1.Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Сүхбаатар, Хэнтий аймгийн нутгаар цас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Баруун аймгуудын нутгаар солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи баруун хойноос 5-10 м/с. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэн бэлчир, Идэр, Тэс голын хөндийгөөр 28-33 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар 21-26 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 11-16 градус, бусад нутгаар 17-22 градус хүйтэн байна.
Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй, цас орохгүй, салхи баруун хойноос 5-10 м/с, 22-24 градус хүйтэн байна.
Төлөв байдал: 1 дүгээр сарын 2-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 3-нд төв, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр ялимгүй цас орно. Салхи ихэнх хугацаанд 5-10 м/с. 31-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар хүйтний эрч суларч Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 35-40 градус, өдөртөө 24-29 градус, Увс нуурын хотгор, Хүрэн бэлчир орчим, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 25-30 градус, өдөртөө 15-20 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 14-19 градус, өдөртөө 4-9 градус, бусад нутгаар шөнөдөө 21-26 градус, өдөртөө 11-16 градус хүйтэн байна.
2.Гал түймэр:
Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны “Баруун туруун”-ы 9 дүгээр гудамжинд иргэн М-ийн 2х3 метрийн хэмжээтэй амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 12.29-ний өдрийн 14:14 цагт хүлээн авсан. Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 18 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 28 км зам туулан 14:46 цагт очиж 35 минут ажиллаж унтраасан.
Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Баруун сайхан багийн 17 дугаар гудамжинд Иргэн Э-ын 2х3 метрийн хэмжээтэй амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 12.29-ний өдрийн 16:20 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 21 дүгээр ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 2.5 км зам туулан 16:23 цагт очиж 30 минут ажиллаж унтраасан.
Нийслэлийн Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны “Монос”-ын 2 дугаар гудамжинд иргэн А-ын 8х8 метрийн хэмжээтэй байшин шатаж байна гэсэн дуудлагыг 12.29-ний өдрийн 18:51 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 5 км зам туулан 18:59 цагт очиж 50 минут ажиллаж унтраасан.
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны “Задгай”-д иргэн Г-ын 200 боодол өвс шатаж байна гэсэн дуудлагыг 12.30-ны өдрийн 00:50 цагт хүлээн авсан. Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 18 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 9 км зам туулан 01:02 цагт очиж 2 цаг ажиллаж унтраасан.
3.Эрэн хайх, аврах ажиллагаа:
Эрэн хайх ажиллагаа /сураггүй болсон/: Хэнтий аймгийн Биндэр сумын Баян-Өндөр багийн “Дөш-Уул” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 80 км-т, сумын төвөөс урд зүгт 110 км-т/ тус харьяат малчин Ж руу 12.28-ны өдрийн 22:40 цагийн орчимд Хэнтий аймгийн Хэрлэн сумын төвөөс нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн харъяат иргэн Ү /47 настай, эмэгтэй/, Баянзүрх дүүргийн харъяат иргэн Б /38 настай, эрэгтэй/, Хэнтий аймгийн Хэрлэн сумын харъяат иргэн Б /36 настай, эрэгтэй/ нар “Приус-20” загварын суудлын автомашинтай яваад сураггүй болсон тухай дуудлагыг 12.30-ны өдрийн 00:40 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах салбарын 8 алба хаагч, 2 автомашин, Хэрлэн сумын Засаг даргын Тамгын газрын 5 ажилтан, 1 автомашин, Биндэр сумын Засаг даргын Тамгын газрын 3 ажилтан, 1 автомашин, ар гэрийн 4 хүн, 1 автомашин, нийт 20 хүн, 5 автомашинтай 01:40 цагаас эхлэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.
Өндрөөс аврах: Нийслэлийн Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны 53 дугаар байр 9 давхар орон сууцны байрны дээврээс 2 хүн унах гээд байна гэсэн дуудлагыг 12.29-ний өдрийн 22:24 цагт хүлээн авсан. Нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 9 км зам туулан 22:35 цагт очход тус дүүргийн 3 дугаар хорооны 24 дүгээр байранд оршин суугч иргэн М /22 настай, эрэгтэй/, мөн байрны оршин суугч иргэн Б /16 настай, эрэгтэй/ нар согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн үедээ 9 давхар байрны дээвэр дээр гарч ноцолдож байсныг эсэн мэнд буулган тус дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн.
4.Мэдээлэл:
Гамшиг, аюулт үзэгдэл, ослын талаар: Төв аймгийн Баянчандмань сумын Замт багийн 4 дүгээр гудамжинд иргэн О-ийн 8х6 метрийн хэмжээтэй 2 давхар байшин 12.29-ний өдрийн 15:30 цагт шатсан. Орон нутгийн 35 иргэн, 2 автомашинтай ажиллаж унтраасан тухай мэдээллийг тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга Г.Ариунболд мөн өдрийн 16:00 цагт аймгийн Онцгой байдлын газарт ирүүлсэн.
Дорнод аймгийн Гурванзагал сумын Сүмийн булаг багийн “Өнөр” хорооллын 3 дугаар гудамжинд иргэн Б-ийн 10х7 метрийн хэмжээтэй 2 давхар байшин 12.29-ний өдрийн 20:20 цагийн орчимд шатсан. Орон нутгийн 120 иргэн 27 автомашинтай ажиллаж унтраасан тухай мэдээллийг тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга Г.Цэцэгсүрэн мөн өдрийн 20:50 цагт аймгийн Онцгой байдлын газарт ирүүлсэн.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР