Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Ихэнх нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи баруун өмнөөс 5-10 м/с, Алтайн салбар уулс болон Арц богдын өвөр хоолойгоор 12-14 м/с хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр 18-23 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Эг-Үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж хөндийгөөр 13-18 градус хүйтэн,  Алтайн өвөр говь болон говийн бүс нутгийн баруун хэсгээр 1 градус дулаанаас 4 градус хүйтэн, бусад нутгаар 6-11 градус хүйтэн байна. 

Улаанбаатар хотод: Их төлөв цэлмэг. Салхи баруун өмнөөс 4-9 м/с, 8-10 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 29-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи 28-нд Алтайн салбар уулс болон Арц Богдын өвөр хоолойгоор, 29-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар 13-15 мс хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндий, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө 29-34 градус, өдөртөө 17-22 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Их нууруудын хотгор, Эг-Үүр, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 24-29 градус, өдөртөө 12-17 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай энгэр ээвэр газраар шөнөдөө 9-14 градус хүйтэн, өдөртөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 5-10 градус хүйтэн байна. 29-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр хүйтний эрч чангарна.

2.Гал түймэр:

Хувийн өмчид гарсанНийслэлийн Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороонд байшингийн дээвэр шатаж байна гэсэн дуудлагыг 01.24-ний өдрийн 10:40 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 2.5 км замыг туулан 10:45 цагт очиж, иргэн П-гийн 8х7 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороонд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 01.24-ний өдрийн 11:12 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 1 км замыг туулан 11:25 цагт очиж, иргэн Б-гийн 5 ханатай гэр шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан.

3.Үйлдвэрлэлийн осол:

Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын Мандалхайрхан багийн “Цагаан цахир” гэдэг газар /сумын төвөөс баруун зүгт 45 км-т, аймгийн төвөөс баруун зүгт 60 км-т/ “Наранмандал” ХКК-ийн эзэмшлийн “Цагаан цахир” алтны уурхайд гэрээгээр тэсэлгээ хийдэг “Пироп-Эрдэнэ” ХХК-ийн ажилтнууд 01.24-ний өдрийн 12:30 цагийн орчим тэсэлгээний материал бэлтгэдэг агуулахад тэсэлгээний бэлтгэл ажил хийх явцад тэсрэлт болж 5 хүн бэртэж гэмтсэн. Бэртэж гэмтсэн 5 ажилтанг тус аймгийн Нэгдсэн эмнэлэгт авчирч үзлэг оношлогоонд оруулж байгаа тухай мэдээллийг 01.24-ний өдрийн 13:35 цагт “Наранмандал” ХКК-ийн төслийн менежер аймгийн Онцгой байдлын газарт мэдээлсэн. Тус аймгийн Онцгой байдлын газрын 7 алба хаагч, Тагнуулын газрын 3 алба хаагч, Цагдаагийн газрын 6 алба хаагч, Мэргэжлийн хяналтын газрын 6 алба хаагч, нийт 22 алба хаагч, 4 автомашинтай 01.24-ний өдөр тухайн газарт очиж ажиллаж байна. Тухайн осолд нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хорооны оршин суугч иргэн Г /44 настай, эрэгтэй/, Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны оршин суугч иргэн Д /22 настай, эрэгтэй/ нарын биеийн байдал хүнд, Нэгдсэн эмнэлгийн гэмтлийн тасагт, Баянхонгор аймгийн Баянлиг сумын Баян-Аараг багийн харьяат иргэн Г /28 настай, эрэгтэй/ биеийн байдал хүнд, эрчимт эмчилгээний тасагт тус тус хэвтэн эмчлүүлж байна. Мөн нийслэлийн Сүхбаатар дүүргийн 16 дугаар хорооны оршин суугч иргэн Э /24 настай, эрэгтэй/, нийслэлийн Налайх дүүргийн 3 дугаар хорооны оршин суугч иргэн Ж /33 настай, эрэгтэй/ нарын биеийн байдал хэвийн тул гадуур гаргасан гэж Нэгдсэн эмнэлгийн мэс заслын эмч мөн өдрийн 17:20 цагт мэдэгдсэн. Биеийн байдал хүнд байгаа иргэн Г, Г, Д нарыг 01.25-ны өдөр ерөнхий зориулалтын агаарын тээврийн “Геосан” ХХК-ийн “Cessna grand caravan 208B” загварын агаарын хөлгөөр Улаанбаатар хотод авчирна.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top