Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Баян-Өлгий аймгийн нутгаар цас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Нутгийн хойд хэсгээр үүлэрхэг, бусад хэсгээр багавтар үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газар болон зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс хойш эргэж 6-11 м/с, баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар 13-15 м/с хүрч ширүүснэ. Хүйтэрч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 22-27 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг,  Хүрэн-Бэлчир  орчим, Эг-Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 14-19 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, бусад нутгаар 7-12 градус хүйтэн байна.  

Улаанбаатар хотод: Үүлшинэ. Ялимгүй цас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж 6-11 м/с. Хүйтэрч 10-12 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 31-нд нутгийн хойд хэсгээр, 1-нд Хангай, Хөвсгөлийн уулсаар, 2, 3-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд зарим газраар 13-15 м/с хүрч ширүүснэ. Хүйтэрч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндий, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө 39-44 градус, өдөртөө 25-30 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Эг-Үүр, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 33-38 градус, өдөртөө 20-25 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай энгэр ээвэр газраар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 5-10 градус, бусад нутгаар шөнөдөө 25-30 градус, өдөртөө 15-20 градус хүйтэн байна.

2.Гал түймэр:

ААН, байгууллагын өмчид гарсан: Нийслэлийн Баянзүрх дүүргийн 5 дугаар хороонд “Алютэх” ХХК-ийн харуулын байр шатаж байна гэсэн дуудлагыг 01.29-ний өдрийн 14:11 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 4 км замыг туулан 14:17 цагт очиж, 20 минут ажиллаж унтраасан.

Хувийн өмчид гарсанНийслэлийн Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Эрин хорооллын 12 давхар орон сууц 2 дугаар давхраас 12 дугаар давхрын цахилгаан дамжуулах төв шугамын цахилгааны утас шатаж байна гэсэн дуудлагыг 01.29-ний өдрийн 13:29 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 18 дугаар ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 4 км замыг туулан 13:35 цагт очиж, 1 цаг 30 минут, хүч нэмэгдүүлж Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 13:43 цагт гарч 3 км замыг туулан 13:49 цагт очиж, 1 цаг ажиллаж унтраасан.

Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 4 дүгээр багт хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 01.29-ний өдрийн 21:15 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 21 дүгээр ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 2 км замыг туулан 21:18 цагт очиж, 10 минут ажиллаж унтраасан.

Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Дархан-Уул багт нүхэн жорлон шатаж байна гэсэн дуудлагыг 01.30-ны өдрийн 00:49 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Тосонцэнгэл сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 39 дүгээр ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 1 км замыг туулан 00:51  цагт  очиж, 5 минут ажиллаж унтраасан.

3.Байгаль, цаг агаарын аюулт үзэгдэл:

Газар хөдлөлт: Увс аймгийн Цагаанхайрхан сумын Ховд багийн “Таван бэлчир” гэдэг газарт /сумын төвөөс зүүн урд зүгт 16 км-т, Ө:49°17’24” У:94°22’48”/ 01.29-ний өдрийн 09:15 цагт 3.9 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг ООГХ-ээс утсаар мөн өдрийн 09:31 цагт мэдээлсэн. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус багийн Засаг даргаас тодруулахад сумын төвийн иргэдэд чичирхийлэл мэдрэгдсэн бөгөөд хохирол учраагүй тухай мэдээлсэн.

4.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Мөс цөмөрсөн: Ховд аймгийн Булган сумын Байтаг багийн “Хар-Ус” гэдэг газарт /аймгийн төвөөс баруун зүгт 410 км-т, сумын төвөөс баруун зүгт 10 км-т/ тус багийн “Улаан-Үзүүр” гэдэг газраас Булган сумын чиглэлд “Булган” голын мөсөн дээгүүр тус сумын харьяат иргэн Г /35 настай, эрэгтэй/ “Ландкрузер 80” загварын суудлын автомашинаар /3 зорчигчтой/ зорчиж яваад голын мөсөнд цөмөрсөн тухай дуудлагыг 01.29-ний өдрийн 23:38 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Булган сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах 38 дугаар ангийн 5 алба хаагч, ар гэрийн 6 иргэн, нийт 11 хүн, 3 автомашинтай 10 км замыг туулан 01:05 цагт очиж, 37 минут ажиллаж автомашиныг татан гаргасан.

Амиа хорлолт /аврах/: Нийслэлийн Баянгол дүүргийн 20 дугаар хороо иргэн М /26 настай, эрэгтэй, согтууруулах ундаа хэрэглэсэн/ амиа хорлоно гэж хаалгаа дотроос нь түгжсэн, хаалгыг онгойлгох шаардлагатай байна гэсэн хүсэлтийг цагдаагийн байгууллагаас 01.30-ны өдрийн 05:00 цагт хүлээн авсан. Нийслэлийн Аврах ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 7 км замыг туулан 05:08 цагт очиж, 15 минут ажиллаж хаалгыг онгойлгон иргэн М-ийг тус дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн эргүүлийн офицерт хүлээлгэн өгсөн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top