Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт:  Завхан аймгийн нутгаар бага зэрэг цас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

  Өнөөдөр: Баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи нутгийн баруун хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруунаас 7-12 м/с, зарим газраар түр зуур  16-18 м/с хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутгаар 17-22 градус, Хангай, Хэнтэйн уулархаг нутаг, Идэр, Тэс, Эг, Үүр, Орхон,  Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр 11-16 градус,  говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 2-7 градус, бусад нутгаар 8-13 градус хүйтэн байна.

    Улаанбаатар хотод: Цас орохгүй, салхи баруунаас 7-12 м/с, өдөртөө  13-15 градус хүйтэн байна.

Төлөв байдал:  28-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв, зүүн болон говийн   аймгуудын ихэнх нутгаар, 29-нд нутгийн зүүн хагаст, 30-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи 28-нд ихэнх нутгаар, 29-нд говь, тал, хээрийн нутгаар 14-16 м/с хүрч ширүүснэ. Ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарч Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 40-45 градус, өдөртөө 30-35 градус, Увс нуурын хотгор, Хүрэн бэлчир орчим, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 33-38 градус, өдөртөө 21-26 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 20-25 градус, өдөртөө 10-15 градус, бусад нутгаар шөнөдөө     27-32 градус, өдөртөө 16-21 градус хүйтэн байна. 30-ны өдөр нутгийн баруун хэсгээр, 31-нд ихэнх нутгаар хүйтний эрч суларна.

2.Гал түймэр:

Хувийн өмчид гарсан: Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын Дэнж  багийн  Баянбулаг 3 дугаар гудамжинд иргэн Г-ийн 4 ханатай гэр шатаж байна гэсэн дуудлагыг 12.26-ны өдрийн 19:55 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 37 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 2 км зам туулан 20:02 цагт очиж, 9 минут ажиллаж унтраасан.

Дорнод аймгийн Хэрлэн (Сүмбэр) 9 дүгээр багийн 15 дугаар байранд   иргэн С-ын орон сууцны өрөө шатаж байна гэсэн дуудлагыг 12.26-ны өдрийн 22:31 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 52 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 2 км зам туулан 22:35 цагт очиж, 20 минут ажиллаж унтраасан. Уг гал түймэрт иргэн С /41 настай, эрэгтэй/ угаартаж нас барсан тул цогцсыг гаргаж аймгийн Цагдаагийн газрын жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн.

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 7 дугаар хорооны “Хувьсгалчид”-ын 11 дүгээр гудамжинд иргэн О-ын 5 ханатай гэр шатаж байна гэсэн дуудлагыг 12.26-ны өдрийн 10:59 цагт хүлээн авсан. Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай  5 км зам туулан  11:08 цагт очиж 5 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны Нарантуул худалдааны төвийн өрөгтгөлийн хашаанд иргэн Б-ын эзэмшлийн 9х7 метрийн хэмжээтэй мухлаг шатаж байна гэсэн дуудлагыг 12.27-ны өдрийн 05:23 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 5 км зам туулан 05:37 цагт, Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 7 км зам туулан 06:00 цагт очиж унтраахаар ажиллаж байна.

3.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Эрэн хайх ажиллагаа /төөрсөн/: Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны “Хандгайт”-ын зуслангийн хойд ууланд Чингэлтэй дүүргийн 17 дугаар хорооны “Согоот”-ын 40 дүгээр гудамжинд оршин суугч иргэн М /45 настай, эрэгтэй/, хүү А /5 настай, эрэгтэй/ нар төөрсөн тухай дуудлагыг 12.27-ны өдрийн 01:37 цагт хүлээн авсан.       Нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн 5 алба хаагч, 1 автомашинтай 32 км зам туулан  02:24 цагт очиж Хандгайтын зуслангийн хойд уулын модноос эсэн мэнд олсон.  

Өндрөөс аврах: Завхан аймгийн Улиастай сумын Богдын гол баг 18 дугаар байр 5 давхар орон сууцны барилгын 5 дугаар давхрын цонхоор бага насны хүүхэд унах гээд байна гэсэн дуудлагыг 12.26-ны өдрийн 16:14 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 6 алба хаагч, 1 автомашинтай 1 км зам туулж 16:16 цагт очиход тус байрын 35 тоотод оршин суугч иргэн Д /4 настай , эмэгтэй/ унах гэж байсныг эсэн мэнд буулгаж тус аймгийн Цагдаагийн газрын жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн.      

 Бусад: Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сум 6 дугаар  багийн  “Хоолой” гэдэг газар /Хатгал тосгоноос урд зүгт 15 км-т/ “Эг”-ийн голын мөс цөмөрч автомашин суусан тухай дуудлагыг 12.26-ны өдрийн 21:13 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Хатгал тосгон дах Гал түймэр унтраах, аврах 69 дүгээр ангийн 3 алба хаагч, 1 автомашинтай 15 км зам туулан 21:35 цагт очиход Хатгал тосгоноос Алаг-Эрдэнэ сумын чиглэлд 5 зорчигчтой зорчиж явсан Алаг-Эрдэнэ сумын Яргис багийн харьяат иргэн М-ын эзэмшлийн “Пронтер” загварын ачааны автомашин суусан байсныг татаж гаргасан.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top