Ази-Номхон далайн орнуудын сансрын хамтын ажиллагааны байгууллагаас зохион байгуулсан “Мэдээлэл хуваалцах үйлчилгээний платформ”-ын бүтэц, хэрэглээг эцэслэн батлах тухай уулзалтад ОБЕГ-ын Гамшгийн шуурхай удирдлага, зарлан мэдээллийн төвийн Орон зайн мэдээлэл, технологийн тасгийн мэргэжилтэн, ахмад Ц.Бямбацогт оролцоод ирлээ.
БНХАУ-ын Бээжин хотноо зохион байгуулагдсан тус уулзалтад Иран, Монгол, Пакистан, Перу, Тайланд, Турк болон Аргентин зэрэг 8 улсын 20 төлөөлөгч оролцон “Мэдээлэл хуваалцах үйлчилгээний платформ”-ын талаар хэлэлцэж, санал дүгнэлт солилцсон юм.
Тус платформын хүрээнд 2020 оноос эхлэн Монгол Улс Хятад улсын 4 хиймэл дагуулын оптик мэдээ, Аргентин Улсын хиймэл дагуулын SAR мэдээллүүдийг Гамшгийн эрсдэлийг бууруулах, төрөл бүрийн сэдэвчилсэн судалгаа, гамшгийн орон зайн мэдээллийн системд ашиглах боломж бүрдсэн юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.