Туркт хүчтэй газар хөдлөлт болж, 31 хүн амиа алджээ

cca6db080c9d2705d08190689e38a02713a18c89.jpg

Туркийн зүүн хэсэгт хүчтэй газар хөдлөлт болсны улмаас 31 хүн амиа алдаж, 1466 хүн гэмтэж, 44 хүнийг нурангиас амь мэнд гаргаж авчээ.

Элязыг мужийн Сивриж хотод 6.8 баллын хүчтэй газар хөдөлсний дараа 4 болон түүнээс дээш баллын хүчтэй нийт 462 чичирхийлэл Адана, Хатай, Османие, Тунджели, Газиантеп, Шанлыурфа, Малатья, Мардин, Самсун, Токат, Чорум, Кайсери мужуудад бүртгэгдсэн байна. Чичирхийлэл мөн хөрш Ирак, Сири, Иран, Ливид мэдрэгджээ. Газар хөдлөлт болсноос хойш 24 цагийн дараа аврагчид хоёр настай хүүхдээ тэвэрсэн эмэгтэйг эсэн мэнд аварсан тухай CNN агентлаг мэдээлэв. Нийт 3500 аврагч дайчлагдан ажиллаж байгаа бөгөөд олон арван мянган ор, хөнжил, майханг хохирогчдод хүргүүлээд байгаа аж. Цаг агаар хүйтэн байгаа учраас хүмүүс мод, хуванцар түлж дулаацаж байна.

Байгалийн гамшгийн улмаас 72 барилга, байшин нурж, нэг мянга орчим байшинд их, бага хэмжээний эвдрэл үүсчээ.

Хамгийн сүүлд 1999 онд 7.4 хүчтэй газар хөдлөлт Туркийн баруун Измит хотод болсноос 17 мянган хүн амиа алдаж байжээ.

Дөрвөн мянган хүн амтай Сивриж хот нь Элязыг хотоос өмнө зүгт Хазар нуурын эрэг дээр байрладаг аялал жуулчлалын гол хотуудын нэг юм. Хазар нууранд дөрвөн мянган жилийн настай “Живсэн хот” байдаг юм.

Эх сурвалж: zindaa.mn

scroll to top