Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.

    Өнөөдөр: Нутгийн баруун хагаст үүлшинэ. Бусад нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар цас орохгүй. Салхи баруун өмнөөс 5-10 м/с, Алтайн салбар уулсаар 12-14 м/с хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр 16-21 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн-Бэлчир орчим, Эг-Үүр, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Хэрлэн, Онон голын хөндийгөөр 10-15 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, цас багатай энгэр ээвэр газраар 4 градус дулаанаас 1 градус хүйтэн, бусад нутгаар 5-10  градус хүйтэн байна.

    Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй, цас орохгүй, Салхи баруунаас 3-8 м/с, 6-8 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 28-нд Монгол-Алтайн уулсаар, 29-нд Хангай, Хөвсгөлийн уулс, Орхон-Сэлэнгийн бэлчрээр ялимгүй цас, 30-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 31-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Салхи   29-нд Алтайн салбар уулс болон Арц Богдын өвөр хоолойгоор, 30-нд нутгийн зарим газраар, 31-нд говь, талын нутгаар 14-16 м/с хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндий, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө 29-34 градус, өдөртөө 17-22 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Их нууруудын хотгор, Эг-Үүр, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 22-27 градус, өдөртөө 11-16 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай энгэр ээвэр газраар шөнөдөө 9-14 градус хүйтэн, өдөртөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 17-22 градус, өдөртөө 5-10 градус хүйтэн байна. 30-нд нутгийн баруун хэсгээр, 31-нд ихэнх нутгаар хүйтний эрч чангарна.

2.Гал түймэр:

Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хорооны “Хайрхан”-ы 9 дүгээр гудамжинд иргэн А-ийн 8х12 метрийн хэмжээтэй байшин шатаж байна гэсэн дуудлагыг 01.26-ны өдрийн 10:04 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 9 км зам туулан 10:12 цагт очиж 1 цаг 50 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хорооны “Одонт”-ын 29 дүгээр гудамжны “Задгай”-д иргэн Л-ийн 5х6 метрийн хэмжээтэй байшин шатаж байна гэсэн дуудлагыг 01.26-ны өдрийн 16:11 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 7 км зам туулан 16:20 цагт очиж 30 минут ажиллаж унтраасан.

Дархан-Уул аймгийн Дархан сумын 3 дугаар  багийн “Улиастай”-н 1 дүгээр  гудамжинд иргэн Г-ын 10х4 метрийн хэмжээтэй зуны байшин шатаж байна гэсэн дуудлагыг 01.26-ны өдрийн 17:35  цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 54 дүгээр ангийн 5 алба хаагч, 1 автомашинтай 3.5 км зам туулан 17:39 цагт очиж, 20 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны “Дүүрэг”-ийн 11 дүгээр гудамжинд иргэн Х-ын 5 ханатай гэр шатаж байна гэсэн дуудлагыг 01.26-ны өдрийн 19:23 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 4 км зам туулан 19:31 цагт очиж 20 минут ажиллаж унтраасан.

3.Байгаль, цаг агаарын аюулт үзэгдэл:

Газар хөдлөлт: Увс аймгийн Завхан сумын Хармагт багийн “Хар толгой” гэдэг газар сумын төвөөс баруун хойд зүгт 29 км-т /Ө-49003/36//, У-92051/36///  01.26 өдрийн 09:38 цагт 4.0 магнитудын хүчтэй газар хөдлөл болсон тухай мэдээллийг ООГХ-с ирүүлсэн. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг дарга Б.Пүрэвгончигоос тодруулахад иргэдэд чичихийлэл мэдрэгдсэн бөгөөд хохирол учраагүй тухай мэдээлсэн.

4.Мэдээлэл:

Гамшиг, аюулт үзэгдэл, ослын талаар: Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын Ланз багийн “Хажуу-Улаан” гэдэг газар /сумын төвөөс баруун урд зүгт 13 км-т/ тус сумын харьяат иргэн Г-ийн 4 ханатай гэр, мотоциклийн хамт 01.26-ны өдрийн 09:00 цагт  шатсан. Мэдээллийг тус сумын харьяат иргэн Т 13:02 цагт аймгийн Онцгой байдлын газарт ирүүлсэн.

Бусад төрлийн мэдээлэл: Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Хондот багийн “Их-Уул” гэдэг газар /сумын төвөөс урд зүгт 35 км-т, аймгийн төвөөс зүүн зүгт 55 км-т/ Өмнөговь аймгийн Даланзадгад сумаас Цогтцэций сумын чиглэлд иргэн Б-ийн “Пит” загварын суудлын автомашинд 3 зорчигч зорчиж явснаас Цогтцэций сумын харьяат иргэн У /34 настай, эрэгтэй/ согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэний улмаасхамт явсан хүмүүстэй муудалцаж автомашинаас бууж яваад сураггүй болсон тухай мэдээллийг мөн өдрийн 19:57 цагт хүлээн авсан.  Хамт явсан 2 хүн, 1 автомашин, ар гэрийн 2 хүн, 1 автомашин, нийт 4 иргэн, 2 автомашинтай эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 01.26-ны өдрийн 11:20 цагт Цогтцэций сумын Бэлгэх багийн “Пагвагийн бууц” гэдэг газраас эсэн мэнд олсон тухай мэдээллийг эгч нь болох У аймгийн Онцгой байдлын газарт мөн өдрийн 12:00 цагт ирүүлсэн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top