Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Говийн аймгуудын нутгаар багавтар үүлтэй бусад нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн зүүн хойд хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи баруунаас 5-10 м/с, Алтайн салбар уулс болон говь, тал, хээрийн нутгаар 12-14 м/с хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр 22-27 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Эг-Үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 14-19 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон Хангайн нурууны өвөр бэлээр 2-7 градус, бусад нутгаар 8-13 градус хүйтэн байна.  

Улаанбаатар хотод: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж 6-11 м/с. 11-13 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 23-нд Хөвсгөлийн уулархаг нутгаар, 24-нд Хэнтэйн уулархаг нутаг, Онон, Улз голын сав газраар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи 23-нд зарим газраар, 24-нд зүүн аймгуудын нутгаар 12-14 м/с хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг, Халх голын хөндийгөөр шөнөдөө 35-40 градус, өдөртөө 23-28 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Их нууруудын хотгор, Эг-Үүр, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 28-33 градус, өдөртөө 14-19 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 11-16 градус, өдөртөө 3-8 градус, бусад нутгаар шөнөдөө 20-25 градус, өдөртөө 8-13 градус хүйтэн байна. 25-наас ихэнх нутгаар хүйтний эрч суларна. 

2.Гал түймэр:

ААН, байгууллагын өмчид гарсанДорноговь аймгийн Сайншанд сумын 4 дүгээр багийн Буянт-Ухаа гэдэг газарт иргэн Б-гийн “Хур говь” зочид буудлын гал тогооны өрөөнд гал гарч байна гэсэн дуудлагыг 01.21-ний өдрийн 08:01 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 33 дугаар ангийн 13 алба хаагч, 2 автомашинтай 3.5 км замыг туулан 08:05 цагт очиж, 5 минут ажиллаж унтраасан.

Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороонд иргэн Д-гийн 5 ханатай гэр шатаж байна гэсэн дуудлагыг 01.21-ний өдрийн 05:54 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 17 км замыг туулан 06:12 цагт очиж, 30 минут ажиллаж унтраасан. Уг гал түймэрт тус дүүргийн харьяат иргэн Э /57 настай, эрэгтэй/,  Д /34 настай, эрэгтэй/, О /31 настай, эмэгтэй/, С /10 настай, эрэгтэй/, Д /1 сартай, эрэгтэй/ галд өртөж нас барсан байсан тул цогцсуудыг тус дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн эргүүлийн офицерт шилжүүлэн өгсөн.

Дорноговь аймгийн Сайншанд сумын 8 дугаар багт иргэн С, Н нарын 4 ханатай гэр, тоосгон амбаар доторх түлшний мод шатаж байна гэсэн дуудлагыг 01.21-ний өдрийн 10:26 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 33 дугаар ангийн 5 алба хаагч, 1 автомашинтай 3.5 км замыг туулан 10:29 цагт очиж, 15 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороонд иргэн М-ийн 12х15 метрийн хэмжээтэй 2 давхар модон байшин шатаж байна гэсэн дуудлагыг 01.21-ний өдрийн 17:59 цагт хүлээн авч Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 4 км замыг туулан 18:06 цагт очиж, 4 цаг 30 минут, нэмэлт 1: тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 18:07 цагт гарч 6.5 км замыг туулан 18:16 цагт очиж, 3 цаг 25 минут, нэмэлт 2: Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 18:32 цагт гарч 4 км замыг туулан 18:38 цагт очиж, 3 цаг, нэмэлт 3: Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 18:46 цагт гарч 12 км замыг туулан 19:02 цагт очиж, 3 цаг 8 минут тус тус ажиллаж унтраасан. Хэргийн газрыг тус дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн эргүүлийн офицерт хүлээлгэн өгсөн.

Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 1 дүгээр багт иргэн Г-гийн гарааш, “Тоёота Аллион” загварын суудлын автомашин, 5 ханатай гэр шатаж байна гэсэн дуудлагыг 01.22-ны өдрийн 05:20 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 15 дугаар ангийн 5 алба хаагч, 1 автомашинтай 2 км замыг туулж 05:23 цагт очиж, 16 минут ажиллаж унтраасан.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top