Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

   Өнгөрсөн хоногт: Дархан-Уул, Орхон, Сэлэнгэ аймагт цас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

   Өнөөдөр: Ихэнх нутгаар үүлэрхэг. Төвийн аймгуудын нутгийн зүүн хойд болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи ихэнх  нутгаар баруун хойноос секундэд 5-10 м/с, говь талын нутгаар  13-15 м/с хүрч ширүүснэ.  Хүйтэрч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр 26-31 градус, Их нууруудын хотгор болон Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн-Бэлчир орчим, Эг-Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 17-22  градус, Эхийн голын Баян Бүрд орчим болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 4-9  градус, бусад нутгаар 11-16 градус хүйтэн байна.    

Улаанбаатар хотод: Үүлшинэ, цас орохгүй, салхи баруун хойноос 6-11 м/с, Хүйтэрч 14-16 градус хүйтэн байна.

Төлөв байдал:  02 дугаар сарын 01-ний өдөр Хангай, Хөвсгөлийн уулс болон говийн бүс нутгийн зүүн хэсгээр, 2, 4-нд баруун аймгуудын нутгийн зүүн хойд хэсэг болон төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд зарим газраар  13-15 м/с хүрч ширүүснэ. Хүйтний эрч чангарч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндий, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө 42-47 градус, өдөртөө 30-35 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Эг-Үүр, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 34-39 градус, өдөртөө 25-30 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 18-23 градус, өдөртөө 5-10 градус, бусад нутгаар шөнөдөө 25-30 градус, өдөртөө 15-20 градус хүйтэн байна.

2.Гал түймэр:

Хувийн өмчид гарсан: Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Хараа багийн “Хоёр даваа” гэдэг газар /сумын төвөөс урд зүгт 29 км-т/     Иргэн Б-ийн эзэмшлийн “Хино” загварын ачааны автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 01.30-ны өдрийн 09:40 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 40 дүгээр ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 29 км замыг туулан 10:05 цагт очиж 33 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны “Дунд дарь- Эх”-ийн 10 дугаар гудамжинд иргэн Б-ийн 7х12 метрийн хэмжээтэй байшин, 4х5 метрийн хэмжээтэй граж шатаж байна гэсэн дуудлагыг 01.30-ны өдрийн 18:25 цагт хүлээн авсан. Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 7 км зам туулан 18:36 цагт очиж 1 цаг ажиллаж унтраасан.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 24 дүгээр хорооны “Эрдэнэ толгой”-н 1 дүгээр гудамжинд иргэн Д-ийн хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 01.31-ний өдрийн 00:41 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 2.5 км зам туулан 00:45 цагт очиж 30 минут ажиллаж унтраасан.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top