Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Дорнод, Ховд аймагт бага зэргийн цас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Увс нуурын хотгороор ялимгүй цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи төв болон говийн аймгуудын нутгаар баруун өмнөөс бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр. Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 15-20 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 11-16 градус, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар 7-12 градус хүйтэн, Алтайн өвөр говь, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, бусад нутгаар 3-8 градус хүйтэн байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс  секундэд 5-10 метр. 7-9  градус хүйтэн байна.

Төлөв байдал: 15-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 16,17-нд зарим газраар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи 15-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 16-нд зарим газраар, 17-нд говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хугацааны эхээр Дархадын хотгор болон Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 26-31 градус, өдөртөө 13-18 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг-Үүр, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 20-25 градус, өдөртөө 8-13 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай энгэр ээвэр газраар шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 3 градус дулаанаас 2 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 14-19 градус, өдөртөө 2-7 градус хүйтэн байна. 16,17-нд ихэнх нутгаар хүйтэрнэ.

2.Гал түймэр:

ААН, байгууллагын өмчид гарсан: Өвөрхангай аймгийн Хархорин сумын Ганган-Орхон багийн “Ардын нам”-ын байр 6х5 метрийн хэмжээтэй уурын зууханд гал гарч байна гэсэн дуудлагыг 12.12-ны өдрийн 18:40 цагт хүлээн авсан. Тус сумын Онцгой байдлын хэлтсийн  Гал түймэр унтраах, аврах 45 дугаар ангийн 5 алба хаагч,1 автомашинтай 2 км замыг туулан 18:42 цагт очиж 20 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Баянгол дүүргийн 6 дугаар хороо, UB цамхагийн 14 давхарт иргэн О-ийн SKY солонгос рестораны гал тогооны хэсэг шатаж байна гэсэн дуудлагыг 12.13-ны шөнийн 01:35 цагт хүлээн авсан.  Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар  ангийн 10 алба хаагч, 3 автомашинтай 4 км замыг туулан 01:40 цагт очиж 20 минут ажиллаж унтраасан.

Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо Дунд Дарь-Эхийн 7 дугаар гудамжинд иргэн Б-ийн 5х6 метрийн хэмжээтэй гарааш шатаж байна гэсэн дуудлагыг 12.12-ны өдрийн 11:07 цагт хүлээн авсан. Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 6 км замыг туулан 11:14 цагт очиж 40 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Багануур дүүргийн 5 дугаар хороо, Залуусын 20-3 тоотод иргэн Н-ийн 15х7 метрийн хэмжээтэй байшин шатаж байна гэсэн дуудлагыг 12.12-ны өдрийн 18:57 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 64 дүгээр ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 3.5 км замыг туулан 19:03 цагт очиж 30 минут ажиллаж унтраасан.

Дорноговь аймгийн Сайншанд сумын 3 дугаар багийн Залуусын 116 дугаар нийтийн байранд иргэн Б-ийн “Буян” төвийн 12х8 метрийн хэмжээтэй өрөө шатаж байна гэсэн дуудлагыг 12.12-ны өдрийн 19:55 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 33 дугаар ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 1.3 км замыг туулан 19:58 цагт очиж 55 минут ажиллаж  унтраасан.

Нийслэлийн Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, 157 дугаар байрны хажууд иргэн Э-ын 5х4 метрийн хэмжээтэй гараашт  цахилгаан бараа, эд хогшил шатаж байна гэсэн дуудлагыг 21:00 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 3.5 км замыг туулан 21:05 цагт 5 минут ажиллаж унтраасан.

3.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Өндрөөс аврах: Нийслэлийн Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо Алтантэвш 20 дугаар нийтийн байр 3 дугаар давхарт эрэгтэй хүн хөлөө унжуулаад сууж байна гэсэн дуудлагыг 12.13-ны шөнийн 23:02 цагт хүлээн авсан.  Нийслэлийн аврах ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 9.5 км замыг туулан 23:12 цагт очиж 20 минут ажиллаж тус байрны иргэн Г /33 настай, эрэгтэй/ цонхон дээрээ сууж байсныг аюулгүй болгон аварч тус дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэст шилжүүлэн өгсөн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top