Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Баян-Өлгий, Дархан-Уул аймгийн нутгаар цас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

   Өнөөдөр:  Нутгийн баруун хагаст  үүлшинэ. Баруун аймгуудын ихэнх нутаг болон төвийн аймгуудын нутгийн баруун өмнөд хэсгээр цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи баруун хойноос 5-10 м/с. Увс нуур, Их нууруудын болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 26-31 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Байдраг, Эг-Үүр, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон голын хөндийгөөр 18-23 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 7-12 градус, бусад нутгаар 12-17 градус хүйтэн байна.

Улаанбаатар хотод:Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос 4-9 м/с. Өдөртөө 14-16 градус хүйтэн байна.

Төлөв байдал:   11-нд баруун болон говийн аймгуудын ихэнх, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 12-нд баруун аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын нутгийн баруун өмнөд болон говийн аймгуудын нутгийн зарим газраар, 13-нд төвийн аймгуудын нутгийн өмнөд хэсэг, говийн аймгуудын ихэнх нутгаар, 14-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр цас орж, явган шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд 6-11 м/с. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 38-43 градус, өдөртөө 28-33 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Их нууруудын хотгор, Байдраг, Эг-Үүр, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 32-37 градус, өдөртөө 19-24 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай энгэр ээвэр газраар шөнөдөө 16-21 градус, өдөртөө 6-11 градус, бусад нутгаар шөнөдөө 23-28 градус, өдөртөө 13-18 градус хүйтэн байна.  

2.Гал түймэр:

Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Багануур дүүргийн 5 дугаар хороо, Залуусын 35 дугаар гудамжинд иргэн М-ын байшингийн үүдний өрөө шатаж байна гэсэн дуудлагыг 01.09-ний өдрийн 16:08 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 64 дүгээр ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 3.5 км замыг туулан 16:13 цагт очиж, 5 минут ажиллаж унтраасан.    

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Сонсголонгийн 22 дугаар гудамжинд иргэн Б-ын байшин шатаж байна гэсэн дуудлагыг 01.09-ний өдрийн 11:54 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 30 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 8 км замыг туулан 12:04 цагт очиж, 25 минут ажиллаж унтраасан.

Дархан-Уул аймгийн Дархан сумын 4 дүгээр багийн 15 дугаар байрны хогийн сав шатаж байна гэсэн дуудлагыг 01.09-ний өдрийн 19:25 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 54 дүгээр ангийн 5 алба хаагч, 1 автомашинтай 3.5 км замыг туулан 19:30 цагт очиж, 15 минут ажиллаж унтраасан.

Төв аймгийн Эрдэнэ сумын 1 дүгээр багийн “Шохоо хадагт” гэдэг газарт иргэн Б-ын байшин шатаж байна гэсэн дуудлагыг 01.10-ны өдрийн 01:21 цагт хүлээн авсан. Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн 9 алба хаагч, 2 автомашинтай 36 км замыг туулан 02:01 цагт очиж, 01 цаг 30 минут ажиллаж унтраасан.

3.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Цогцос гаргах: Дархан-Уул аймгийн Дархан сумын 4 дүгээр багийн К-1822 дугаартай цэвэр ус дамжуулах шугамын худагт тус аймгийн харьяат иргэн Э/45 настай, эрэгтэй/-ын цогцос байна гэсэн дуудлагыг 01.09-ний өдрийн 10:39 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн 5 алба хаагч, 1 автомашинтай 2 км замыг туулан, 11:05 цагт очиж, 2 минут ажиллаж цогцсыг гарган тус аймгийн Цагдаагийн газрын мөрдөн байцаах тасгийн дарга, цагдаагийн ахмад Б.Үнэнбаярт шилжүүлж өгсөн.

Цасанд суусан: Булган аймгийн Орхон сумын 3 дугаар багийн “Өлийн даваа” гэдэг газарт /аймгийн төвөөс баруун зүгт 12 км-т, сумын төвөөс  хойд зүгт 38 км-т/ тус аймгийн Орхон сумаас Булган сумын чиглэлд иргэн Т-ын жолоодож явсан “Кроун” загварын суудлын автомашин /1 зорчигчтой/ зорчиж яваад цасанд суусан тухай дуудлагыг 01.10-ны өдрийн 03:30 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын 4 алба хаагч, 1 автомашинтай 12 км замыг туулан 03:59 цагт очиж, 31 минут ажиллаж автомашиныг татаж гаргасан.

4.Мэдээлэл:

Бусад төрлийн мэдээлэл: Дорноговь аймгийн Даланжаргалан сумын Цомог багийн /сумын төвд/ ерөнхий боловсролын дунд сургуулийн дотуур байрны халаалтын нам даралтын зуух 01.09-ний өдрийн 17:45 цагийн орчим дэлбэрч уурын зуухны барилгын баруун, зүүн, урд хэсгийн хана, дээвэрт нуралт үүссэн тухай мэдээллийг мөн өдрийн 18:45 цагт хүлээн авсан. Тус сумын Ерөнхий боловсролын дунд сургуулийн 25 багш, ажилтан, “МАК” ХХК-ийн 3 ажилтан, “Ачир” ХХК-ийн 2 ажилтан, тус аймгийн “Цахилгаан түгээх станц”-ын 2 ажилтан, нийт 32 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг барилгын дулаан дамжуулах шугам хоолойн усыг шавхах ажлыг хийж гүйцэтгэсэн тухай мэдээллийг тус сумын Засаг дарга С.Уранцэцэг аймгийн Онцгой байдлын газарт мэдээлсэн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top