Онцгой байдлын ерөнхий газраас Цагдаагийн ерөнхий газартай хамтран “Газар хөдлөлтийн гамшгийн үеийн зохион байгуулалт, харилцан ажиллагаа” сэдэвт команд штабын сургуулийг өнөөдөр нийслэлийн Цагдаагийн удирдах газрын хурлын танхимд зохион байгуулж байна.
Сургалтын үеэр ОБЕГ-ын Гамшгийн шуурхай удирдлагын газрын дарга, хурандаа Б.Мандахгэрэл “Монгол орны нөхцөл байдал”, Холбоо, зарлан мэдээллийн хэлтсийн дарга, хошууч Ч.Лхамжав “Харилцан ажиллагааны холбоо зохион байгуулалт”, бэлтгэл хурандаа Д.Ариундалай “Дотоод зарлан мэдээллийн систем”, Гамшгаас урьдчилан сэргийлэх газрын хэлтсийн дарга, дэд хурандаа Д.Бат-Эрдэнэ “Ослын үеийн удирдлагын систем” сэдвүүдээр мэдээлэл хийлээ.
Команд штабын сургуулийн удирдагчаар ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуян ажиллаж байгаа бөгөөд сургуульд оролцогчид “Ослын үеийн удирдлагын систем”-ээр газар хөдлөлтийн цагийн байдлын дагуу ажиллаж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.