Австралид ойн түймэр дэгдсэнээс хойш 17 хүн нас барж, нэмж 900 гаруй байшин барилга шатжээ. АНУ, Канад, Шинэ Зеланд зэрэг бусад улс орнуудын тусламжийг авсан ч, гал түймрийг тогтоож барихад хүнд байгаа тухай “CNN” мэдээлжээ.
Сансрын зургаар Австрали даяар түймэртэй байгаа ч, өмнөд бүсийн Шинэ Өмнөд Вэльс мужид нөхцөл байдал хамгийн хүнд байгаа аж. Австралийн “Блю Монтейн” уулархаг хөндий, үндэсний цэцэрлэгт хүрээлэн, ой мод, бутархаг газрууд, Мелбурн, Сидней хотууд түймэрт автжээ. 12 дугаар сарын байдлаар Сидней хотын агаарын чанар аюултай түвшнээс 11 дахин их байсан байна.
Австралийн цаг уурын товчооны мэдэгдсэнээр 12 дугаар сард тус улсад сүүлийн хэдэн арван жилийн хугацаан дахь хамгийн ноцтой ган гачиг тохиож, зарим газар цельсийн 40 хэмээс давж, агаарын хэм дээд цэгтээ хүрчээ.
Хамгийн хүнд хохирол амсаад байгаа Шинэ Өмнөд Вэльсд л гэхэд онц байдал зарласан, сүүлийн хэдэн сарын хугацаанд 1300 гаруй айлын орон сууц устаж, 440 гаруйд нь хохирол учирчээ. Энэ мужийн хэмжээнд 3.6 сая га газар шатсан бол, Баруун Австралид 1.2 сая га, Квинслэндэд 250 мянган га, Өмнөд Австралид 91 мянган га, нийт 5.1 сая га газар шатсан гэж гал унтраах албанаас мэдээлж байна.
Эх сурвалж: mnb.mn