1.Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр ялимгүй цас орно. Бусад нутаар багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи баруунаас 5-10 м/с. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 24-29 градус, Их нууруудын хотгор, Хүрэн бэлчир, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Эг-Үүр, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар 15-20 градус, Эхийн голын Баянбүрд орчим болон говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр 6-11 градус, бусад нутгаар 11-16 градус хүйтэн байна.
Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас 4-9 м/с. 13-15 градус хүйтэн байна.
Төлөв байдал: 15-нд нутгийн баруун өмнөд хэсгээр, 16-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсэг, говийн аймгуудын нутгийн зарим газраар, 17-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газaр, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 18-нд төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи 16,18-нд Алтайн салбар уулсаар, 17-нд зарим газраар 12-14 м/с хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 36-41 градус, өдөртөө 23-28 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Их нууруудын хотгор, Байдраг, Эг-Үүр, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 27-32 градус, өдөртөө 15-20 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай энгэр ээвэр газраар шөнөдөө 16-21 градус, өдөртөө 5-10 градус, бусад нутгаар шөнөдөө 21-26 градус, өдөртөө 11-16 градус хүйтэн байна.
2.Гал түймэр:
ААН, байгууллагын өмчид гарсан: Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Хувьсгалчдын Г-д “Свит Рейсимс” ХХК-ийн 3 давхар барилгын 1 дүгээр давхрын агуулахад хадгалагдаж байсан бараа, материал шатаж байна гэсэн дуудлагыг 01.13-ны өдрийн 21:24 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 4.5 км замыг туулан 21:31 цагт очиж, 15 минут ажиллаж унтраасан.
Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Яргайтын Задгайд иргэн Ц-ын байшингийн дээвэр шатаж байна гэсэн дуудлагыг 01.13-ны өдрийн 18:36 цагт хүлээн авсан. Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 74 дүгээр ангийн 5 алба хаагч, 1 автомашинтай 9 км замыг туулан 18:49 цагт очиж, 20 минут ажиллаж унтраасан.
Завхан аймгийн Улиастай сумын Богдын гол багийн 10 дугаар гудамжинд иргэн Ж-ийн хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 01.13-ны өдрийн 19:20 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 43 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 0.5 км замыг туулан 19:22 цагт очиж, 8 минут ажиллаж унтраасан.
Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын 6 дугаар багийн Хатгал тосгоны “Цахир” хорооллын 4 дүгээр гудамжинд иргэн Г-ийн байшин шатаж байна гэсэн дуудлагыг 01.13-ны өдрийн 20:58 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Хатгал тосгон дахь Гал түймэр унтраах, аврах 69 дүгээр ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 2 км замыг туулан 21:00 цагт очиж, 50 минут ажиллаж унтраасан.
Хэнтий аймгийн Хэрлэн сумыг 5 дугаар баг /сумын төвд/ “Харгуй” ХХК-ийн манаач Ч-ийн 4 ханатай гэр шатаж байна гэсэн дуудлагыг 01.13-ны өдрийн 22:45 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 32 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 2 км замыг туулан 22:48 цагт очиж, 16 минут ажиллаж унтраасан.
Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 8 дугаар багийн “Улаан-Овоот” гэдэг газарт /сумын төвөөс зүүн зүгт 18 км-т/ иргэн М-ийн малын хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 01.14-ний өдрийн 04:00 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 15 дугаар ангийн 5 алба хаагч, 1 автомашинтай 18 км замыг туулан 07:00 цагт очиж, унтраахаар ажиллаж байна.
3.Эрэн хайх, аврах ажиллагаа:
Мөс цөмөрсөн: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Урандөш багийн “Хүрэн шугуй” гэдэг газарт /сумын төвөөс баруун урд зүгт 8 км-т/ Цөм сүргийн үржлийн төвийн малчин В “Дэлгэрмөрөн” голоор 01.11-ний өдрийн 18:00 цагийн орчим 100 орчим бог мал тууж явахад голын мөс цөмөрч осолдсон тухай дуудлагыг 01.13-ны өдрийн 10:30 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын 12 алба хаагч, 1 автомашин, 1 завь, Хүнс, хөдөө аж ахуйн газрын 3 ажилтан 1 автомашин, Мэргэжлийн хяналтын газрын 3 ажилтан, 1 автомашин, Цөм сүргийн үржлийн төвийн 3 ажилтан, нийт 22 хүн, 4 автомашин, 1 завьтай 8 км замыг туулан 13:30 цагт очиж, 7 цаг 2 минут ажиллаж, голоос 81 бог мал /24 хонь, 57 ямаа/-ын сэг зэмийг гаргаж, булж устгасан.
Аврах ажиллагаа: Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо “Мөнхбаясах кэйсинг” ХХК-ийн “Өлөн боловсруулах үйлдвэр”-ийн өлөнгийн өнгөр чанах 3.5х2.5 метрийн хэмжээтэй тогоонд тус үйлдвэрийн ажилтан Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хорооны харьяат Б /44 настай, эрэгтэй/, БНХАУ-ын иргэн Ш/36 настай, эрэгтэй/, Л/34 настай, эрэгтэй/ нар унасан тухай дуудлагыг 01.13-ны өдрийн 14:23 цагт хүлээн авсан. Нийслэлийн Аврах ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 34 км замыг туулан 14:48 цагт очиход иргэн Б, Ш, Л нарыг тогооноос тус үйлдвэрийн ажилчид гаргасан байсан. Иргэн Б, Ш, Л нарын биеийн байдал хүнд, хордож ухаан алдсан байсан тул эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлж, ХЯТҮТ-ийн их эмч С.Эрдэнэцэцэгт хүлээлгэн өгсөн. ХЯТҮТ-д эмчлэгдэж буй иргэн Б, Л нарын биеийн байдал хүнд, ухаангүй, иргэн Ш ухаан орсон, биеийн байдал хүндэвтэр, мөн тус үйлдвэрийн ажилтан Баянгол дүүргийн 20 дугаар хорооны харьяат З /27 настай, эрэгтэй/, Дундговь аймгийн Адаацаг сумын харьяат М /36 настай, эрэгтэй/ нарын биеийн байдал дунд зэрэг /өөрсдөө эмнэлэгт ирсэн/ байгаа тухай 01.14-ний өдрийн 05:40 цагт ХЯТҮТ-ийн их эмч Н.Чингүүлээс тодруулсан.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР