Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Баруун аймгуудын нутгаар үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос 5-10 м/с. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 27-32 градус, Их нууруудын хотгор, Хүрэн бэлчир, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Эг-Үүр, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар 18-23 градус, Алтайн өвөр говь  болон говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр 8-13 градус, бусад нутгаар 13-18 градус хүйтэн байна.

Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас 4-9 м/с, 14-16 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 15-нд нутгийн баруун өмнөд хэсгээр, 16-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсэг, говийн аймгуудын нутгийн зарим газраар, 17-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи 16-нд Алтайн салбар уулс болон Арц-Богдын өвөр хоолойгоор,17-нд зарим газраар 12-14 м/с хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 33-38 градус, өдөртөө 23-28 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Их нууруудын хотгор, Байдраг, Эг-Үүр, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 27-32 градус, өдөртөө 15-20 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай энгэр ээвэр газраар шөнөдөө 16-21 градус, өдөртөө 5-10 градус, бусад нутгаар шөнөдөө 21-26 градус, өдөртөө 11-16 градус хүйтэн байна.

2.Гал түймэр:

Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Баянгол дүүргийн 21 дүгээр хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 01.12-ны өдрийн 10:41 цагт хүлээн авч Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 5 км замыг туулан 10:55 цагт очиж, иргэн Н-ийн эзэмшлийн 10×7 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан.

Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1 дүгээр баг дахь “Булган” мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд уурын зуухны байрны дээврийн хэсэг шатаж байна гэсэн дуудлагыг 01.12-ны өдрийн 06:08 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 51 дүгээр ангийн 5 алба хаагч, 1 автомашинтай 3 км замыг туулан 06:12 цагт очиж, 3х4 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг 1 цаг 20 минут ажиллаж унтраасан.

Дархан-Уул аймгийн Дархан сумын 1 дүгээр багт байшингийн дээврээс утаа гарч гэсэн байна дуудлагыг 01.12-ны өдрийн 08:07 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 54 дүгээр ангийн 5 алба хаагч, 1 автомашинтай 0.5 км замыг туулан 08:09 цагт очиж, иргэн Ц-гийн эзэмшлийн 4х7 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг 32 минут ажиллаж унтраасан.

Сэлэнгэ аймгийн Мандал сумын Баян-Арцат багт иргэн Г-гийн 6х12 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байна гэсэн дуудлагыг 01.13-ны өдрийн 04:54 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Мандал сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 19 дүгээр ангийн 6 алба хаагч, 2 автомашинтай 3 км замыг туулан 05:00 цагт очиж, 31 минут  ажиллаж унтраасан.

3.Байгаль, цаг агаарын аюулт үзэгдэл:

Газар хөдлөлтБулган аймгийн Могод сумын 4 дүгээр багийн “Наран” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 60 км-т, сумын төвөөс зүүн хойд зүгт 16 км-т, Ө-48023’60’’ У-103005’60’’/ 01.12-ны өдрийн 09:44 цагт 3.5 магнитутын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг ООГХ-ээс 01.12-ны өдрийн 10:04 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Могод сумын Тамгын газрын даргатай утсаар холбогдож тодруулахад Могод сумын төвөөс зүүн хойд зүгт 7 км-т “Зүүн хажуу” гэдэг газар малчин Б, 13 км-т “Баянгол” гэдэг газар малчин М, Н, 16 км-т “Наран” гэдэг газар малчин Б нарын өрх айлд газар хөдлөлтийн чичирхийлэлт тус тус мэдрэгдсэн, учирсан хохиролгүй гэж мэдээлсэн.

4.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Цогцос гаргах ажиллагаа: Нийслэлийн Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, “Монгол кино нэгтгэл” ТӨҮГ-ын хашаанд дулааны шугам сүлжээний худаг дотор хүний цогцос байна, гаргаж өгнө үү гэсэн хүсэлтийг цагдаагийн байгууллагаас 01.12-ны өдрийн 20:33 цагт хүлээн авсан. Нийслэлийн Аврах ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 7.5 км замыг туулан 20:55 цагт очиж, нэр, нас, хаяг нь тодорхойгүй эрэгтэй хүний цогцсыг гаргаж, нийслэлийн Цагдаагийн газрын Шуурхай удирдлагын хэлтсийн ахлах мөрдөгчид шилжүүлэн өгсөн.

Бусад: Нийслэлийн Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, “Түмэн наст” хорооллын байранд цахилгаан шат гацаж, дотор нь 5 хүн байгаа тухай дуудлагыг 01.13-ны өдрийн 01:30 цагт хүлээн авсан. Нийслэлийн Аврах ангийн 5 алба хаагч, 1 автомашинтай 10 км замыг туулан 01:52 цагт очиж, нийслэлийн Баянгол дүүргийн харьяат иргэн Г /41 настай, эмэгтэй/, А /20 настай, эмэгтэй/, Хан-Уул дүүргийн харьяат иргэн Х /21 настай, эрэгтэй/, Х /21 настай эмэгтэй/, Х /2 настай, эрэгтэй/ нарыг цахилгаан шатнаас гаргасан.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top