Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Баруун аймгуудын нутгаар солигдмол бусад нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар цас орохгүй. Салхи зүүн аймгуудын нутгаар зүүн хойноос бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндий, Хүрэн-Бэлчир орчмоор 19-24 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Эг-Үүр, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 13-18 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 3 градус дулаанаас 2 градус хүйтэн, бусад нутгаар 5-10 градус хүйтэн байна.

Улаанбаатар хотод: Их төлөв цэлмэг. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. 6-8 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 29-нд Монгол-Алтайн нуруу, Хангай, Хөвсгөлийн уулсаар ялимгүй цас, 30-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 31-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 1-нд  Хангай, Хөвсгөлийн уулсаар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи  29-нд баруун аймгуудын нутгаар, 30-нд нутгийн зарим газраар, 31,01-нд говь, талын нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. 30-нд нутгийн баруун хэсгээр цаашдаа ихэнх нутгаар хүйтэрч, Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндий, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө 34-39 градус, өдөртөө 22-27 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Их нууруудын хотгор, Эг-Үүр, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 28-33 градус, өдөртөө 15-20 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай энгэр ээвэр газраар шөнөдөө 15-20 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 20-25 градус, өдөртөө 9-14 градус хүйтэн байна.

2.Гал түймэр:

Төрийн өмчид гарсан: Дархан-Уул аймгийн Дархан сумын 8 дугаар баг Ёотонгийн 1 дүгээр байрны урд 2х3 метрийн хэмжээтэй хогийн цэг шатаж байна гэсэн дуудлагыг 01.27-ны өдрийн 09:16  цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн 3 алба хаагч, 1 автомашинтай 4 км замыг туулан 09:21 цагт очиж 10 минут ажиллаж унтраасан.

 Хувийн өмчид гарсан: Ховд аймгийн Жаргалант сумын Наран багийн 1 дүгээр гудамжинд иргэн А-ын 6х10 метрийн хэмжээтэй “Өгөөмөр” нарийн боовны цехэд гал гарч байна гэсэн дуудлагыг 01.27-ны өдрийн 09:23 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 48 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 1 км замыг туулан 09:25 цагт очиж 12 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Баянхайрханд иргэн Д-ийн 7×6 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байна гэсэн дуудлагыг 01.27-ны өдрийн 20:43 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 5.5 км замыг туулан 20:53 цагт очиж 25 минут ажиллаж унтраасан.

3.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Эрэн хайх ажиллагаа /сураггүй болсон/: Ховд аймгийн Мянгад сумын Баянбулаг багийн Лүндээ гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 153 км, сумын төвөөс зүүн хойд зүгт 80 км/ Иргэн Ц /39 настай, эмэгтэй/ 01.25-ны өдрийн 21 цагийн үед гэрээсээ гараад сураггүй болсон тухай дуудлагыг 01.27-ны өдрийн 11:08 цагт хүлээн авсан. Тус сумын ЗДТГ-аас 27 хүн, 1 автомашин, Цагдаагийн хэсгээс 5 алба хаагч, 1 автомашин, Эрүүл мэндийн байгууллагаас 4 хүн, 1 автомашин, нийт 36 хүн, 3 автомашинтайгаар 12:30 цагаас эрэн хайх, ажиллагааг зохион байгуулж гэрээс нь баруун хойд зүгт 500 метр зайд “Шувуу баадаг” гэх уулнаас цогцсыг олж аймгийн Цагдаагийн хэсэгт шилжүүлэн өгсөн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top