Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Баруун болон төвийн аймгуудын нутгаар үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас 5-10 м/с. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэн бэлчир, Идэр, Тэс голын хөндийгөөр 23-28 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар 15-20 градус, Алтайн өвөр говь, говийн бүс нутгийн баруун хэсэг болон цас багатай энгэр ээвэр газраар 3-8 градус, бусад нутгаар 10-15 градус хүйтэн байна.  

Улаанбаатар хотод: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас 5-10 м/с, 13-15 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 5-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орно. Бусад хугацаанд цас орохгүй. Салхи ихэнх хугацаанд баруунаас 5-10 м/с. Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 32-37 градус, өдөртөө 20-25 градус, Увс нуурын хотгор, Хүрэн бэлчир орчим, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Эг-Үүр, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх  голын хөндийгөөр шөнөдөө 27-32 градус, өдөртөө 16-21 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 14-19 градус, өдөртөө 3-8 градус, бусад нутгаар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 10-15 градус хүйтэн байна.

2.Гал түймэр:

Хувийн өмчид гарсанБулган аймгийн Булган сумын Агуйт багт иргэн Д-гийн 6х11 метрийн хэмжээтэй байшингаас утаа гарч байна гэсэн дуудлагыг 12.31-ний өдрийн 08:36 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 20 дугаар ангийн 5 алба хаагч 1 автомашинтай 2 км замыг туулан 08:40 цагт очиж, хананы дотор талын хэсэг шатаж байсныг 40 минут ажиллаж унтраасан.

Дархан-Уул аймгийн Дархан сумын 7 дугаар багт байшин шатаж байна гэсэн дуудлагыг 12.31-ний өдрийн 19:10 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн 9 алба хаагч, 2 автомашинтай 4.5 км замыг туулан 19:17 цагт очиж, иргэн М-ийн 4х8 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг 38 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 12.31-ний өдрийн 09:32 цагт хүлээн авч Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 7.5 км замыг туулан 09:41 цагт очиж, иргэн М-ийн 10х10 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг 30 минут ажиллаж унтраасан.

Баянгол дүүргийн 12 дугаар хороо, 15 дугаар цэцэрлэгийн хашаанд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 2020.01.01-ний өдрийн 02:17 цагт хүлээн авч Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 3.5 км замыг туулан 02:23 цагт очиж, иргэн Б-гийн 5 ханатай гэр шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.

3.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Эрэн хайх ажиллагаа /сураггүй болсон/Хэнтий аймгийн Баянхутаг сумын Жаргалант багийн “Бүдүүн-Ухаа” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 12 км-т, сумын төвөөс зүүн зүгт 18 км-т/ тус сумын харьяат малчин О /52 настай, эмэгтэй/, Б /30 настай, эрэгтэй/ нар 12.30-ны өдрийн 09:00 цагийн орчим малаа хариулж яваад сураггүй болсон тухай дуудлагыг 12.30-ны өдрийн 17:35 цагт  хүлээн авсан. Тус аймгийн аймгийн Онцгой байдлын газрын 1 алба хаагч, орон нутгийн 5 иргэн, 1 автомашинтайгаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, 12.31-ний өдрийн 08:33 цагт “Ухаагийн-Ам” гэдэг газраас /сумын төвөөс урд зүгт 28 км-т/ эсэн мэнд олж, ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн.

Хэнтий аймгийн Баянхутаг сумын Жаргалант багийн “Хэнз холбоо” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 90 км-т, сумын төвөөс зүүн зүгт, 90 км-т/ тус сумын харьяат малчин Ш /20 настай, эрэгтэй/ 12.30-ны өдрийн 09:30 цагийн орчим малдаа яваад сураггүй болсон тухай дуудлагыг 12.30-ны өдрийн 17:35 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 1 алба хаагч, орон нутгийн 5 иргэн, 1 автомашинтайгаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, 12.31-ний өдрийн 10:00 цагт “Хэнз холбоо” гэдэг газар /гэрээс зүүн урд зүгт 9 км-т/ эсэн мэнд олж, ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн.

Хэнтий аймгийн Баянхутаг сумын Жаргалант багийн “Өвөр хөндий” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 60 км-т, сумын төвөөс зүүн зүгт 35 км-т/ тус сумын харьяат малчин С-ийн туслах малчин Э /47 настай, эрэгтэй/ 12.30-ны өдрийн 10:00 цагийн орчим малдаа яваад сураггүй болсон тухай дуудлагыг 12.30-ны өдрийн 17:35 цагт  хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын 6 алба хаагч, 1 автомашин, Засаг даргын Тамгын газрын 11 ажилтан, 2 автомашинтайгаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, үр дүнд хүрээгүй тул 21:45 цагт эрэн хайх ажиллагааг түр зогсоосон. 2020.01.01-ний өдрийн 05:30 цагт тухайн иргэн гэртээ өөрөө эсэн мэнд ирсэн байна, ар гэрийнхэн нь утсаар холбогдлоо гэж Баянхутаг сумын Засаг дарга Б.Байгальмаа аймгийн Онцгой байдлын газарт 06:07 цагт мэдэгдсэн тул эрэн хайх ажиллагааг зогсоосон.

Хэнтий аймгийн Баянхутаг сумын Жаргалант багийн “Баян хүрээ” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 60 км-т, сумын төвөөс зүүн зүгт 60 км-т/ тус сумын харьяат малчин О, Б нар 12.30-ны өдрийн 09:30 цагийн орчим малдаа гэж яваад сураггүй болсон тухай дуудлагыг 12.30-ны өдрийн 17:35 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын 4 алба хаагч, Засаг даргын Тамгын газрын 6 ажилтан, нийт 10 хүн, 2 автомашинтайгаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулах явцад 12.31-ний өдрийн 08:27 цагт малчин О, Б нар тус сумын харьяат малчин Э гэдэг айлд эсэн мэнд байна гэж ар гэрийнхэнтэйгээ утсаар холбоо барьсан гэж Засаг даргын Тамгын газрын дарга Н.Зоригтбаатар аймгийн Онцгой байдлын газарт мэдэгдсэн тул эрэн хайх ажиллагааг зогсоосон.

Хэнтий аймгийн Баянхутаг сумын Жаргалант багийн “Дэлгэр-Өлзийт” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 60 км-т, сумын төвөөс зүүн зүгт 40 км-т/ тус сумын харьяат малчин З 12.30-ны өдрийн 08:40 цагийн орчим малаа хариулж гараад малтайгаа сураггүй болсон тухай дуудлагыг 12.30-ны өдрийн 17:35 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 1 алба хаагч, орон нутгийн 5 иргэн, 1 автомашинтайгаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулах явцад 12.31-ний өдрийн 10:00 цагт малчин З гэртээ өөрөө эсэн мэнд ирсэн гэж тус сумын хариуцлагатай жижүүр аймгийн Онцгой байдлын газарт мэдэгдсэн тул эрэн хайх ажиллагааг зогсоосон.

Хэнтий аймгийн Баянхутаг сумын Улаан-Өндөр баг ийн “Хөвч” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 25 км-т, сумын төвөөс хойд зүгт 35 км-т/ тус сумын харьяат малчин А /50 настай, эрэгтэй/ 12.30-ны өдрийн 18:00 цагийн орчим гэр рүү явна гэж 5 км-т байдаг айлаас явган гараад сураггүй болсон тухай дуудлагыг 12.30-ны өдрийн 20:00 цагт хүлээн авсан. Тус аймгийн аймгийн Онцгой байдлын газрын 1 алба хаагч, орон нутгийн 5 иргэн, 1 автомашинтайгаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулах явцад тухайн иргэн 12.31-ний өдрийн 11:00 цагт гэртээ эсэн мэнд өөрөө ирсэн гэж ар гэрийнхэн нь аймгийн Онцгой байдлын газарт мэдэгдсэн тул эрэн хайх ажиллагааг зогсоосон.

Хэнтий аймгийн Галшар сумын Сангийн далай багт тус сумын харьяат иргэн А Хэнтий аймгийн төвөөс Галшар сум руу 12.28-ны өдөр явна гэж гарсан. 12.29-ний өдрийн 12:00 цагт ар гэрийнхэнтэй утсаар холбогдож автомашин нь цасан суусан гэж мэдэгдсэн, одоо болтол сураггүй байна гэсэн дуудлагыг 12.30-ны өдрийн 23:39 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 1 алба хаагч, орон нутгийн 5 иргэн, 1 автомашинтайгаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулах явцад 12.31-ний өдрийн 10:23 цагт тухайн иргэн Галшар сумын Сангийн далай багийн “Хөтөл” гэдэг газар малчин Н гэдэг айлд эсэн мэнд байна гэж тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга аймгийн Онцгой байдлын газарт мэдэгдсэн тул эрэн хайх ажиллагааг зогсоосон.

Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын Бор-Өндөр багт тус сумын харьяат иргэн Д /45 настай, эрэгтэй/ 12.30-ны өдрийн 13:00 цагт Дэлгэрхаан сумын төв рүү “Харриер” загварын суудлын автомашинтай /3 зорчигчтой/ яваад сураггүй болсон тухай дуудлагыг 12.30-ны өдрийн 23:40 цагт  хүлээн авсан. Тус аймгийн Дэлгэрхаан сумын Засаг даргын Тамгын газрын 5 ажилтан, Баянмөнх сумын Засаг даргын Тамгын газрын 4 ажилтан, нийт 9 хүн, 2 автомашинтайгаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, 12.31-ний өдрийн 11:00 цагт Баянмөнх сумын 2 дугаар багийн “Номгон” гэдэг газар шатахуун нь дуусаад малчин С гэдэг айлд эсэн мэнд байхад нь олсон.

Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 8 дугаар багийн “Балим” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 60 км-т/ иргэн Н /38 настай, эрэгтэй/ 12.30-ны өдрийн 19:00 цагт хониндоо явна гэж гэрээсээ мотоциколтой гарч яваад сураггүй болсон тухай дуудлагыг 12.30-ны өдрийн 23:54 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын 6 алба хаагч, ар гэрийн 1 хүн, 1 автомашинтайгаар 12.31-ний өдрийн 00:30 цагаас эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, мөн өдрийн 11:15 цагт гэрээс нь хойд зүгт 6 км-т айлын хаваржаанд байхад нь эсэн мэнд олж, ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн.

Дорнод аймгийн Хэрлэн сумаас Матад сумын чиглэлд /аймгийн төвөөс урд зүгт 90 км-т/ иргэн П /57 настай, эрэгтэй/, П /45 настай, эрэгтэй/ нар 12.30-ны өдрийн 19:00 цагт Хэрлэн сумаас Матад сум руу явна гэж суудлын автомашинтай гараад сураггүй болсон тухай дуудлагыг 12.31-ний өдрийн 00:10 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн 6 алба хаагч, Матад сумын 2 дугаар багийн Засаг даргаар ахлуулсан нутгийн захиргааны байгууллагын 4 албан хаагч, нийт 10 алба хаагч, 2 автомашинтайгаар 03:00 цагаас эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, мөн өдрийн 10:00 цагт Матад сумын Жаргалан багийн Хүзүүвч гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 22 км-т/ айлын хаваржаанд байхад нь эсэн мэнд олж, ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн.

Бусад /Цасанд суусан/: Сүхбаатар аймгийн Уулбаян сумын Жавхлант багийн “Цахиурт” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 50 км-т/ иргэн Х-гийн жолоодож явсан “Румион” загварын суудлын автомашин /2 зорчигчтой/ цасанд суусан дуудлагыг 12.31-ний өдрийн 10:30 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын 5 алба хаагч, 1 автомашинтай 50 км замыг туулан 12:40 цагт очиж, 20 минут ажиллаж автомашиныг татан гаргасан. /жолооч иргэн Х /45 настай, эрэгтэй/, зорчигч иргэн Ц /50 настай, эмэгтэй/

Сүхбаатар аймгийн Асгат сумын Өлзийт багийн “Улаан толгой” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 50 км-т/ иргэн Э-гийн жолоодож явсан “Истана” загварын суудлын автомашин /8 том хүн, 3 хүүхэд/ цасанд суусан дуудлагыг 12.31-ний өдрийн 11:30 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 15 дугаар ангийн 5 алба хаагч, 1 автомашинтай 50 км замыг туулан 15:50 цагт очиж, автомашин нь эвдэрч явах боломжгүй тул орхиж, тухайн автомашинд явсан 9 том хүн, 3 хүүхэд /иргэн М /55 настай, эрэгтэй/, Л /50 настай, эмэгтэй/, Х /39 настай, эрэгтэй/, Х /36 настай, эрэгтэй/, Б /36 настай, эрэгтэй/, Э /31 настай, эрэгтэй/, О /30 настай, эмэгтэй/, М /30 настай, эрэгтэй/, О /21 настай, эрэгтэй/, А /10 настай, эмэгтэй/, М /6 настай, эмэгтэй/, М /3 настай, эмэгтэй/-ийг Баруун-Урт суманд авчирсан.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top