Гал түймэртэй тэмцэх байгууллага үүссэний 98 жилийн ой энэ өдрүүдэд тохиож буй. Иргэдийн амь нас, эд хөрөнгийг аврахаар амиараа дэнчин тавьж улалзан дүрэлзэх гал руу орох тангараг өргөсөн гал сөнөөгч залуусын нэг өдрийг сурвалжлахаар Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийг зорилоо.
Тэртээ 1922 онд жанжин Д.Сүхбаатар тус ангийн суурийг нь тавьж байжээ. Ууганд тооцогдох энэ анги 98 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байгаа аж. 1981 онд “Алган гадас” одонгоор, 2015 онд “Байлдааны гавьяаны улаан туг”-ийн одонгоор шагнуулжээ.
Нийслэлийн зургаан дүүрэгт гарсан гал түймрийн дуудлагад 24 цагийн турш үүрэг гүйцэтгэж ажилладаг тус анги 60 орчим алба хаагчтай. Нэг ээлжинд 12-16 гал сөнөөгч үүрэг гүйцэтгэж ажилладаг юм байна.
10 дугаар ангийн алба хаагчид өнгөрсөн онд 748 гал түймрийн дуудлагад үүрэг гүйцэтгэж ажиллажээ. Өдөрт дунджаар 2-4 дуудлагад ажилладаг талаар ангийн захирагч, хурандаа Б.Бат-Очир хэлж байна.
Гал сөнөөгчид дунд 21 жилийн ажлын туршлагатай нэгэн байхад академи төгсөж албанд ороод гуравхан сар болж буй залуу хүү ч бий.
Бүтэн цэргийн зохион байгуулалттай гал сөнөөгчдийн өдөр өглөө 6:00 цагт босч жагсаалын талбайд гимнастик хийснээр эхэлнэ.
Гал унтраах 10 дугаар ангийн гал сөнөөгчид бүгд спортын цол зэрэгтэй. Үндэсний бөхийн сумын заанаас эхлээд хүндийг өргөлтийн тамирчин, хөлбөмбөгийн мастер хүртэл гал сөнөөгчөөр ажиллаж байна.
Ангийн захиргаа аврагч залуусынхаа ая тухыг хангахад анхаарч ажилладаг юм байна. Чөлөөт цагаа өнгөрүүлэх бялдаржуулах танхим, амрах өрөөг нь тохижуулж өгчээ. Гэлээ гээд зурагт үзээд тухлах алба хаагч энд алга. 24 цагаар бэлэн байдалд ажилладаг гал сөнөөгчдөд машин техникээ өнгөлөхөөс эхлээд хийх ажил барагдахгүй их юм. Алба хаагчид 24 цаг ажиллаад л гурав хоног амардаг аж. Амрах хугацаандаа ангиас өгсөн даалгаврын дагуу айл өрхүүдээр явж галын аюулаас урьдчилан сэргийлэх суртал ухуулга хийж ажилладаг юм байна.
Энэ өдрийн ээлжийн ахлахаар спортын мастер, ахлагч Б.Төвшинбаяр ажиллаж байна. Гал сөнөөгчөөр долоо дахь жилдээ ажиллаж байгаа түүнтэй цөөн хором хөөрөлдлөө.
– Мэргэжлээрээ хэдийд бахархаж байв?
– Анх ажилд ороод амар байгаагүй шүү, их шантарна. Одоо бодоход мэргэжлийнхээ гоё сайхныг мэдэрч амжаагүй л байсан юм билээ. Дүрэлзсэн улаан гал, битүү суунагласан утаанаас хүний амь аварчихаад буцаж байхдаа мэргэжлээрээ бахархана шүү дээ. Ядарснаа ч мэдэрдэггүй юм. Ард нийтийнхээ талархсан сэтгэлээр урам зориг авч ажилладаг.
– Онцгой байдлын ерөнхий газрын ажилтнууд, тэр дундаа гал сөнөөгчдийн нэр хүнд нийгэмд өндрөөр үнэлэгддэг болсон юм шиг. Танд мэдрэгдэж байх юм уу?
-Ажиглагддаг шүү. Дүрэмт хувцастайгаа алхаж байхад хүндлэл мэдрэгддэг юм. Үүнийг дагаад хариуцлага нэмэгддэг. Онцгой байдлын алба хаагчдын ард нийтийн төлөө гэсэн сэтгэлийг иргэд ухамсарладаг болсон байна.
– Дүрэлзсэн улаан гал руу ороход эр зориг шаардана биз. Ер нь сэтгэл зүйгээ хэрхэн бэлтгэдэг вэ?
– Тодорхой хэмжээнд шаардана. Гал сөнөөгч хүн гол нь эрүүл чийрэг бие бялдартай байх хэрэгтэй. Утаанд манараад уначихсан хүний бие хөөнө. Улам л хүнд болно шүү дээ. 100 орчим кг-ын жинтэй хүнийг манантсан утаанаас үүрээд гаргах нь гал сөнөөгч хүнд тавигдах эхний шаардлага” гэж байна.
Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид нийслэлийн зургаан дүүрэгт гарсан гал, түймэр бүрт л үүрэг гүйцэтгэж байжээ. “Нарантуул”, “Бөмбөгөр” зэрэг захуудад гал гарахад тус ангийн алба хаагчид ажиллажээ. Гал сөнөөгч, ахлагч О.Эрдэнэбулган “Нарантуул” худалдааны төвд гал гарахад үүрэг гүйцэтгэж ажилласан байна. Тэрбээр энэ талаараа “2013 оны наймдугаар сард санагдаж байна. Би ч шинэ алба хаагч байлаа. Өглөө 6:00 цагт босчихоод заретканд гүйгээд орж байхад Нарантуул захын орчмоос нүүгэлтсэн хар утаа гарч байсныг тод санаж байна. Удсан ч үгүй хонх дуугарсан. “Нарантуул” захад гал гарсан дуудлага аваад л галын газарт нүд ирмэхийн зуурт очсон. Тухайн үед гал газар авчихсан, төмөр хана нь халуунаар төөнөөд л ажиллахад их хүндрэлтэй байсан. Тангараг өргөсөн алба хаагч арга байхгүй орсон доо. Олон жил ажилласан туршлагатай алба хаагчид маань их түшиг болж байсан. Галыг бүрэн унтраачихаад сая нэг сэтгэл амарч байснаа тод санаж байна” гэсэн юм.
Энэ мэтийг хөөрөлдөж байх зуур түгшүүрийн хонх жингэнэх нь тэр. Нүд ирмэхийн зуурт л алба хаагчид бэлэн жагсчээ. Огцом өндөр шаттай улаан машин руу гал сөнөөгчид муур шиг үсрээд л гарч байна. Бидний нэрлэж заншсанаар Баянбүрдийн тойргийн ойролцоох таван давхар орон сууцны нэгдүгээр давхарт гал гарчээ.
Маяк гялалзуулсан том улаан машин замын хөдөлгөөнд оролцоход ачаалалтай байлаа. Дуут дохиогоо хангинуулсан машинд зам тавиад өгчих ухамсартай тээврийн хэрэгсэл ховор юм. Гэрлэн дохион дээр гурван минут орчим зогсоход эгнээ сольж өмнүүр нь “хамраа чихсэн” приус машин ч байна лээ. Дуудлага өгсөн газар очиход таван давхар саарал байрны подвалиас хар утаа суунаглаж байна. Утаа гуравдугаар давхар хүртэл газар авчээ. Дөрвөн гал сөнөөгч орц руу орж явчихав. Хар утаа суунагласан өрөөний хаалга түгжээтэй байжээ. Төд удалгүй жижүүр эмэгтэй гүйж ирэх нь тэр. Тэрбээр цахилгаан зуухан дээрээ хоол тавьснаа мартчихсан нь тус байрны оршин суугчдыг сандаргажээ. Будаа агшаагчны савтай нүүрс шиг хар зүйлийг гал сөнөөгчид бариад гарч ирснээр асуудал намжив.
Гал сөнөөгчид багаар ажилладаг юм байна. Манантсан утаа руу ороход ард нь үлдэх хүн алга. Ээлжийн ахлагч Б.Төвшинбаяр “Гал унтраахад эр зоригоос илүү багаар ажиллах чадвар илүү хэрэгтэй. Багаараа ажиллаж байж л тэр их галыг унтраана. Энэ ч утгаараа гал сөнөөгчид төрсөн ах дүүс шиг л дотно нэг болчихсон байдаг” гэв. Тэрбээр гал сөнөөгч хүн богино хугацаанд оновчтой зөв шийдвэр гаргах чадвартай байх нь чухал гэж хэлсэн юм.
Энэ дуудлагад албанд ороод гурван сар болж буй залуу гал сөнөөгч М.Мэндбаяр ажилласан юм. Өнөө жил 20 настай тэрбээр академид гурван сар суралцаад гал унтраах ангид ажилд оржээ. “Гэр бүлийнхэн маань Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд байдаг юм. Хувиараа хөдөлмөр эрхэлдэг. Би 10 жилийн сургуулиа төгсөөд л онцгой байдлын ажилтан гал сөнөөгч болохоор шийдсэн. Авхаалжтай гал сөнөөгч нарын эр зориг намайг энэ мэргэжил сонгоход нөлөөлсөн. Олон хүний амь аварч бусдын элэг бүтэн амьдралын төлөө ажилладаг аврагч ах нараараа бахархдаг юм. Эд нараасаа суралцаад л сайн гал сөнөөгч болохыг хичээж явна” гэв.
Галын дуудлага аваад хөдөлгөөнд оролцоход гардаг хүндрэлийн талаар галын машины жолооч Ж.Нурлан “Галын машин маяк асаагаад явж байгаа ч дүрмийн дагуу замын хөдөлгөөнд оролцдог. Жолооч нар зам тавьж өгөхдөө хойрго ханддаг юм. Энэ үйлдлээрээ бусдыг хорлож байгаа хэрэг. Бусдын хөрөнгө шатаж байна гэдгийг ухамсарлаад зам тавиад өгөхөд хэдхэн хормыг л зарцуулна” гэж хэлсэн юм.
Өвлийн улиралд айл өрхүүд үнс нурмаа ил задгай орхисноос гал алддаг талаар гал сөнөөгчид анхааруулж байна. Мөн бага насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр гэрт үлдээх нь эрсдэл дагуулдаг аж.
Гал сөнөөгчид айл өрхүүдээр явж гал түймрээс урьдчилан сэргийлэх зөвлөгөөг хүргэж ажилладаг юм байна. Айл өрхүүд ч зөвлөгөөг дагаж мөрдсөнөөр гал түймрийн дуудлага буурах хандлагатай байгаа талаар Онцгой байдлын албаны гал сөнөөгчид хэлж байна. Хаврын улиралд хуурайшилтын үед иргэд шар өвс шатаах болон гагнуур хийх үедээ гал алдах эрсдэлтэй байдаг талаар сэрэмжлүүлсэн юм. Мөн аялал зугаалгаар явахдаа үнс нурмаа дутуу унтраах нь түймэр гарах эрсдэл дагуулдаг аж.
Эх сурвалж: “Өдрийн сонин” 2019.01.15
О.Дашням