Үлэг гүрвэлийн ойг нууц ажиллагаа явуулж аварчээ

9e45ce27437299fb2eb8a055ee8cbb6aa0e90633.jpg

Тусгай бэлтгэгдсэн гал сөнөөгчид нууц ажиллагаа явуулсны ачаар үлэг гүрвэлийн ой хэмээн алдаршсан дэлхийн хамгийн эртний Воллеми нарсан ойг аварч чаджээ.

Эх сурвалжийн мэдээлснээр, Сидней хотоос баруун хойд зүгт орших, Дэлхийн өвд бүртгэгдсэн Хөх Уулын хавцалд нуугдсан 200 хүрэхгүй эртний мод  Австралийн ой, хээрийн түймэрт устан үгүй болох аюул нүүрлэсэн байна.

Гал сөнөөгчид үлэг гүрвэлийн ойг тойруулан гал авалцахаас сэргийлсэн тусгай бодис агаараас цацсан бол тусгай бэлтгэгдсэн гал сөнөөгчид хавцал руу бууж, услалтын систем суурилуулсан аж. Шинэ Өмнөд Уэлс мужийн байгаль орчны сайд Мэтт Кэн энэхүү нууц ажиллагаа нь урьд өмнө явуулж байгаагүй тусгай ажиллагаа байсан гэж тодруулжээ.

1994 онд Воллеми төглийг нээхээс өмнө зарим төрлийн үлэг гүрвэлээс ч өмнө нь дэлхийг эзэгнэж байсан 200 сая жилийн настай эдгээр модыг устан үгүй болсон гэж үзэж байсан аж. Тусгай хамгаалалтад байдаг үлэг гүрвэлийн ойд аялагчид хууль бусаар нэвтэрч, төрөл бүрийн өвчин тараах, зулзаган моддыг гэмтээх зэрэг аюул учруулдаг гэж Кэн ярьжээ. Воллеми моддыг устаж үгүй болохоос сэргийлэн дэлхийн олон улс орны цэцэрлэгт хүрээлэнгүүдэд үрсэлгээг нь хүргүүлж, үржүүлж буй ч онгон байгальд үлдсэн нь Воллеми хавцал юм.

Эх сурвалж: zindaa.mn

scroll to top