“Хүний сайхан сэтгэл гэдэг хэзээ ч хуучирдаггүй” гэдэг үгээр ярилцлагаа эхлүүлмээр санагдлаа. Энэ үг зочныг минь илтгэх байх. Түүнийг Болдын Өлзийбат гэдэг. Тэрээр Дундговь аймгийн Онцгой байдлын газрын Говь-Угтаал сум дахь Улсын нөөцийн цэгт харуулаар ажилладаг юм.
-Шинэ оны эхэнд тантай ярилцах болсондоо баяртай байна?
Баярлалаа. Онцгой байдлын байгууллагын удирдлага болон нийт алба хаагчдадаа шинэ оны мэнд хүргэе. Тэгш тоотой сайхан жил эхэллээ. Хүн бүрийн сэтгэл өөдрөг тэнүүн, хийж бүтээх тэмүүлэлтэй байгаа байх гэж бодож байна.
-Тантай ярилцах болсон сэдэл минь их гэгээлэг. Энэ түүхийг таниар өөрөөр тань яриулмаар байна?
-Суманд аймгаас томилогдож очиж байгаа хүмүүсийг түр байрлуулах гэр олох боломжтой юу гэж Онцгой байдлын газрын дарга асуусан юм. Өнгөрсөн намар л даа. Тухайн үед нь болно оо гээд хэлээд мартчихаж. Гэтэл гэнэт суманд ажиллах хүмүүс ирж байгаа нөгөө гэрээ бэлдэж байгаарай гэдэг юм. Цаг нь ч тулсан байсан. Хаанаас, хэнээс гуйгаад явах уу гэж бодоод өөрийнхөө гэрийг буулгаад л барьж өгсөн. Эхнэр, хүүхдээ аваад хадмындаа амьдарсан даа.
-Тухайн үед эхнэр чинь давхар биетэй байсан гэсэн. Тэгээд ам бүл олуулаа. Гэр бүлийн хүн нь дургүйцаагүй юу?
Үгүй ээ. Харин ч зөвшөөрсөн. Ажил болохоор. Манай ам бүл тавуулаа. Удахгүй зургуулаа болно. Том нь 13, дунд нь 9, бага нь 7 настай. Би чинь энэ байгууллагын ажилтан, дээрээс ирсэн үүрэг даалгаврыг биелүүлэх учиртай шүү дээ. Тэрнээс биш өөдөөс нь боломжгүй, хаанаас олдог юм гээд тайлбар хэлээд суух ёсгүй гэж боддог.
-Энэ их сэтгэлийг тань үнэлж, таныг өргөө цагаан гэртэй болгосон байна?
Аймгийн Онцгой байдлын газрын хамт олон маань орон нутгаас өргөө цагаан гэр шийдвэрлэж өгсөнд маш их баяртай байна. Мөн ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал аймагт ажиллах үеэрээ сая төгрөгийн мөнгөн урамшуулал олгосон. Шинэ гэртээ, шинэ хүнээ угтаж авахыг л хүлээж байна. Үнэхээр их баяртай байгаа. Манай гэрийнхэн ч сэтгэл догдлон хүлээж авсан шүү.
-Ингэхэд хэддэх жилдээ үүрэг гүйцэтгэж байгаа билээ?
Удаагүй ээ. 8 сар л болж байна. Харуул авна гэсэн зараар орж ирсэн. Өмнө нь Онцгой байдлын байгууллагын талаар хүмүүсээс их сонсдог байлаа. Сайхан, бахархалтай алба шүү гээд. Бага байхдаа цэргийн хүн болно гэж мөрөөддөг байсан. Гэхдээ ар гэрийн шалтгаанаар малчин болсон. Мөрөөдөл минь биелдэг юм байна. Бусдын төлөө гэсэн чин сэтгэл байхад амьдрал өөрөө баялаг сайхан юм. Хийж чадна гэж надад итгэсэн болохоор л үүрэг даалгавар өгч байгаа шүү дээ. Тийм болохоор тэр их хүндлэл, найдварыг хэзээ ч алдахгүй ээ.
-Олон залууст итгэл, урам зориг хайрласанд баярлалаа. Танд хамгийн сайн сайхныг хүсэн ерөөе?
Та бүхэнд ч бас баярлалаа. Ажлыг хүн голдоггүй. Ажил хүнийг голно гэдэг шүү дээ. Тийм болохоор чин сэтгэлээсээ ажиллаж, хөдөлмөрлөхийг л хичээдэг. Шинэ ондоо зорьсон ажил, үйлс бүхэн нь сэтгэлчлэн бүтэхийн ерөөлийг “Онцгой мэдээ” сонины нийт уншигчдадаа хүргэе.
Эх сурвалж: “Онцгой мэдээ” сонин