1.Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Улаанбаатар, Архангай, Булган, Завхан, Увс, Хөвсгөл аймгуудад цас орж, Дорноговь, Дорнод, Дундговь, Өвөрхангай, Сүхбаатар, Төв, Хэнтий аймгуудад цасан шуурга болсон.
Өнөөдөр: Нутгийн өмнөд хэсгээр үүлэрхэг. Баруун болон төв, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсэг, говийн аймгуудын ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи хойноос секундэд 6-11 метр, нутгийн өмнөд хэсгээр секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Хүйтний эрч чангарч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 19-24 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг-Үүр, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж,Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр 12-17 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 3-8 градус, бусад нутгаар 9-14 градус хүйтэн байна. Улаанбаатар хотод: Үүл багасна. Цас орохгүй. Салхи хойноос секундэд 7-12 метр. Хүйтний эрч чангарч 12-14 градус хүйтэн байна.
Төлөв байдал: 14-нд Өмнөговийн нутаг, Дорноговийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Бусад хугацаанд бүх нутгаар цас орохгүй. Салхи 14, 15-нд говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хүйтний эрч чангарч Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 36-41 градус, өдөртөө 21-26 градус, Увс нуур болон Дархадын хотгор, Хөвсгөлын уулс, Хүрэнбэлчир орчим, Эг-Үүр, Орхон, Ерөө голын хөндийгөөр шөнөдөө 31-36 градус, өдөртөө 17-22 градус, Хангай, Хэнтэйн уулархаг нутаг, Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 27-32 градус, өдөртөө 12-17 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 17-22 градус, өдөртөө 4-9 градус, бусад нутгаар шөнөдөө 21-26 градус, өдөртөө 8-13 градус хүйтэн байна. 16-наас ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч суларна.
2.Гал түймэр:
Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Налайх дүүргийн 1 дүгээр хороо, Уурхайчдын 14б-д иргэн Ц-ын эзэмшлийн 5 ханатай гэр эд хогшлын хамт шатаж байна гэсэн дуудлагыг 02.13-ны өдрийн 01:13 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн 6 алба хаагч, 2 автомашинтай 2.5 км замыг туулан 01:17 цагт очиж 15 минут ажиллаж унтрааж Налайх дүүргийн цагдаагийн хэлтэст хүлээлгэн өгсөн.
Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Алтан-Овоо багийн Хишиг хорооллын задгайд иргэн Э-ын гэр шатаж байна гэсэн дуудлагыг 02.13-ны өдрийн 01:15 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрдэнэцагаан суман дахь Гал түймэр унтраах, аврах 47 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 1 км замыг туулан 01:18 цагт очиж, 12 минут ажиллаж унтрааж сумын Цагдаагийн тасагт шилжүүлэн өгсөн. Уг гал түймэрт иргэн Э /33 настай, эрэгтэй/, Б /33 настай, эмэгтэй/, Х/14 настай, эмэгтэй/ нар өртөж нас барсан. Э нь гал гарах үед хүү Б /12 настай, эрэгтэй/, охин Б /3 настай, эмэгтэй/ нарыг гэрийн тооноор гаргасан. Охин Б-ийн зүүн гарын сарвууны арын хэсэг /1-р зэргийн/ түлэгдсэн.
Увс аймгийн Улаангом сумын 1 дүгээр баг 8 гудамжинд иргэн П-ын Тоёота према загварын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 02.13-ны өдрийн 02:06 цагт хүлээн авсан. Тус аймгийн Гал түймэр унтраах аврах 41 дүгээр ангийн 5 алба хаагч, 1 автомашинтай 02:18 цагт очиж 27 минут ажиллаж унтраасан.
3.Байгаль цаг уурын аюулт үзэгдэл:
Хүчтэй салхи, шуурга: Увс аймгийн Цагаанхайрхан сумын Далан хуруу багийн “Гүнд” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 210 км, сумын төвөөс баруун урд зүгт 50 км/ 02.12-ны өдрийн 10 цагийн орчимд иргэн О-ын 6 ханатай гэр хүчтэй цасан шуурганы улмаас унасан тухай мэдээллийг 02.12-ны өдрийн 14:30 цагт хүлээн авсан. Тус сумын Засаг даргын Тамгын газрын 5 ажилтан, 1 автомашинтай 50 км замыг туулан 20:50 цагт очиж хохирлыг тогтоон ажилласан.
4.Эрэн хайх, аврах ажиллагаа:
Эрэн хайх ажиллагаа /сураггүй болсон/: Увс аймгийн Улаангом сумын Улаангом сумаас Бөхмөрөн сумын чиглэлд 02.11-ний өдрийн 20 цагийн орчимд Портер, Субору форестэр загварын 2 автомашин, 5 зорчигчтой А /36 настай, эмэгтэй/, 27-45 насны 4 эрэгтэй сураггүй болсон тухай мэдээллийг 02.12-ны өдрийн 11:05 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 9 алба хаагч, 1 автомашин, Бөхмөрөн сумын ЗДТГ-ын 5 ажилтан, 1 автомашин, нийт 14 хүн, 2 автомашинтай 11:08 цагаас эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, Бөхмөрөн сумын төвөөс зүүн зүгт 50 км-т, Гурван жигэртэй багийн нутаг “Банзар” гэдэг газраас 11:42 цагт эсэн мэнд олсон.
Увс аймгийн Өндөрхангай сумын Жаргалант багийн “Сумтлай” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 256 км, сумын төвөөс баруун зүгт 20 км/ Малчин Ж /24 настай, эрэгтэй/ 02.11-ний өдрийн 21 цагийн орчимд малдаа яваад сураггүй болсон тухай мэдээллийг 02.12-ны өдрийн 13:25 цагт хүлээн авсан. Тус сумын Цагдаагийн хэсгийн 1 алба хаагч, орон нутгийн 14 иргэн 4 автомашин, 1 мотоцикл, нийт 15 хүн, 4 автомашин, 1 мотоциклтой 13:38 цагаас эрэн хайх ажиллагааг зохион байгуулж Жаргалант 2 дугаар багийн “Морьтын гуанз” гэдэг газар хүртэл нийт 40 км-т зохион байгуулж иргэн Б-ын гэрээс эсэн мэнд олсон.
Хэнтий аймгийн Мөрөн сумын Бүрээт баг “Цагаанчулуут” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 15 км, сумын төвөөс зүүн урд зүгт 20 км/ Малчин Б/23 настай эрэгтэй/, З /22 настай, эмэгтэй/, Э /1 настай, эрэгтэй/ нар “Верна аксент” загварын суудлын автомашинтай гэрээсээ зүүн урд зүгт 17 км зайд нутаглах малчин айлд хүүхэд хүргэж өгөөд 02.12-ны өдрийн 13:00 цагийн орчимд буцаж яваад сураггүй болсон тухай дуудлагыг 02.12-ны өдрийн 18:00 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын 5 алба хаагч, 1 автомашин, Мөрөн сумын ЗДТГ-ын 5 ажилтан, 1 автомашин, нийт 10 хүн, 2 автомашинтай 18:03 цагаас эрэн хайх ажиллагааг эхлүүлж 21:06 цагт Цагаанчулуут гэдэг газраас /гэрээс нь урд зүгт 6 км/ эсэн мэнд олсон.
Баянхонгор аймгийн Заг сумын Залаа овоо 4 дүгээр багийн ‘’Ихэр’’ гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 200 км, сумын төвөөс хойд зүгт 10 км/ Иргэн А /48 настай, эрэгтэй/ 02.12-ны өдрийн 15:00 цагийн орчимд малдаа явган яваад сураггүй болсон тухай дуудлагыг 02.12-ны өдрийн 23:20 цагт хүлээн авсан. Тус сумын 7 иргэн, 2 автомашинтай 20:00 цагаас эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн.
Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 5 дугаар баг /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 35 км/ “Шар бүрд” гэдэг газарт очихоор иргэн Л /80 настай, эрэгтэй/, Портер автомашинтай аймгийн төвөөс 17:00 цагийн орчимд гараад одоог хүртэл сураггүй байна гэсэн дуудлагыг 02.12-ны өдрийн 23:05 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн 5 алба хаагч, 1 автомашинтай 00:10 цагаас эрэн хайх ажиллагааг эхлүүлж Сүмбэр сумаас зүүн хойд зүгт 40 км “Зүлэгт” гэдэг газраас эсэн мэнд олсон.
Дундговь аймгийн Адаацаг сумын Улаанбаатар хотоос Дундговь аймгийн Адаацаг сумын чиглэлд иргэн П /29 настай, эмэгтэй/ Л-ийн эзэмшлийн Харейр суудлын автомашинтай иргэн А/61 настай, эмэгтэй/ Е/7 настай, эмэгтэй/, М /2 настай, эмэгтэй/, Е /4 сартай, эрэгтэй/ нар 15:00 цагийн орчим гараад одоог болтол сураггүй байна гэсэн дуудлагыг 02.12-ны өдрийн 00.06 цагт хүлээн авсан. Ар гэрээс нь 9 иргэн, 3 автомашинтай 00.20 цагаас эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн. Нэмэлтээр Аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах бүлгийн 4 алба хаагч, сумын 4 иргэн, 1 эмч, 1 автомашин, нийт 18 хүн, 4 автомашинтайгаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.
Бусад: Завхан аймгийн Түдэвтэй сумын Ойгон багийн “Ойгон” нуурт /сумын төвөөс урд зүгт 40 км-т/ тус сумын нутгаар 2019.11.16-ны өдөр салхи 16-17 м/с хүрч цасан шуурга шуурсны улмаас 10 айл өрхийн 143 үхэр “Ойгон” нуурт живж хорогдсон тул үхрийн сэг зэмийг уснаас татан гаргах ажиллагааг цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан тодорхойгүй хугацаагаар хойшлуулсан байсныг тус сумын Засаг даргын 2020.01.31-ний өдрийн 3/51 дүгээр албан бичгээр үхрийн сэг зэмийг татан гаргах хүсэлтийг аймгийн Онцгой байдлын газарт ирүүлсэн. Тус аймгийн Онцгой байдлын газраас 16 алба хаагч, 3 автомашин, Цагдаагийн газраас 3 алба хаагч, 1 автомашин, Байгаль орчин, аялал жуулчлалын газраас 4 хүн, 1 автомашин, сумын Засаг даргын Тамгын газраас 8 хүн, 1 автомашин, ерөнхий боловсролын сургуулиас 12 хүн, 3 автомашин, хүн эмнэлгээс 8 хүн, 1 автомашин, хүүхдийн цэцэрлэгээс 6 хүн, 1 автомашин, орон нутгаас 29 иргэн, 5 автомашин, нийт 86 хүн, 16 автомашинтайгаар ажилласан. Мөсний зузаан 40-80 см, нуурын захаас 200-300 метрт 30 цооног гаргаж 30 үхрийн сэг зэм гаргасан.
Нийслэлийн Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо Жаргалант хотхоны хашаанд Эко Бүтээл ХХК-ийн “Маяти” загварын автомашин далангийн ирмэг дагуу хазайж айлын байшин дээрээс унах гээд байна гэсэн дуудлагыг 02.12-ны өдрийн 11:54 цагт хүлээн авсан. Нийслэлийн Аврах ангийн 5 алба хаагч, 1 автомашинтай 42 км замыг туулан 12:39 цагт очиж 3:13 цаг ажиллаж аюулгүй болгон ХУД-ийн цагдаагийн 2 дугаар хэлтэст шилжүүлэн өгсөн.
Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Тосонцэнгэл сумаас Их-Уул сумын чиглэлд иргэн А-ын “Адевон” загварын суудлын автомашин замын хажуу руу гулган орж цасанд суусан явах боломжгүй болсон тухай дуудлагыг 02.12-ны өдрийн 13:32 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Тосонцэнгэл сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 39 дүгээр ангийн 2 алба хаагч, 1 автомашинтай 11 км замыг туулан 14:50 цагт очиж, 15 минут ажиллаж тус автомашиныг татаж гаргасан.
Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын Лхүмбэ багийн “Долцон-Ухаа” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 105 км, сумын төвөөс зүүн урд зүгт 35 км/ 11 зорчигчтой Приус-10 загварын автомашин, Приус-11 загварын автомашинууд цасанд суусан тухай дуудлагыг 02.12-ны өдрийн 19:33 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Түмэнцогт суман дахь Эрэн хайх аврах бүлгийн 4 алба хаагч, 1 автомашинтай 35 км зам туулан 20:42 цагт очиж, 20 минут ажиллаж цасанд суусан 2 автомашиныг татаж гаргасан.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР