1. Эрэн хайх, аврах ажиллагаа:
Сураггүй болсон: Төв аймгийн Батсүмбэр сумын харьяат иргэн Б /30 настай, эрэгтэй/ 2015.10.26-ны өдөр тус аймгийн Эрдэнэ сумын ”Естийн рашааны-Ар хоёр юүндэн” гэдэг газар ойд самар түүхээр яваад сураггүй болсон тухай дуудлагыг 2015.10.31-ний өдрийн 01:35 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 13 алба хаагч, 2 автомашин, ар гэрийн 13 хүн, 2 автомашинтай, нийт 26 хүн, 4 техник хэрэгсэлтэйгээр 2015.10.31-ний өдрөөс эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, 2015.11.02-ны өдрийн 19:50 цагт Төв аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Н.Төмөрбаатар /сансрын холбооны иридиум утсаар/ “Минж” голоо дагасан мөрийг дагаад 3 хоног яваад мөргүй болсон, цааш явах боломжгүй, Минжийн халуун рашаанлуу Сэлэнгэ аймгийн Мандал сум /Зүүнхараа/ талаасаа эрлийн ажиллагааг үргэлжлүүлэх тухай мэдэгдсэн.
2. Аюулт үзэгдлийн талаар:
Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчний тухайд: 1 аймгийн 1 сумын нутагт “Гахайн сонгомол мялзан” өвчний 1, 2 аймгийн 4 сумын нутагт “Хонины цэцэг” өвчний 4, 1 аймгийн 1 сумын нутагт “Галзуу” өвчний 1, нийт 4 аймгийн 6 сумын нутагт 6 тохиолдлын голомтод тогтоосон хорио цээрийн дэглэм үргэлжилж байна.
Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр багийн “Малчин” хорооллын 1 дүгээ гудамжны 7 тоотод иргэн Т-н 5 гахай, мөн 2 гудамжны 5 тоотод иргэн М-н 5 гахай халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилснийг тусгаарлан, мөн хогын цэгт 12 гахай 2015.10.27-ны өдөр үхсэнийг булж устган, сэг зэмээс дээж авч УМЭАЦЛ-д шинжлэхэд 2015.10.30-ны өдрийн хариугаар “Гахайн сонгомол мялзан” өвчин болох нь;
Дорноговь аймгийн Сайхандулаан сумын Цохио багийн “Хүрэн хошуу” гэдэг газар малчин М-ийн 1 хонь 2015.09.28-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг тусгаарлаж, дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2015.09.30-ны өдрийн 1005 дугаар хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;
Дорноговь аймгийн Айраг сумын Сайн-Ус багийн “Авдрантын цагаан хад” гэдэг газар малчин Г-ийн 13 хонь, мөн сумын Нүдэн багийн “Дэлийн булаг” гэдэг газар малчин Л-ийн 23 хонь, нийт 36 хонь 2015.10.03-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилснийг тусгаарлаж, клиник шинж тэмдгийг үндэслэн “Хонины цэцэг” өвчнөөр өвчилсөн болох нь;
Сүхбаатар аймгийн Халзан сумын Сайншанд багийн “Гурван толгой” гэдэг газар малчин Г-ийн 98 хонь 2015.10.10-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилснийг тусгаарлан дээж авч УМЭАЦЛ-д шинжлэхэд 2015.10.16-ны өдрийн хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;
Дорноговь аймгийн Сайншанд сумын 3 дугаар багийн “Говийн зах” гэдэг газар малчин Б-ийн 2 хонь 2015.10.20-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилснийг тусгаарлан дээж авч УМЭАЦТЛ-д хүргүүлсэн. 2015.10.21-ний өдрийн 1105 дугаар шинжилгээний хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;
Хэнтий аймгийн Мөрөн сумын Өлзийт багийн “Дойдын-Энгэр” гэдэг газар малчин Т-ийн 1 үхэр 2015.10.17-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилсөн тул булж устган, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлэхэд 2015.10.19-ний өдрийн хариугаар “Галзуу” өвчин болон нь тус тус тогтоогдсон.
3. Объектын гал түймэр:
Нийслэлд гал түймрийн 1, орон нутагт гал түймрийн 1 дуудлагатай байлаа.
Нийслэлийн Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Эрдэм транс ХХК-ийн урд задгайд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 2015.11.03-ны өдрийн 03:27 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 18 дугаар ангийн 8 албан хаагч;
Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Эрчим багийн 55 дугаар гудамжны 16 тоотод гэр шатаж байна гэсэн дуудлагыг 2015.11.03-ны өдрийн 05:15 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 27 дугаар ангийн 7 албан хаагч тус тус ажиллаж унтраасан.
ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ГАЗАР