Онцгой байдлын байгууллага 2020 онд
- Алба хаагчдын эрүүл ахуй, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаж, тогтвортой ажиллах орчин, нөхцлийг бүрдүүлэх,
- Гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд дэвшилтэт технологи, стандарт, инновацыг нэвтрүүлэх гэсэн хоёр зорилтыг дэвшүүлээд байна.
Салбарын хэмжээнд тавьсан зорилттой холбогдуулан ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал “Онцгой байдлын албаны удирдах ажилтны цугларалт”-ын төгсгөлд нийт удирдах ажилтнуудад хандан үүрэг өглөө.
- ОБЕГ-ын даргын 2019 оны А/183 дугаар тушаалаар батлагдсан “Онцгой байдлын байгууллагын хүний нөөцийн сургалт, хөгжлийн хөтөлбөр”, “Онцгой байдлын байгууллагын алба хаагчдын ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг сайжруулах хөтөлбөр”-үүдийг үр дүнтэй хэрэгжүүлэх, алба хаагчдын ажлын байрны эрүүл ахуй, орчин нөхцлийг сайжруулахад анхаарч ажиллах,
- Гамшгаас хамгаалах талаар төрөөс баримтлах бодлого, хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх,
- Шинэчлэн баталсан “Аймаг, нийслэл, сум, дүүргийн гамшгаас хамгаалах төлөвлөгөөний загвар”-ын дагуу бүх түвшний гамшгаас хамгаалах төлөвлөгөөг шинэчлэн боловсруулж, батлуулах,
- Албаны өдөр тутмын үйл ажиллагаанд гамшгийн орон зайн мэдээллийн системийг ашиглах, гамшиг, осол, аюулт үзэгдлийн бүртгэл, үүссэн цагийн байдлыг тухай бүр системд оруулж ажиллах,
- Орон нутгийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн “Аюулгүй амьдрах ухаан”, их, дээд сургууль, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн “Гамшгаас хамгаалах менежмент” хичээлийн хөтөлбөрийн хэрэгжилт, сургалтын чанарт хяналт тавьж, мэргэжлийн зөвлөгөө, дэмжлэг үзүүлж хамтран ажиллах зэрэг үүрэг өглөө гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.