Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Төв аймгийн нутгаар бага зэрэг цас орсон.Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

   Өнөөдөр: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Хэнтэйн уулархаг нутгаар ялимгүй цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи баруун хойноос 5-10 м/с. Хүйтэрч  Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 25-30 градус, Дархадын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутаг болон Эг, Үүр голын хөндийгөөр 20-25 градус, Хангай, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 17-22 градус, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгаар 9-14 градус, Алтайн өвөр говиор 3-8 градус, бусад нутгаар 12-17 градус хүйтэн байна.    

Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй, цас орохгүй, салхи баруун хойноос 5-10 м/с, 15-17 градус хүйтэн байна.

Төлөв байдал:  19-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 20-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр ялимгүй цас, 21-нд төв болон говийн аймгуудын зарим газраар, 22-нд баруун аймгуудын нутгийн өмнөд, зүүн аймгуудын нутгийн зарим хэсгээр цас орно. Салхи 19-нд нутгийн зүүн хагаст, 20, 22-нд Алтайн салбар уулсаар, 21-нд говь талын нутгаар 12-14 м/с хүрч ширүүснэ. Дархадын хотгор болон Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 34-39 градус, өдөртөө 24-29 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Эг-Үүр, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 28-33 градус, өдөртөө 16-21 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай энгэр ээвэр газраар шөнөдөө 16-21 градус, өдөртөө 5-10 градус, бусад нутгаар шөнөдөө 22-27 градус, өдөртөө 12-17 градус хүйтэн байна.

2.Гал түймэр:

ААН, байгууллагын өмчид гарсан:Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хорооны “Баруун салаа”-ны  “Задгай”-д Баян-Уул амралтын газрын нам даралтын зуухны 5х4 метрийн хэмжээтэй өрөөний дээврийн хэсэг шатаж байна гэсэн дуудлагыг 12.18-ны өдрийн 05:02 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 13 км зам туулан 05:20 цагт очиж 30 минут ажиллаж унтраасан.

Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны “Сэлбэ”-ийн 15 дугаар гудамжинд иргэн А-ын 8х5 хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байна гэсэн дуудлагыг 12.17-ны өдрийн 12:44 цагт хүлээн авсан. Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 8 км зам туулан 12:58 цагт очиж 40 минут ажиллаж унтраасан.

Булган аймгийн Булган сумын Булган багийн 10 дугаар гудамжинд иргэн Т-ын 10х10 метрийн хэмжээтэй байшин шатаж байна гэсэн дуудлагыг 12.17-ны өдрийн 22:56 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 20 дугаар ангийн 5 алба хаагч, 1 автомашинтай 1 км зам туулан 23:00 цагт очиж 30 минут  ажиллаж унтраасан.

Дархан-Уул аймгийн Дархан сумын 2 дугаар багийн 15 дугаар гудамжинд иргэн А-ийн 4х6 метрийн хэмжээтэй байшин шатаж байна гэсэн дуудлагыг 12.18-ны өдрийн 01:59 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 54 дүгээр ангийн 6 алба хаагч, 2 автомашинтай 2.5 км зам туулан 02:03 цагт очиж 38 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны 8Б байранд иргэн А-ын байр шатаж байна гэсэн дуудлагыг 12.18-ны өдрийн 04:04 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 2 км зам туулан 04:09 цагт очиж 5 минут ажиллаж унтраасан. Утаажилтын бүсээс Д /11 настай, эмэгтэй/, О /9 настай, эмэгтэй/ нарыг эсэн мэнд гаргасан.

3.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Өндрөөс аврах: Нийслэлийн Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны 13 дугаар хорооллын 9 дүгээр байр 9 давхар орон сууцны байрны дээврээс  хүн үсрэх гээд байна гэсэн дуудлагыг 12.17-ны өдрийн 07:48 цагт хүлээн авсан. Нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 9 км зам туулан 08:10 цагт очиход тус байрны оршин суугч иргэн Б /27 настай, эрэгтэй/ согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 9 давхар байрны дээврээс үсрэх гэж байсныг эсэн мэнд буулган тус дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top