Д.Ганзориг: Ард түмэн минь айх аюулгүй, тайван амгалан шинэ оноо угтаасай гэж хүсдэг

image-scaled.jpeg

Ярилцсан Ц.Дуламсүрэн, Э.Мөнхзаяа

2020 он айсуй. Он солигдох мөч хором бүрээр ойртож буй энэ үед “iToim” сайтын хамт олон шинэ оны тусгай дугаараа бэлтгэн хүргэж байна. Бид тусгай дугаартаа амралт, баярын өдөр гээд ажлаа хойш тавьдаггүй, нэг ч хором хариуцлага алдах эрхгүйгээр онцгой нөхцөлд ажилладаг “амардаггүй албатууд”-ыг онцоллоо.

Чингэлтэй дүүргийн гал түймэр унтраах алтан гадас одонт, байлдааны гавьяаны улаан тугийн одонт 10 дугаар ангийн салаан захирагчийн туслах, ахлах ахлагч Д.Ганзоригтой ярилцлаа. Тэрээр 2004 оноос эхлэн гал сөнөөгчөөр ажиллаж байгаа аж.

-Шинэ жилээр ажиллаж, он солигдох мөчийг ангидаа, хамт олноороо угтаж байсан тохиолдол хэр их байгаа вэ?

-Он гарч байх үед ээлжинд үүрэг гүйцэтгэж байсан тохиолдол гурван удаа таарч байсан. Мөн шинэ жилээс гадна Цагаан сар, Хүүхдийн баяр гээд бусад баяраар ч ажиллаж байсан тохиолдол цөөнгүй.

-Ажил дээрээ он гаргаж байсан үеийнхээ сэтгэгдэл, дурсамжаас хуваалцаач?  

-Гэр бүлээрээ он гаргах нь юу юунаас илүү сайхан л даа. Гэхдээ хамт олны уур амьсгал, бидний хоёр дахь  гэр болсон ажил дээрээ шинэ оноо тэмдэглэх нь их сайхан сэтгэгдэл төрүүлдэг. Гэр бүлрүүгээ утсаар мэндчилгээ дэвшүүлчихээд хамт олноороо салют буудахыг харж, Ерөнхийлөгчийн хэлэх үгийг сонсоод шинэ оноо угтах сайхан байдаг шүү. 2014 оны шинэ жилээр Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж архи биш сүү барьж баяраа угтдаг байхыг уриалдаг байсан шүү дээ. Тэр үед бид түүний хэлэх үгийг сонсоод сүүгээ барин зогсож байтал гэнэт хонх дуугараад дуудлагад гарч билээ. Тэгээд ажил дээрээ ирээд он гарсан ч гэсэн хамтдаа баярлая гээд бас л сүүгээ бариад байж байхад дахиад л хонх дуугарсан. Баярын өдөр хоёр дуудлагад гарч байсан хамгийн анхны тохиолдол болсон.  Ингэж явсаар хоёр цагийн үед ажил дээрээ ядарсан хүмүүс орж ирж билээ.  

-Ер нь энэ үед ачаалал хэр их байдаг юм бэ?

-Өнөө үед телевиз, сурталчилгаагаар галын аюулаас урьдчилан сэргийлэх арга, сэрэмжлүүлгийг байнга явуулж, ард иргэд ч нэг үеэ бодоход ухамсартай болж, урьдчилан сэргийлэх арга хэмжээг авдаг болсон нь гал гарах тохиолдол жилээс жилд багасч байна.  

-Гал унтраах албанд ажиллахын хамгийн сайхан зүйл нь юу вэ?

-Сайхан зүйл нь гэвэл хамт олноороо нэг баг, гэр бүл болж ард түмнийхээ эрүүл мэнд, эд хөрөнгийг аварч, хамгаалахын төлөө хамтдаа зүтгэж буй тэрхүү том зорилгыг өвөртлөн явдаг сайхан сэтгэлтэй, бусдын төлөө гэсэн үзэлтэй маш олон албан хаагчидтай мөр зэрэгцэн явж байгаа минь хамгийн сайхан.  Том гэж хэлж байгаа учир нь бидний зорилго алтнаас үнэтэй хүний амыг аврахын тулд байдаг учраас тэр.

-Он гарах мөчид юу хүсдэг вэ?

-Дуудлага битгий ирээсэй, ард түмэн минь айх аюулгүй, тайван амгалан шинэ оноо угтаасай гэж хүсдэг. Гэхдээ иргэд баярын өдрүүдээр сонор сэрэмжээ алдалгүй, цахилгааны аюулгүй байдлаа хангаж, гэнэтийн ачаалал, осол гэмтлээс өөрсдийгөө хамгаалж, анхаарал болгоомжтой байхыг сануулъя. Монгол түмэндээ шинэ оны мэнд хүргэж, эрүүл энх сайн сайхан бүхнийг хүсье. 

-Ярилцсанд баярлалаа. Та бүхний ажилд амжилт хүсье. 

Эх сурвалж: itoim.mn

scroll to top