Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Булган аймгийн нутгаар ялимгүй цас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Баруун аймгуудын нутгаар багавтар үүлтэй, бусад нутгаар үүлшинэ. Орхон-Сэлэнгийн сав, Хэнтэйн уулархаг нутгаар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи зүүн аймгуудын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос 6-11 м/с. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 23-28 градус, Их нууруудын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир, Эг-Үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 14-19  градус, говийн бүс нутгийн баруун хэсэг болон цас багатай энгэр ээвэр газраар 1-6 градус, бусад нутгаар 7-12 градус хүйтэн байна.

Улаанбаатар хотод: Үүлшиж, ялимгүй цас орно. Салхи зүүн өмнөөс баруун хойш эргэж 6-11 м/с, 10-12 градус хүйтэн байна.

Төлөв байдал:  6, 9-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 7-нд Алтайн салбар уулсаар, 8-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар ялимгүй цас орно. Салхи ихэнх хугацаанд 4-9 м/с. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 33-38 градус, өдөртөө 24-29 градус, Хүрэн бэлчир орчим, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Их нууруудын хотгор, Эг-Үүр, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 26-31 градус, өдөртөө 13-18 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай энгэр эвэр газраар шөнөдөө 12-17 градус, өдөртөө 1-6 градус, бусад нутгаар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 8-13 градус хүйтэн байна. 7-ноос ихэнх нутгаар хүйтний эрч бага зэрэг чангарна.

2.Гал түймэр:

Хувийн өмчид гарсанНийслэлийн Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, “Хилчин”-ний гудамж, “Баганат” хорооллын байранд гал гарч байна гэсэн дуудлагыг 01.04-ний өдрийн 11:28 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн 8 алба хаагч, 1 автомашинтай 1.5 км замыг туулан 11:39 цагт очиж, цахилгаан хуваарилах самбар шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 28дугаар хороонд автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 01.04-ний өдрийн 13:54 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 6 км замыг туулан 14:06 цагт очиж, иргэн Ж-гийн эзэмшлийн “Дайхацу Хайжет” загварын ачааны автомашин шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны “Хүрэл тогоот”-ын ам, “Их-Өлзий” сувиллын газар гэр шатаж байна гэсэн дуудлагыг 01.04-ний өдрийн 21:23 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 35 дугаар ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай тасаг 14.5 км замыг туулан 21:55 цагт очиж, 5 ханатай гэрийн шалны хэсэг шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан.

Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Дархан-Уул багт байшин шатаж байна гэсэн дуудлагыг 01.04–ний өдрийн 12:18 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Тосонцэнгэл сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 39 дүгээр ангийн 6 алба хаагч, 2 автомашинтай 4 км замыг туулан 12:22 цагт очиж, 3×6 метрийн хэмжээтэй байшингийн үүдний хэсэг шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан. 

Өмнөговь аймгийн Ханбогд сумын Баян багт иргэн Б-гийн эзэмшлийн 9х7 хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байна гэсэн дуудлагыг 01.04-ний өдрийн 17:28 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 66 дугаар ангийн 5 алба хаагч, 1 автомашинтай 1 км замыг туулан 17:30 цагт очиж, дээврийн хэсэг шатаж байсныг 35 минут ажиллаж унтраасан.

Ховд аймгийн Жаргалант сумын Жаргалан багийн “Их буян” худалдааны төвд уурын зуухны байрны дээвэр шатаж байна гэсэн дуудлагыг 01.05–ны өдрийн 02:50 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 48 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 2 км замыг туулан 02:53 цагт очиж, 4х5 метрийн хэмжээтэй уурын зуухны байрны дээврийн хэсэг шатаж байсныг 25 минут ажиллаж унтраасан.

3.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Мөсөнд цөмөрсөн: Баян-Өлгий аймгийн Сагсай сумын 6 дугаар багийн “Даян нуур” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 178 км, сумын төвөөс баруун урд зүгт 148 км-т/ иргэн А-гийн жолоодож явсан Стивр загварын ачааны автомашин 2019.12.01-ний өдөр “Даян нуур” дээр зорчиж яваад живсэн тухай дуудлагыг 2019.12.01-ний өдрийн 05:30 цагт хүлээн авсан. Цаг агаарын байдлаас шалтгаалж автомашиныг татан гаргах ажиллагааг тухайн өдөр зогсоосон. Автомашиныг татан гаргаж өгөх хүсэлтийг 2019.12.25-ны өдөр дахин хүлээн авч, Онцгой байдлын ерөнхий газрын даргын шийдвэрээр 01.03-ны өдөр эхлүүлсэн. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын 8 алба хаагч, орон нутгийн 30 иргэн, нийт 38 хүн, 8 автомашинтайгаар 3 метрийн гүнд 4 удаа шумбалт хийж, осолдсон автомашиныг Зил-130 загварын 3 автомашинаар татан гаргах ажиллагааг зохион байгуулж байна. Үзэгдэх орчин хязгаарлагдсан тул 19:10 цагт түр зогсоосон. 01.05-ны өдрийн 08:00 цагт татан гаргах ажиллагааг дахин эхлүүлнэ. /Живсэн автомашин нь нуурын эргээс 500 метрийн орчим зайтай, мөс 1 метрийн зузаантай байна./   

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top