хүн шүү дээ. Энэ жил гэхэд албаныхаа 15 жилийн ойгоор Баруун аймгуудаар томилолтоор явж таарсан./инээв/ Бид гурван хүүхэдтэй. Ганц хүүтэй. Хүүгээ төрөх үед эхнэр маань эмнэлэгт дуудлага өгөхөд эмнэлгийн жолооч нь байхгүй. Тэгээд өөр сумын жолоочийг явуулсан юм байна. Тэр жолооч нь намайг Баянхонгор аймгийн Гурванбулаг суманд явж байхад таараад, мэндлээд өнгөрсөн таньдаг жолооч байсан юм. Тэгээд танай нөхөртэй таарсан, тэнд явж байна билээ гээд эмнэлэгт хүргэж өгсөн гэдэг. Энэ мэт гэрийн бараа их л бага хардаг хүн дээ. Нэг жил ажлын тайлан гаргаж үзтэл тэр жилийн 365 хоногийн 80 гаруй хоногт нь л гэртээ хоносон байдаг юм.

-Энэ хэзээний тооцоолол вэ. Бас л сонин түүх хөврөх нь дээ?

Би Онцгой байдлын байгууллагын 2009, 2010 оны тэргүүний жолоочоор хоёр жил дараалан шалгарсан. Энэ шагналд намайг тодорхойлох гээд ажлын тайлангаа бичээд ир гэхгүй юу. Тэгээд л тэр жилийнхээ явсан томилолт, орон нутгаар явсан хоногоо тооцоод үзэхэд 80 гаруй хоног нь гэртээ байж таарсан. Үлдсэн 260 гаруй хоногт нь хөдөө томилолтоор явж байсан гэсэн үг.

-Тэгвэл жолооч болсноосоо хойш өнөөдрийг хүртэл та хичнээн машин сольж унасан бол?

Холын замд саадгүй хүрэх, ажлаа амжилттай, хугацаанд нь биелүүлэхэд жолооч хүний  хамгийн чухал хэрэгсэл бол мэдээж автомашин. Нийт 36 жил жолоо барихдаа 20 гаруй төрлийн автомашин барьсан байдаг юм. Үүнээс албанд 9 автомашиныг жолоодсон байна. Анх фургон автомашинтайгаар үүрэг гүйцэтгэдэг байлаа. Даргын жолооч болохоосоо өмнө Ланд 105 автомашинтай орон нутагт томилолтоор явдаг байсан. Явсан томилолтоосоо ирээгүй байхад л хаана явна дөхөж байна уу гээд асууна. Ирэнгүүтээ дараагийн томилолтын хүмүүсээ аваад л аян замдаа гарна. Одоо бол Ланд 200 автомашинтайгаар  даргын жолооч хийж байна. Даргын жолооч боллоо гээд хөдөө, орон нутгаар томилолтоор явах ажил минь багасаагүй.

-Таньд бараг очиж үзээгүй аймаг, сум гэж байхгүй байх аа?

Анхны орон нутгийн томилолт Хэнтий аймгийн Батширээт сум байлаа. Түүнээс хойш очиж үзээгүй аймаг гэж байхгүй.  Харин одоо бодоход хоёр суманд л очоогүй юм байна. Хөвсгөлийн Ренчинлхүмбэ, Ханх хоёр.  Монгол орноо жилд хоёр тойрох тохиолдол ч байдаг шүү.  Эх орны минь тал нутаг уужим, хүн ард нь сэтгэл тэнэгэр сайхан шүү дээ. Аяны дөрөө саадгүй, ажил, үйлсээ бүтээгээд л албандаа, ар гэртээ ирэх шиг баяр бахдал байдаггүй юм даа.

-Таны хувьд шуурхай албаны жолоочоор олон жил ажилласан. Одоо даргын жолоочоор ажиллаж байгаа. Ажил, үүргийн хувьд хэр ялгаатай байна?

 Нэгдүгээрт би тангараг өргөсөн алба хаагч. Хоёрдугаарт би үүргээ биелүүлж байгаа. Нэг томилолтоос ирээд л дараагийн томилолт руу явдаг байсан нь цөөрсөн байна. Өөрөөр бол өөрчлөгдсөн зүйл байхгүй ээ. Хөдөө, орон нутагт явахдаа хамт яваа хүмүүсийнхээ эрүүл мэнд, амь насыг даагаад явна гэдэг маш том хариуцлага. Өвөлдөө халтиргаа гулгаа, зундаа шавар шалбааг гээд бартаат зам ч байна. Саадгүй давхиад зорьсон газартаа хүрэх  сайхан. Гэхдээ өдөр, шөнийг ялгалгүй, амралт, зав багатай явна гээд  тухайн үеийн нөхцөл байдлаас л шалтгаална шүү дээ.

-Маргааш томилолтоор явна гэхээр хамгийн эхэнд юу санаанд тань ордог вэ?

Автомашины бүрэн бүтэн байдал. Холын замд гарна, хэд хоногоор явахаа тооцоолно. Хаагуур яаж явахаа бодно. Зам харгуйг харна гээд бэлтгэлээ л сайн хангана даа.

Хөдөө орон нутгаар томилолтоор явж байгаа хүмүүс дандаа л таниас явах газрынхаа зам харгуйг асуудаг гэж сонссон. Та бараг газрын зураг харж байгаа юм шиг л заана биз?

Засмал замаар шулуун яваад хүрдэг зам бол заалтгүй өөрөө хөтлөөд очдог. Харин олон салаа шороон зам бол бас л  хэцүү ш дээ. Аль замыг нь дагавал зорьсон газартаа хүрэх бол гээд асуудал байлгүй яахав. Тийм болохоор зорьж байгаа газрынхаа замын тооцооллыг гаргахдаа асууна. Хаагуур нь явбал дөт, шулуун байх, саадгүй хүрэх гээд бүх зүйлийг л асуудаг юм.  Миний хувьд жилдээ бараг Монгол орноо хоёр, гурав тойрдог болохоор асуусан асуулт  бүрт нь л хариулахыг хичээнэ. Зарим нь замд явж байгаад л аль замаар явах вэ гээд л утсаар лавлах үе зөндөө л байдаг. Тэр болгонд л чадах чинээгээр туслахыг боддог доо.

-Албаны маань үүсэл, хөгжил таны энэ байгууллагатай амьдралаа холбосон он жилүүдтэй чацуу. Алба хаагчийн хувьд байгууллагынхаа өсөлт, дэвшлийг яаж хардаг вэ?

Жилээс жилд Онцгой байдлын байгууллагын үйл ажиллагаа өргөжиж байна. Монгол орны өнцөг булан бүрт газар, хэлтэс, анги, байгууллагууд байгуулагдаж, ард иргэдэд төрийн үйлчилгээг шуурхай хүргэж байна. Алба хаагчдынхаа нийгмийн баталгааг хангах төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байна. Энэ талаар Онцгой байдлын байгууллагын удирдлагууд маань ч маш сайн ажиллаж байгаа гэж боддог. Алба хаагч надад энэ бүх зүйл мэдрэгдэж, өөрчлөгдөж байна гэдэг бол маш том дэвшил. Ялангуяа сүүлийн жилүүдэд тоног төхөөрөмж, хувцас хэрэглэл, шинэ анги салбаруудын нээлт гээд хүн бүрийн хүсээд байгаа тэр хөгжил рүү явж байна. Монгол орны минь өнцөг булан бүрт Онцгой байдлын байгууллагын салбар, нэгж байгуулагдаж байна. Үүний буянаар л би эх орныхоо сайхныг бишрээд л явж байна шүү дээ.

Тийм шүү. Хамгийн их анзаарагддаг байлгүй?

Тэгэлгүй яахав.Т.Бадрал генерал маань ч  гэсэн орон нутагт тулгамдаж байгаа асуудлыг тухай бүрт нь шийдээд, алба хаагчидтай уулзалт хийж, санаа бодлыг сонсож байгааг нь хараад баярладаг юм. Цэргийн дарга цэргийнхээ төлөө гэдэг үгийн эзэн гэж ойлгодог доо.  Хөдөө, орон нутгийн алба хаагчид маань аав нь ирсэн юм шиг л тосож угтаад, асуудлаа шийдүүлээд л үлддэг. Хараад баярлаж л явдаг шүү. Сайхан шүү дээ өмнөөс нь баярлаад, явсан зорилго биелэсэн болохоор тэгдэг байх даа.

Та их дөлгөөхөн хүн шүү?

  Бусадтай сайхан мэндлэх, хүндлэх, туслах, хайрлах хүмүүжлийг бол багаасаа л өвлөсөн. Албанд орсноос хойш ажлыг барагтай бол тасалж үзээгүй. Миний үүрэг учраас шалтгаан тоочих эрхгүй. Нөгөө талаар цаг их баримтална, өгсөн үүргийг нь тухай бүрт нь гүйцэтгэх гээд олон зан чанарыг эрхэмлэж явдаг даа.

– Ханьтайгаа хэрхэн танилцаж байв. Гэр бүлээрээ албанд зүтгэнэ гэдэг бас ховорхон тохиол байх?

Цэрэгт явж ирээд 1987 онд ханьтайгаа танилцаж байлаа. Тухайн үед эхнэр маань Баянхонгор аймгийн “Техник туслалцааны барилга тресст”-д цалингийн нягтлан бодогчоор ажилладаг. Би болохоор Авто 18 дугаар баазад жолооч ажилтай. Манай ажлын онцлог албан байгууллагын захиалгаар байгууллагуудад очиж үйлчилдэг байсан. Ажлын шугамаар явж байгаад л танилцсан даа. /инээв/ Тэгээд хоёр жилийн дараа хуримаа хийж, ханилснаас хойш 30 жил болсон байна.

-Ажлыг нь хамгийн их ойлгоно биз?

Манайх нь гэр бүлээрээ Онцгой байдлын албанд зүтгэж байгаа. Гэхдээ бага охин маань өөр мэргэжилтэй. Том охин, хүү хоёр маань багаасаа л аавынхаа ажилд орно гэж ярьсаар байгаад л энэ албыг сонгосон.  Аавынхаа ажилд орно гээд хэлэхэд нь манай албанд “шилдэг” хүмүүс л ордог юм гэдэг байлаа. Тэр яриа ч биелэлээ олсон. Өөрсдөө мөрөөдөөд, зориод ажил, мэргэжлээ сонгосон болохоор ажлаа сэтгэлээсээ хийгээрэй л гэж захидаг. Бид чинь нэг нэгнийхээ ажлыг ойлгоод, дэмжээд л сайхан.  Жилийн бараг талд нь орон нутагт томилолттой байдаг болохоор ар гэрийн ажлыг хань минь л амжуулна шүү дээ. Ер нь бол манай хүүхдүүд чинь хадам аав, ээж, дүүгийн асрамжинд л хүн болсон. Ар гэр тайван байхад ажил, үүргээ гүйцэтгэхэд сэтгэл амар байдаг юм.

-Бусдаас урам зориг, ухаарал хайрлах үг сонсох сайхан байдаг шүү. Залуучуудад хандаж хэлэх зөвлөгөөгөөр тань яриагаа өндөрлөе?

Хамгийн гол нь хүндэтгэл. Нэг нэгнээ гэсэн сэтгэлтэй, эв найрамдалтай, ажлын бүтээмж өндөртэй байвал бүх  зүйл бүтдэг юм шиг санагддаг. Онцгой байдлын алба гэхээр хүн бүр мэддэг болж. Бахархдаг, баярладаг болсон байна. Ажил хийвэл ам тосдоно гэж сайхан үг бий. Ажиллах хугацаандаа албаныхаа болон төрийнхөө хайр, хүндэтгэлийг хүртэж, олон ч гавьяа шагналаар шагнуулсан. Энэ бол миний хийсэн ажлыг үнэ цэнийг гэхээс илүү алба, ажлын минь онцлогийг ойлгож, хэмжсэн хэмжүүр гэж хүлээж авдаг. Тиймээс чин сэтгэлээрээ зүтгээд л бай. Үр шим нь үржин дэлгэрэх болно гэж дүү нартаа захимаар байна.   

-Ярилцсан танд баярлалаа. Алтан шар зам тань өлзийтэй байх болтугай.

Эх сурвалж: “Онцгой мэдээ” сонин

scroll to top