Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Баруун аймгуудын нутгаар үүлэрхэг, Алтайн уулархаг нутгаар ялимгүй цас орно. Бусад нутгаар солигдмол үүлтэй, цас орохгүй.  Салхи баруунаас 5-10 м/с. Увс нуурын хотгор болон Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр 19-24 градус, Их нуурын болон Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг,  Хүрэнбэлчир орчим, Эг-Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Халх голын хөндийгөөр 14-19 градус, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 1 градус дулаанаас 4 градус хүйтэн, бусад нутгаар 8-13 градус хүйтэн байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас 4-9 м/с, 8-10 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 7-нд Хангайн уулархаг нутгаар ялимгүй цас орно. Бусад хугацаанд цас орохгүй. Салхи 8,9-нд зарим газраар 13-15 м/с хүрч ширүүснэ. 8-наас ихэнх нутгаар хүйтний эрч суларч  Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө 27-32 градус, өдөртөө 14-19 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг-Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 24-29 градус, өдөртөө 9-14 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай энгэр ээвэр газраар шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 14-19 градус, өдөртөө  0-5 градус хүйтэн байна.

2.Гал түймэр:

Хувийн өмчид гарсан: Дорноговь аймгийн Сайншанд сумын Буянт-Ухаа багийн 2 дугаар гудамжинд иргэн Б-ын гэр шатаж байна гэсэн дуудлагыг 02.05-ны өдрийн 12:11 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 33 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 4.5 км замыг туулан 12:15 цагт очиж, 5 ханатай гэр бүрэн шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан.

Дундговь аймгийн Сайнцагаан сумын Мандал багийн 24 дүгээр гудамжинд иргэн С-ын хашаанд 120 тонн өвс шатаж байна гэсэн дуудлагыг 02.05-ны өдрийн 13.29 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 25 дугаар ангийн 22 алба хаагч, 3 автомашинтай 3 км замыг туулан 13.34 цагт очиж, 120 тн өвснөөс 84 тн өвс шатаж байсныг 4 цаг 40 минут  ажиллаж унтраасан.

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Шадивлангийн 1 дүгээр гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 02.05-ны өдрийн 12:29 цагт хүлээн авсан. Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 74 дүгээр ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 7.5 км замыг туулан 12:40 цагт очиход иргэн Б-ын 12х8 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг 1 цаг ажиллаж унтраасан.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Баянхайрханы 23 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 02.05-ны өдрийн 18:37 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 3.5 км замыг туулан 18:42 цагт очиж, иргэн Б-ийн 4х7 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг 25 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Туулын 2 дугаар гудамжинд гэр хаус шатаж байна гэсэн дуудлагыг 01.05-ны өдрийн  21:56 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 2 км замыг туулан 22:01 цагт очиж, иргэн Г-ын 14х30 метрийн хэмжээтэй 3 давхар байшингийн дээврийн хэсэг, 5 ханатай 2 гэр тус тус шатаж байсныг 2 цаг ажиллаж унтраасан. Нэмэлтээр нийслэлийн Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 2 км замыг туулан 22:06 цагт очиж 2 цаг, Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 3.5 км замыг туулан 22:13 цагт очиж 30 минут ажилласан.

3.Мэдээлэл:

Обьектын гал түймрийн талаар: Өмнөговь аймгийн Баяндалай сумын Төхөм багийн “Хөндлөн дэрс” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 86 км-т, сумын төвөөс баруун хойд зүгт 20 км-т/ Малчин Ч-ийн өвөлжөө шатаж байна гэсэн дуудлагыг 02.05-ны өдрийн 10:34 цагт хүлээн авсан. Тус сумын Засаг даргын Тамгын газрын 12 ажилтан, 2 автомашинтай 20 км замыг туулан 11:10 цагт очиж, 1 цаг 20 минут ажиллаж унтраасан тухай Баяндалай сумын Засаг дарга Т.Отгонбаатар аймгийн Онцгой байдлын газарт мэдэгдсэн.

Увс аймгийн Тэс сумын Тооромт багийн задгай /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 180 км-т/ иргэн А-ын 6х8 метрийн хэмжээтэй 8 нэрийн хүнсний дэлгүүр шатаж байна гэсэн дуудлагыг 02.05-ны өдрийн 21:11 цагт хүлээн авсан. Орон нутгийн 50 иргэн, 8 автомашинтайтайгаар 4 цаг ажиллаж бүрэн унтраасан тухай мэдээллийг тус сумын Засаг даргын орлогч Г.Ядамжав аймгийн Онцгой байдлын газарт 02.06-ны өдрийн 01:10 цагт мэдэгдсэн.

Ахуйн осол: Дархан-Уул аймгийн Дархан сумын 15 дугаар баг, Их сургуулийн 4 дүгээр гудамжинд бага насны 3 хүүхэд хэрэглээний халуун усанд түлэгдэж нас барсан тухай мэдээллийг 02.05-ны өдрийн 17:19 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 2 алба хаагч, 1 автомашинтай 6 км замыг туулан 17:30 цагт очиход нас барсан Я /5 настай эмэгтэй/, А /4 настай, эмэгтэй/, Ц /1 нас 6 сартай, эмэгтэй/ нарын цогцсыг ЯТТТ-өөс аймгийн Нэгдсэн эмнэлэг рүү хүргэсэн байсан. Иргэн Ч-х Орхон аймгийн Баян-Өндөр сумын харьяат бөгөөд 2019 оны 9 дүгээр сараас Дархан-Уул аймгийн Дархан суманд гэр бүлээрээ түр ирж, иргэн Г-ын эзэмшлийн 4 өрөө байрны 1 өрөөг түрээслэж амьдарч байсан. Ажлын хэсэг тухайн айлд очиход угаалтуурын хэсэг бөглөрч хэрэглээний халуун ус хальж /шалнаас 2.5 см/ гоожсон байдалтай. Хальсан усан дотор уртасгагч залгуур цахилгааны эх үүсвэрт залгаатай орох боломжгүй байсныг аюулгүй болгож, цагдаагийн байгууллагын бүрэлдэхүүнтэй хамт орсон. Цагдаагийн болон прокурорын байгууллагаас ослын газарт үзлэг хийгдэж байна.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top