Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт:  Завхан, Сүхбаатар, Төв аймгийн нутгаар цас орсон.

     Өнөөдөр: Нутгийн хойд хэсгээр үүлэрхэг. Төвийн аймгуудын нутгийн зүүн болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос 5-10 м/с, зарим газраар 13-15 м/с хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр  23-28 градус,  Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Эг-Үүр, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Халх голын хөндийгөөр 15-20 градус, Эхийн голын Баян Бүрд орчим, цас багатай энгэр ээвэр газар болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 4-9 градус, бусад нутгаар 11-16 градус хүйтэн байна.   

Улаанбаатар хотод: Үүлшинэ, цас орохгүй, салхи баруун хойноос 7-12 м/с., 13-15 градус хүйтэн байна.

    Төлөв байдал: 20-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 22-нд төв, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 23-нд Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи 20-нд зарим газраар, 22-нд нутгийн зүүн хэсгээр 13-15 м/с хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 32-37 градус, өдөртөө 22-27 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Их нууруудын хотгор, Байдраг, Эг-Үүр, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 25-30 градус, өдөртөө 12-17 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай энгэр ээвэр газраар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 2-7 градус, бусад нутгаар шөнөдөө 20-25 градус, өдөртөө 9-14 градус хүйтэн байна. 22-нд нутгийн хойд хэсгээр, 23-нд ихэнх нутгаар хүйтний эрч чангарна.

2.Гал түймэр:

 Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Хан-Уул дүүргийн 6 дугаар хорооны “Нүхт”-ийн 3 дугаар гудамжинд иргэн Г-ын 12х6 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр, 6х3 метрийн хэмжээтэй байшин, 3х2 метрийн хэмжээтэй амбаар,  байшин шатаж байна гэсэн дуудлагыг 01.19-ний өдрийн 04:30 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 30 дугаар ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 5 км зам туулан 04:38 цагт очиж 25 минут ажиллаж унтраасан.

Аж ахуйн нэгжийн өмчид гарсан: Нийслэлийн Баянгол дүүргийн 20 дугаар хороо “Хос бар” ХХК-ийн хашаанд  тус компанийн ажилчдын 5 ханатай гэр шатаж байна гэсэн дуудлагыг 01.19-ний өдрийн 07:16 цагт хүлээн авсан. Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 3 км зам туулан 07:20 цагт очиж 5 минут ажиллаж унтраасан.

3.Байгаль, цаг уурын аюулт үзэгдэл:

Газар хөдлөлт: Өмнөговь аймгийн Мандал-Овоо сумын Мандал багийн “Улаан нуур” гэдэг газар /сумын төвөөс баруун зүгт 37 км-т /У-103035/ 24//, Ө-44040/48/// 01.18-ны өдрийн 16:59 цагт 3.5 магнитудын хүчтэй газар хөдлөл болсон тухай мэдээллийг ООГХ-ээс ирүүлсэн. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг дарга Ц.Санжаагаас тодруулахад тухайн газар нь 3 өрх айл нутагладаг бөгөөд иргэдэд чичирхийлэл мэдрэгдсэн бөгөөд хохирол учраагүй тухай мэдээлсэн.

4.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Эрэн хайх ажиллагаа /сураггүй болсон/: Хөвсгөл аймгийн Тариалан сумын Таван толгой багийн “Улаантолгой” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 145 км-т, сумын төвөөс зүүн хойд зүгт 15 км-т/ Тус аймгийн Мөрөн сумаас Тариалан сумын чиглэлд 3 зорчигчтой зорчиж явсан иргэн Ч-ын “Монет Ниссан” загварын ачааны автомашин цасанд суух үед тус аймгийн Ханх сумын харьяат иргэн Г /28 настай, эрэгтэй/ автомашинаас бууж сураггүй алга болсон тухай дуудлагыг мөн өдрийн  23:20 цагт  хүлээн авсан. Тус аймгийн  Онцгой байдлын газрын Тариалан сум дахь Гал түймэр унтраах, аврах 46 дугаар ангийн 11 алба хаагч, 1 автомашин, сумын Цагдаагийн тасгийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч Б.Нямдаваа, орон нутгийн 2 иргэн, 1 автомашин, нийт 15 хүн, 2 автомашинтай 00:20 цагаас эхлэн “Улаан чулуутын-Ам” гэдэг газрын 1.6 км-ийн тойрогт эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, үр дүнд хүрээгүй тул 01.18-ны өдрийн 04:30 цагт түр зогсоосон. 01.18-ны өдрийн 09:00 цагаас эхлэн Цагдаагийн байгууллага эрэн сурвалжилж мөн өдрийн 16:20 цагт Тариалан сумын төвөөс эсэн мэнд олсон.

Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын Цагаан-Овоо багийн “Буриадын гарам” гэдэг газар /Сайхан сумын төвөөс баруун урд зүгт 60 км-т/ “Ивэнтүрүү” ХХК-ийн харуулын байр 2019 оны 11 сарын 29-ний өдрийн 19:08 цагт  шатсаны улмаас харуул Орхон аймгийн Баян-Өндөр сумын харьяат иргэн Х /55 настай, эрэгтэй/ сураггүй алга болсон тул тухайн өдрөөс 2020 оны 01.13-ны өдөр хүртэл тус аймгийн Цагдаагийн газар эрэн сурвалжилж байсан бөгөөд үр дүнд хүрээгүй тул 01.18-ны өдрийн 09:00 цагт аймгийн Онцгой байдлын газарт эрэн хайх ажиллагааг зохион байгуулах тухай хүсэлт гаргасан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 11 алба хаагч, 1 автомашин, Цагдаагийн газрын 12 алба хаагч,1 автомашин, нийт 23 хүн, 2 автомашинтай “Буриадын гарам” гэдэг газраас баруун зүгт Онцгой байдлын байгууллагын алба хаагчид 10 км-т, мөн газраас зүүн зүгт Цагдаагийн байгууллагын алба хаагчид 10 км-т эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул 18:00 цагт түр зогсоосон. 01.19-ний өдрийн 09:00 цагт дахин эхлүүлнэ.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top