Сар шинийн баярыг өргөн хүрээнд тэмдэглэхгүй байх шийдвэрийг гаргалаа

J1A5913.jpg

Шинэ коронавирусын дэгдэлт, түүнээс урьдчилан сэргийлэх хүрээнд авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцэж Улсын онцгой комисс хуралдлаа. Улсын онцгой комиссын орлогч дарга, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд хурлыг даргалан явуулсан бөгөөд Монгол Улсын Засгийн газрын 30 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах, коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэн ажиллах хүрээнд гарч буй цаг үеийн асуудлуудыг нэгтгэн хэлэлцэж  дараах  шийдвэрийг гаргалаа.

–  БНХАУ-ын Ухань хот дахь Монгол оюутнуудыг тээвэрлэж ирэхэд шаардагдах 53 мянган ам.долларын зардлыг Засгийн газрын нөөц хөрөнгөөс гаргах

–  БНХАУ болон шинэ коронавирусын халдварын голомт газраас ирсэн, сэжигтэй иргэдийг өвчний нууц үеийг дуустал тусгаарлах

–  Уламжлалт сар шинийн баярыг гэр бүлийн хүрээнд тэмдэглэх,  Төрийн золголт болон аймаг, сум дамнасан болон бүх шатны төрийн, хувийн хэвшлийн аж ахуйн нэгж байгууллага, нутгийн зөвлөл, албан байгууллагууд, хамт олны золголт хийхгүй байх

-Сар шинийн баярын Үндэсний бөхийн барилдаан зэрэг нийтийг хамарсан спорт, урлаг, сургалтын арга хэмжээг явуулахгүй байх

-Эмнэлгүүдийн бэлэн байдлыг хангуулж, эмч мэргэжилтнүүд, резидент эмч нарыг дайчлан ажиллуулах

-Хүн амыг короновирусын халдвараас урьдчилан сэргийлэх зөвлөгөө мэдээллээр хангаж ажиллахад онцгой анхаарах

–  Хилийн боомтууд, галт тэрэг, нисэх буудлын нийт ажилчид, хил, гаалийн нэвтрэх хэсэгт онцгой нөхцөлд ажиллаж байгаа алба хаагчдын аюулгүй байдлыг хангах, нэг удаагийн хамгаалалтын хувцас хэрэглэлтэй болгох түүнд шаардагдах төсвийг шийдвэрлэж ажиллах

-БНХАУ-тай хиллэдэг хилийн боомтуудаар зорчигч тээврийн хэрэгслээр болон явганаар зорчих иргэдийн хөдөлгөөнд хяналт тавьж ажиллах, хилээр орж, гарч байгаа зорчигчдоос асуумж судалгааг нарийвчлан авах

-Короновирусаас урьдчилан сэргийлэх зөвлөгөө, зөвлөмжийг үүрэн холбооны оператор компаниудтай хамтран гар утсаар багц мессежээр зөвлөмжийг явуулах

–  Галт тэрэг, хот хоорондын автобус, Улаанбаатар хот дахь нийтийн тээврийн хэрэгслийг байнгын ариутгал халдваргүйжүүлэх, хяналтын постод ажиллаж байгаа ажилчдыг хамгаалах хэрэгсэл, ариутгалын бодисоор хангах, хот хоорондын зам дагуух хоолны газруудын ариун цэвэр, ариутгалын ажилд дэмжлэг үзүүлэх зэрэг ажлыг холбогдох байгууллагууд анхаарч ажиллахыг үүрэг болголоо. 

Өнөөдрийн байдлаар Монгол Улсад шинэ коронавирусын халдвар илрээгүй. Япон Улсад үйлдвэрлэгдсэн багажны тусламжтайгаар 24 цагийн дотор шинжилгээний хариуг бүрэн гаргаж байгаа бөгөөд 50 сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн нь шинжилгээний дүнд үгүйсгэгдсэн байна. Халуурсан, цээж давчидсан зэрэг шинж тэмдгийн улмаас сэжиглэгдэж тусгаарлагдсан 18 иргэн байна. Тэдний шинжилгээний эцсийн хариуг хүлээж байгаа аж. 

БНХАУ иргэдээ гадаад улс орнууд руу зорчих эсэхэд тодорхой хязгаарлалт тавьсан. Монгол Улс руу нэвтрэх хятад иргэдийн зорчих хөдөлгөөн эрс буурсан.

Түүнчлэн манай талаас жуулчны визийн олголтыг түр зогсоосон. Харин БНХАУ-аас эх орондоо өөрийн хүсэлтээр ирж буй бүх иргэдээ нэвтрүүлэх ажлыг шуурхай зохион байгуулж байна.

БНХАУ-ын ӨМӨЗО-ны Эрээн хотод 200 гаруй монгол иргэн багаа бөгөөд тус хотын Консулын газар болон холбогдох байгууллагуудтай хамтран 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр дөрвөн автобусаар авчрахаар хоёр тал тохиролцжээ.

Коронавирусын дэгдэлт гарсан ч  хилийн боомтуудыг хаахгүй, экспорт, импортын ачаа тээвэрлэлт болон бусад үйл ажиллагааг хорио цээрийн дэглэмийн хүрээнд үргэлжүүлнэ хэмээн Улсын Онцгой комиссоос шийдвэрлэлээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

scroll to top