Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

   Өнгөрсөн хоногт: Баян-Өлгий, Увс, Хөвсгөл аймгийн нутгаар цас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

   Өнөөдөр: Ихэнх нутгаар үүлэрхэг. Баруун болон төвийн аймгуудын нутгийн ихэнх, зүүн аймгуудын нутгийн  хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи нутгийн зүүн өмнөд хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж 6-11 м/с, зарим нутгаар 13-15 м/с хүрч ширүүснэ. Ихэнх нутгаар хүйтэрч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 13-18 градус, Их нууруудын хотгор,  Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг,   Хүрэнбэлчир орчим, Эг Үүр,  Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул голын хөндийгөөр 8-13 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 3-8 градус дулаан,  говийн бүс нутгийн хойд хэсэг болон цас багатай энгэр газраар 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, бусад нутгаар 3-8 градус хүйтэн байна.    

Улаанбаатар хотод: Цас орж, цасан шуурга шуурна, салхи баруун өмнөөс хойш эргэж 5-10 м/с, зарим үед 12-14 м/с хүрч ширүүснэ, 3-5 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 13-нд баруун аймгуудын нутгийн өмнөд хэсэг, төв, говь, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 14-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр цас, 15, 16-нд нутгийн зүүн хэсгээр ялимгүй цас орж, цасан шуурга шуурна. Салхи 13-нд ихэнх нутгаар, 14, 16-нд говь, талын нутгаар 13-15 м/с хүрч ширүүснэ. Хүйтэрч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 38-43 градус, өдөртөө 22-27 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг-Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 29-34 градус, өдөртөө 15-20 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 17-22 градус, өдөртөө 5-10 градус, бусад нутгаар шөнөдөө 20-25 градус, өдөртөө 10-15 градус хүйтэн байна.

2.Гал түймэр:

Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хорооны “Баянгол”-ын 48 дугаар гудамжинд иргэн Н-ийн 6х6 метрийн хэмжээтэй граж, “Грейс” загварын микро автобус шатаж байна гэсэн дуудлагыг 02.11-ний өдрийн 13:16 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 6 км зам туулан 13:22 цагт  очиж 40 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Баянгол дүүргийн 9 дүгээр хорооны “Зүүн наран”-гийн 7 дугаар гудамжинд иргэн Ө-ийн 5 ханатай гэр, 3х4 метрийн хэмжээтэй амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 02.11-ний өдрийн 15:56 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 5 км зам туулан 16:06 цагт очиж 40 минут ажиллаж унтраасан.

3.Байгаль цаг уурын аюулт үзэгдэл:

Газар хөдлөлт: Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын Өлзийт багийн “Ямаан-Ус” гэдэг газар /сумын төвөөс баруун зүгт 30 км-т/ 02.12-ны өдрийн 02:02 цагт 4.7 магнитудын хүчтэй газар хөдлөл болсон тухай мэдээллийг ООГХ-ээс цахим шуудангаар 02.12-ны өдрийн 07:00 цагт ирүүлсэн. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын  Засаг даргын Тамгын газрын дарга Б.Буянзаяагаас тодруулахад иргэдэд чичирхийлэл мэдрэгдсэн бөгөөд хохирол учраагүй тухай мэдээлсэн.

4.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Бусад:  Завхан аймгийн Түдэвтэй сумын Ойгон багийн “Ойгон” нууранд /сумын төвөөс урд зүгт 40 км-т/  тус сумын нутгаар 2019.11.15,16-ны өдөр салхи 16-17 м/с хүрч цасан шуурга шуурсны улмаас 10 айл өрхийн 143 үхэр “Ойгон” нууранд мөс цөмрөн живж хорогдсон тул үхрийн сэг зэмийг нуураас гаграх ажиллагааг цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан тодорхой хугацаагаар хойшлуулсан байсныг тус сумын Засаг даргын 2020.01.31-ний өдрийн 3/51 дүгээр албан бичгээр үхрийн сэг зэмийг татан гаргах хүсэлтийг аймгийн Онцгой байдлын газарт ирүүлсэн. Тус аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Ө.Болдоор ахлуулсан 16 алба хаагч, 3 автомашин, Цагдаагийн газрын 2 алба хаагч, 1 автомашин, Байгаль орчин аялал жуулчлалын газрын 4 ажилтан, 1 автомашин,  тус сумын Засаг даргын Тамгын газрын 34 ажилтан, 5 автомашин, орон нутгийн 10 иргэн, 5 автомашин, нийт 66 хүн,15 автомашинтай  01.11-ний өдрийн 09:00-17:30 цагийн хооронд 5 бүлэгт хуваагдан 40 цооног гарган 44 үхрийн сэг зэмийг татан гаргасан. Мөсний зузаан 40-80 см байна. 02.12-ны өдрийн 09:00 цагаас дахин эхлүүлнэ.

Нийслэлийн Баянгол дүүргийн 4 дүгээр хороо Дулааны шугамын худагт эрэгтэй хүний цогцос байна гэсэн дуудлагыг 02.11-ний өдрийн 14:01 цагт хүлээн авсан. Нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн 5 алба хаагч, 1 автомашинтай 4.5 км зам туулан 14:09 цагт очиж удаж муудсан, /нэр, хаяг тодорхойгүй /30 орчим настай эрэгтэй хүний цогцсыг гаргаж тус дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн. 

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

                                                      

scroll to top