Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Өнгөрсөн хоногт: Улаанбаатар хот болон Архангай,  Дархан-Уул, Дорноговь, Дундговь, Завхан, Өвөрхангай, Өмнөговь, Сэлэнгэ, Төв, Хөвсгөл аймгуудын нутгаар цас орж, Өвөрхангай аймгийн нутгийн зарим хэсгээр цасан шуурга шуурсан.

   Өнөөдөр: Нутгийн зүүн хагаст үүлэрхэг. Төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос 5-10 м/с, говь талын нутгаар 12-14 м/с хүрч ширүүснэ. Хүйтэрч Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 16-21 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон голын хөндийгөөр 10-15 градус хүйтэн, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 0-5 градус, бусад нутгаар 5-10 градус хүйтэн байна.  

Улаанбаатар хотод: Цас орно. Салхи баруун хойноос 7-12 м/с явган шуурга шуурч, 10-12 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 11-нд Хэнтийн уулархаг нутгаар, 12-нд төвийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн зарим газраар ялимгүй цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи 12-нд говь, тал, хээрийн нутгаар 12-14 м/с хүрч ширүүснэ. Хүйтэрч ихэнх хугацаанд Дархадын хотгор болон Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 30-35 градус, өдөртөө 17-22 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Эг-Үүр, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 22-27 градус, өдөртөө 12-17 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, цас багатай энгэр ээвэр газраар шөнөдөө 10-15 градус хүйтэн, өдөртөө 1 градус дулаанаас 4 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 17-22 градус, өдөртөө 6-11 градус хүйтэн байна. 14-нд өдөртөө ихэнх нутгаар хүйтний эрч суларна.

2.Гал түймэр:

Хувийн өмчид гарсан: Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Оюут багийн 2 дугаар гудамжинд иргэн О-ийн эзэмшлийн граж, ачааны автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 12.09-ний өдрийн 07:58 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 21 дүгээр ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 2 км замыг туулан 08:01 цагт очиж, 12х8 метрийн хэмжээтэй граж, иргэн Т-ийн эзэмшлийн “Бонго пронтиер” загварын ачааны автомашин шатаж байсныг 1 цаг 19 минут ажиллаж унтраасан.

Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл тосгоны 5 дугаар багийн Замчдын хэсгийн 7 дугаар байранд иргэн Х-ийн 10х12 метрийн хэмжээтэй байшин шатаж байна гэсэн дуудлагыг 12.09-ний өдрийн 13:25 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Мандал сум дахь Гал түймэр унтраах, аврах 19 дүгээр ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 42 км замыг туулан 14:39 цагт очиж, дээвэр болон хана хэсэг шатаж байсныг 40 минут ажиллаж унтраасан.

Дундговь аймгийн Сайнцагаан сумын Арвижих багийн 14 дүгээр гудамжинд иргэн Д-ийн эзэмшлийн “Фун карго” загварын суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 12.09-ний өдрийн 16:36 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 25 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 2 км замыг туулан 16:39 цагт очиж, 5 минут ажиллаж унтраасан.

Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр багийн “Цэнхэр” хороолол дахь нийтийн аж ахуй, үйлчилгээний газрын 15 дугаар гүний худаг Худаг шатаж байна гэсэн дуудлагыг 12.09-ний өдрийн 21:00 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 52 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 0.5 км замыг туулан 21:01 цагт очиж, 3х4 метрийн хэмжээтэй худгийн байр шатаж байсныг 45 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, Нуурын 7 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 12.10-ны өдрийн 01:30 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 4 км замыг туулан 01:35 цагт очиж, иргэн Г-ийн 8х8 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан.

3.Мэдээлэл:

Объектын түймрийн талаар: Ховд аймгийн Дуут сумын Хөх бэлчир багийн нутаг “Цагаан хад” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 70 км-т, сумын төвөөс хойд зүгт 30 км-т/ малчин О-ийн 5 ханатай гэр 12.08-ны өдрийн 23:25 цагийн орчим бүрэн шатсан. Мэдээллийг 12.09-ний өдрийн 07:20 цагт тус аймгийн Цагдаагийн газрын Эрүүгийн мөрдөн байцаагч, цагдаагийн ахмад М.Лхагвадорж аймгийн Онцгой байдлын газарт мэдээлсэн.  

Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Шувуут багийн “Одончулуутын-Эх” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 60 км-т, сумын төвөөс 13 км-т/ малчин О-ийн 5 ханатай гэр 12.08-ны өдрийн 17:00 цагт бүрэн шатсан. Мэдээллийг 12.09-ний өдрийн 13:45 цагт тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга З.Батдорж аймгийн Онцгой байдлын газарт мэдээлсэн.

4.Эрэн хайх, аврах ажиллагаа:

/Сураггүй алга болсон/ : Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумын Хайрхан багийн “Ар булаг” гэдэг газар /сумын төвөөс баруун хойд зүгт 7 км-т, аймгийн төвөөс зүүн урд зүгт 100 км-т/ малчин Т /36 настай, эмэгтэй/ 12.09-ний өдрийн 17:40 цагийн орчим малаа хотлуулна гэж гэрээсээ гараад сураггүй алга болсон тухай мэдээллийг 12.09-ний өдрийн 18:45 цагт нөхөр Н тус аймгийн Онцгой байдлын газарт өгсөн. Тус аймгийн Цагдаагийн газрын Есөнзүйл сум дахь Цагдаагийн хэсгийн төлөөлөгч, дэслэгч А.Мөнх-Эрдэнээр ахлуулсан нутгийн захиргааны байгууллагын 4 ажилтан, 1 автомашинтай мөн өдрийн 18:45 цагт эрэн хайх, аврах ажиллагааг зохион байгуулж, 22:50 цагт гэрээс нь баруун хойд зүгт 8 км-т “Ар булагийн-Адаг” гэдэг газар нутагладаг малчин Б-ийнд байхад нь эсэн мэнд олж ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн гэж дэслэгч А.Мөнх-Эрдэнэ аймгийн Онцгой байдлын газарт мэдээлсэн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top