Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Улаанбаатар хот, Дархан-Уул, Дорнод, Сүхбаатар, Сэлэнгэ, Төв аймгуудад цас орж Сүхбаатар аймагт бага зэргийн явган шуургатай байсан.

Өнөөдөр: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр, зарим газраар 13-15 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр 21-26 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Эг-Үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Халх голын хөндийгөөр 15-20 градус, Эхийн голын Баян Бүрд орчим, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 0-5 градус, бусад нутгаар 7-12 градус хүйтэн байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. 10-12 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 22, 23-нд Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар, 24-нд зүүн аймгуудын нутгийн зарим газрар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд секундэд 7-12 метр. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө    33-38 градус, өдөртөө 21-26 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Их нууруудын хотгор, Байдраг, Эг-Үүр, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 25-30 градус, өдөртөө 12-17 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай энгэр ээвэр газраар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 2-7 градус, бусад нутгаар шөнөдөө 20-25 градус, өдөртөө 8-13 градус хүйтэн байна.

2.Гал түймэр:

Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Товчооны задгайд иргэн Л-ын 4 ханатай гэр шатаж байна гэсэн дуудлагыг 01.19-ний өдрийн 11:12 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 35 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 9 км замыг туулан 11:22 цагт очиж 5 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо, Дэнжийн 13 дугаар гудамжинд иргэн П-ын 8х9 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байна гэсэн дуудлагыг 01.19-ний өдрийн 17:05 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 4 км замыг туулан 17:12 цагт очиж 10 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо, Шар хадны 35 дугаар гудамжинд иргэн Т-ын 5 ханатай гэр, иргэн Г-ын 5 ханатай гэрийн зүүн талын хэсэг, 4 ханатай гэрийн баруун талын хэсэг, иргэн Э-ийн Приус-10 загварын автомашины урд хэсэг тус тус шатаж байна гэсэн дуудлагыг 01.19-ний өдрийн 23:38 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 5 км замыг туулан 23:46 цагт очиж 10 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Төмөр замын 1 дүгээр гудамжинд иргэн Д-ийн 5 ханатай гэр шатаж байна гэсэн дуудлагыг 01.19-ний өдрийн 05:10 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 6 км замыг туулан 05:17 цагт очиж 15 минут ажиллаж унтраасан.

3.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Эрэн хайх ажиллагаа /сураггүй болсон/: Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын Цагаан-Овоо багийн “Буриадын гарам” гэдэг газар /Сайхан сумын төвөөс баруун урд зүгт 60 км/ “Ивэнтүрүү” ХХК-ийн харуулын байр 2019 оны 11 сарын 29-ний өдрийн 19:08 цагт  шатсаны улмаас харуул Орхон аймгийн Баян-Өндөр сумын харьяат иргэн Х /55 настай, эрэгтэй/ сураггүй алга болсон тул тухайн өдрөөс 2020 оны 01.13-ны өдөр хүртэл тус аймгийн Цагдаагийн газар эрэн сурвалжилж байсан бөгөөд үр дүнд хүрээгүй тул 01.18-ны өдрийн 09:00 цагт аймгийн Онцгой байдлын газарт эрэн хайх ажиллагааг зохион байгуулах тухай хүсэлт гаргасан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 11 алба хаагч, 1 автомашин, Цагдаагийн газрын 12 алба хаагч,1 автомашин, нийт 23 хүн, 2 автомашинтай “Буриадын гарам” гэдэг газраас баруун зүгт Онцгой байдлын байгууллагын алба хаагчид 10 км-т, мөн газраас зүүн зүгт Цагдаагийн байгууллагын алба хаагчид 10 км-т эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул 18:00 цагт түр зогсоосон. 01.19-ний өдрийн 09:00 цагт дахин эхлүүлнэ.

Бусад: Өвөрхангай аймгийн Хархорин сумын Орхон багийн “Их нарийн” гэдэг газар /сумын төвөөс баруун хойд зүгт 15 км/ Иргэн С-ын “Ниссан Марч” загварын суудлын автомашин Орхон голын мөсөнд цөмөрч орсон тухай дуудлагыг 01.19-ний өдрийн 22:20 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 45 дугаар ангийн 4 алба хаагч, 1 автомашинтай 15 км замыг туулан 23:21 цагт очиж 1:25 цаг ажиллаж тус автомашиныг гаргасан. /1 том хүн, 3 хүүхэд зорчиж явсан./

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top