Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Улаанбаатар хот болон Архангай, Говьсүмбэр, Дорноговь, Дорнод, Дундговь, Сүхбаатар, Төв, Хөвсгөл аймгуудын нутгаар цас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр:  Баруун аймгуудын нутгаар үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй.  Баруун аймгуудын  нутгийн зарим, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи баруун хойноос 5-10 м/с. Дархадын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс  голын хөндийгөөр 21-26 градус, Хэнтэйн уулархаг нутаг, Эг, Үүр, Хараа, Ерөө, Орхон, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 18-23 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 8-13 градус, бусад нутгаар 13-18 градус хүйтэн байна.  

Улаанбаатар хотод: Үүл багасна. Цас орохгүй. Салхи баруун хойноос 5-10 м/с. Өдөртөө 16-18 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 27-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 28-нд ихэнх нутгаар, 29-нд нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурна. Салхи 26-нд Алтайн салбар уулсаар, 27-нд зарим газраар, 28-нд ихэнх нутгаар, 29-нд говь, талын нутгаар 14-16 м/с хүрч ширүүснэ. Дархадын хотгор болон Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 30-35 градус, өдөртөө 19-24 градус, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон голын хөндийгөөр шөнөдөө 26-31 градус, өдөртөө 13-18 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай энгэр ээвэр газраар шөнөдөө 14-19 градус, өдөртөө 6-11 градус, бусад нутгаар шөнөдөө 22-27 градус, өдөртөө 11-16 градус хүйтэн байна. 28-наас ихэнх нутгаар хүйтний эрч чангарна.

2.Гал түймэр:

Хувийн өмчид гарсанНийслэлийн Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороонд иргэн Б-гийн 6х4 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байна гэсэн дуудлагыг 12.24-ний өдрийн 21:23 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 5 км замыг туулан 21:30 цагт очиж, 10 минут ажиллаж унтраасан.

Баянзүрх дүүргийн 28 дугаар хороонд иргэн Д-гийн 5х11 метрийн хэмжээтэй байшин шатаж байна гэсэн дуудлагыг 12.24-ний өдрийн 08:41 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 35 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 8 км замыг туулан 08:50 цагт очиж, 15 минут ажиллаж унтраасан.

Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Цагаан-Овоо багт иргэн Ц-гийн 9х13 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байна гэсэн дуудлагыг 12.24-ний өдрийн 12:07 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 44 дүгээр ангийн 5 алба хаагч, 1 автомашинтай 1.5 км замыг туулан 12:10 цагт очиж, 15 минут ажиллаж унтраасан.

Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороонд иргэн Т-гийн “Тоёота Короло” загварын суудлын автомашины моторын хэсэг шатаж байна гэсэн дуудлагыг 12.24-ний өдрийн 18:34 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 4 км замыг туулан 18:39 цагт очиж, 15 минут ажиллаж унтраасан.

Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороонд иргэн М-ийн 5 ханатай гэр шатаж байна гэсэн дуудлагыг 12.24-ний өдрийн 21:39 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дугаар ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 6 км замыг туулан 21:46 цагт очиж 20 минут ажиллаж унтраасан. Уг гал түймэрт хаяг тодорхойгүй иргэн О /38 настай, эмэгтэй/ өртөж нас барсан байсан тул цогцсыг цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн.

Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын Уурхайчин багт иргэн Э-гийн 4 ханатай гэр, хашаа шатаж байна гэсэн мэдээллийг 12.25-ны өдрийн 05:16 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 49 дүгээр ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 1км замыг туулан 05:19 цагт очиж, 3 минут ажиллаж унтраасан.

3.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Цогцос гаргах: Нийслэлийн Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо, дулааны шугам сүлжээний худагт нэр, хаяг тодорхойгүй, 35-50 орчим насны эрэгтэй хүний цогцос байна, гаргаж өгнө үү гэсэн хүсэлтийг цагдаагийн байгууллагаас 12.24-ний өдрийн 13:54 цагт хүлээн авсан. Нийслэлийн Аврах ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 8 км замыг туулан 14:04 цагт очиж, 30 минут ажиллаж цогцсыг гаргаж, тус дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн мөрдөгчид шилжүүлэн өгсөн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top